Монгол Ардын намын Бага хурлын II хуралдааны эхэнд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” сэдэвт улс төрийн илтгэл тавив.
Тэрбээр “Эрх чөлөө бол итгэлцэл юм. Эрх чөлөө бол хүч юм. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн амьсгалах агаар юм. Эрх чөлөө бол эмх замбараагүй байдал биш ээ. Эрх чөлөө бол шударга ёс, эв нэгдлийн гагнаас юм. Ийм энгийн бодит үнэнийг эрхэмлэн “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-өө илтгэлээ Та бүхэндээ толилуулж байна” хэмээв.
Мөн “Манай улс дэлхийг нөмөрсөн цар тахал, түүний сүүдэр болсон худалдаа, тээвэр логистикийн хүндрэл, үнийн өсөлтийн сөрөг нөлөөнөөс салангид тусдаа байгаагүй нь үнэн ч, алдаа дутагдлаас хаацайлах шалтгаан энэ биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэнийг үнэнээр нь хүлээн зөвшөөрч, алдаагаа ч оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно” гэлээ.
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” гэдэгт:
1. Эдийн засгийн чөлөөлөлт
2. Эрх зүйн чөлөөлөлт
3. Ногоон хөгжлийн чөлөөлөлт
4. Авлигын эсрэг чөлөөлөлт гэж дурдлаа.

МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал мөн авлигын эсрэг чөлөөлөлтийг Ардын нам өөрөөсөө эхэлнэ. Авлига дугуй засварчнаас нэхдэг галын дүгнэлтээс эхлээд салбар бүрд шат бүхэнд идээ бээр нь бугшсан нийгмийн хорт хавдар болжээ. Авлига Монголыг идэж байна. Авлига Ардын намыг идэж байна. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна.
1. Монгол Ардын намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай. Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх,
2. Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа,
3. Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.
Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын Ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна. Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа Монгол Ардын намын гишүүнчлэлээ сэргээлгэх эрх нь нээлттэйг энэ ташрамд сануулъя гэлээ.

