Монгол сурагч, оюутнууд Өрнөд Европод суралцаж эхэлсний түүхт 100 жилийн ой энэ 2026 онд тохиож буй. Нэгэн зууны тэртээ буюу 1926 онд дунд сургуулийн боловсролтой 40 шахам хүүхэд залуус “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас” эрдэм өвөртлөн ирэхээр хөлгүй их далай гатлаж, харь гүрнийг зорьсон билээ.
Ардын хувьсгал ялсны дараа Монгол Улсын удирдагч нар гуравдагч хөршийн эрэлд мордож, МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж Өрнөд Европын 10 улсад айлчилсан бөгөөд тэрбээр 1926 онд Герман, Франц зэрэг улсад айлчилсны дараагаар Засгийн газар “Олон үйлдвэрийн дунд ба дээд эрдмийг эзэмшихээр” эдгээр улсуудад оюутан сурагчдаа илгээж эхэлжээ.
Тэртээх нэгэн зууны өмнөөс эхэлсэн түүхэн явдалд зориулан Архивын ерөнхий газар, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Монголын Үндэсний музей, Монголын Үндэсний номын сан, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив хамтран “Алс газар сурахаар одогсод: 100” сэдэвт архивын баримт, гэрэл зураг, эд өлгийн үзэсгэлэнг зохион байгуулж, Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл нээж үг хэлэв.
Тус үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй эдгээр сурагчдын намтар түүхэнд холбогдох ховор сонин баримтуудыг дэглэн толилуулж буйгаас гадна ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр 2024 оны 02 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд гардуулан өгсөн 1926-1930-онд Герман улсад суралцсан хүүхдүүдийн визийн мэдүүлгийн анкетуудын хуулбар баримтыг анх удаа олон нийтэд үзүүлж байна.
Мөн тухайн үед Германд сурч байсан Төрийн шагналт Л.Намхайцэрэн, Гавьяат багш С.Бавуу, БНМАУ-аас БНАГУ-д суух Элчин сайдын яамны Соёл, хэвлэлийн атташе Б.Доржсүрэн нарын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг; Тангуулын ерөнхий газрын Тусгай архиваас Д.Нацагдорж, Д.Намдаг нарыг хилс хэрэгт холбогдуулан баривчилж байцаасан архивын баримт багтаж байна. “Алс газар сурахаар одогсод: 100” архивын баримт, гэрэл зураг, эд өлгийн үзэсгэлэн Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй үзүүлнэ.



