Удамт Буриадын хөвүүн, яруу найрагч Балдансодномын Энхжаргал “Шүүдрийн зөрөг” (1995), “Сарны улирал” (2003), “Ээжээ хүү чинь” (2005), “Цаг хугацааны залбирал” (2007), “Цаад эргийн цаана” (2025) зэрэг олон ном хэвлүүлсэн.
Манай яруу найргийн нэгэн шинэ хандлага болсон “Хүрээ хөвгүүд”-ийн утга зохиолын үзэл баримтлалд “люмпенпастухын” гэсэн нэг томьёолол байдаг билээ. Энэхүү томьёоллын гол санаа нь хөдөөгийн буюу үгээгүй малчны яруу найрагчид цөм хотод ирж суучихаад хөдөөгөө санагалзан уянгалж бичдэг хэмээх үзэл баримтлал. Харин энэхүү үзэл баримтлалд хариу өгөхөөр хоёрхон яруу найрагчийн нэг нь Данзангийн Нямсүрэн агсан, нөгөөх нь Балдансодномын Энхжаргал гэж хэлж болно. Тэрбээр буриадын буйдхан Биндэр тосгондоо нэгэн насаар ижийтэйгээ сууж шүлгээ тэрлэсэн бөгөөд өдгөө тэрхүү яруу найргийн ертөнцдөө ганцаар суун шүлэглэсээр авай.
Цаад эргийн цаана
Цагаахан хус ялгарч
Янзтай гоё үзэгдэх
Үл мэдэх зүгээс хийсч ирэн
Хэсэгхэн сатаарснаа
Хэрхэн дахин жигүүрлэн одох
Орчлонгийн тунгалаг хязгаарт тийн суусандаа ч байдаг болов уу, түүний шүлгүүд тунгалаг гэмээнэ тунгалаг. Тиймийн учир энэхүү яруу найрагч “эргийн цаана” гарчихсан бөгөөд түүнийгээ өөрийн яруу найргаараа яруу тунхагласаар буй.
Ертөнцийн зохицол төгс байдлыг бишрэхгүй байхын аргагүй
Юмс үзэгдлийн гоо сайхныг манан будан халхлахгүй
Өвсөн дунд шувууны өндөг илхэн хэвтдэг эх орон
Өлмий шүргүүд бүсгүйн үзэсгэлэнд шүүдэр бөмбөрдөг Эх орон
Б.Энхжаргал шиг гагц үгийн шидэнд автан өөр ямар ч хүсэл шуналгүй туурвигч өдгөө нэн ховордсон, тиймээс Б.Энхжаргал яруу найргийг нэр төр, шагнал, амьдрах арга болгогч хүн сүргээс өөр билээ. Монголын тусгаар тогтнол, соён гэгээрэл, урлагийн амьдралд Буриадууд маш үүрэг гүйцэтгэж ирсэн, өнөөдөр үргэлжилсээр буй бөгөөд тэдгээрийн дотор цэвэр яруу найргийн хөгжилд мөн томоохон орон зайтай Балдансодномын Энхжаргал түүнийг монголын яруу найраг эргэж нэг унших цаг нь хэдийнээ болсон.
Утга зохиол судлаач, доктор Ph.D, профессор Г.Батсуурь
2026-06-03


