Thursday, February 20, 2025

Соёлын гавьяат зүтгэлтэн Ломбын Нямаа багшийн “Гүн ухааны алаг чулуу”-наас түүсэн шигтгээ

Date:

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, нэрт соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч Ломбын Нямаагийн мэндэлсэн өдөр тохиож байна. Тэрбээр сэрүүн тунгалаг байсан бол өнөөдөр 80 нас хүрэх байв. Хан Хэнтийн яруу найргийн дэг сургуулийг үндэслэсэн эрхэм багш, яруу найрагч, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч энэ эрхэм хүмүүн XVI жарны хөхөгчин тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрвөн буюу 1945 оны хоёрдугаар сарын 16-нд Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Хөмөлийн голд төржээ.

Тэрбээр 1965 онд Биндэр сумын бага сургууль төгсөж, улмаар 1970 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр дүүргэжээ. 1971 оноос Хэнтий аймгийн Заах аргын кабинетэд арга зүйч, Өмнөдэлгэр, Батширээт, Өндөрхааны дунд сургуулиудад хичээлийн эрхлэгч, захирал, Хэнтий аймгийн Боловсролын төвд арга зүйчээр ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжин суурьшиж, Чингис хааны нэрэмжит “Их Засаг” их сургуулийн “Чингис соосэ” олон улсын харилцааны сургуульд багшаар ажиллаж байв.

1960-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба, Ш.Лувсанвандан тэргүүтэй Монголын хэл бичиг, утга соёл, уран зохиолын ноён оргил болсон гайхамшигт эрдэмтэн мэргэдээс оюуны шим, номын авшиг хүртэн эрдэм, боловсролын замд цуцалтгүй шамдаж эхэлсэн билээ. Энэ үеэс түүний бүтээлүүд  төв, орон нутгийн тогтмол хэвлэлүүдэд хэвлэгдсээр ирсний дээр “Монголын уран зохиолын дээжис” 108 ботийн 4, 61 дүгээр ботиудад “Балдан зураач” шүлэг, зохиолч өөрөө болон хүмүүсээс бичсэн захидлууд нь, “Монголын сонгомол яруу найраг” антологид “Миний амьдардаг ертөнц” шүлэг нь тус тус нийтлэгдсэн байна. 

Тэрбээр “Миний зуун”/1986/, “Хүн танаа өргөх өчил буюу гүн ухааны алаг чулуу”/2005/, “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором”/2006/,  “Миний амьдардаг ертөнц”/2015/, “Элегия хязгааргүй”/2024/ яруу найраг, ярилцлага, нийтлэлийн ном туурвижээ.

Хан Хэнтийн яруу найргийн сургуулийн дэгийг буй болгоход ихээхэн нөлөөлсөн төдийгүй 1990-ээд оны Монголын яруу найргийн шинэчлэлийг түүчээлэгчдийн багш нь байв. Тиймээс 1970-аад оноос өнөөг хүртэл эрдэм, номын хишиг хүртээж, уран бүтээлийн замд хөтөлсөн мянга мянган шавьдаа “Номын багш” хэмээн хүндлэгдсэн юм.

Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Нямаа 2005 оноос насан эцэс болтлоо 20 гаруй жил “Их Засаг” олон улсын их сургуулийн “Чингис соосэ” цогцолбор сургуульд багшлан, олон мянган шавь бэлтгэн гаргасан бөгөөд сургуулийнхаа яруу найргийн дугуйланг удирдан хичээллүүлж Монголын уран зохиолын залуу үеийн бэлтгэн гаргахад өөрийн ухамсарт амьдралаа зориулсан эрдэмт багш, нэрт соён гэгээрүүлэгч байлаа.    

Яруу найрагч Л.Нямаагийн уран бүтээл, соён гэгээрүүлэх үйл хэргийг үнэлж 2003 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит шагнал хүртээж, 2007 онд “Ард түмний гавьяат соён гэгээрүүлэгч” цол, “Алтангадас” одон, 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тус тус хүртээжээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Ломбын Нямаа багшийн онч үгсээс

“Гүн ухааны алаг чулуу” бодрол бясалгалын мөртүүдээс

-Санаа алдахдаа ертөнцийн гүнийг мэдэрдэг.

-Уйтгар гуниг бол хүний зүрхэнд болж буй цөлжилт юм.

-Д.Урианхай бол Бурхан багшаас монголчуудад таалгах гэж ирүүлсэн оньсого юм.

-Орчлонгийн сав бүхэн дүүрэн байдаг.

-Нуруундаа зодуурын шархтай хүн чулуу байдаг.

-Аргалын үнэр алсын зууных шиг санагдана.

Харанхуйн дунд алсын юмсын мөн чанар илхэн  харагдах үе байдаг.

-Могойн гоо сайхан ялагдашгүй чанар нь хор гаргадагтаа байдаг.

-Хүний зүрх чулуу болчихсон байхад харц нь хүнийх байдаг.

-Залуу насны баяр баясгалан духны үрчлээнд бүдэрдэг.

-Хүн чулууны сүүдэрт хүний түүх амардаг.

-Хэн түүхийг үгүйсгэнэ, тэр түүхээс арчигдана.

-Хүмүүжлийн философигүй улсад хүн араатан олширно.

-Санамсаргүй тохиолдол бүхний үр дүн аугаа их байдаг.

-Хүн өөрөө өөрөөсөө л төрдөг юм.

-Би ганцаардаж шаналахаараа өөрийнхөө мөн чанарыг илүү мэдэрдэг.

-Өнөөдөр ч гэсэн эртний өдрүүдийн шинжийг агуулдаг.

-Бурхны ганцхан үгэнд тэнгэр, наран оршмуй.

-Монголчууд философиос зугтсаар улс үндэстнээ оршуулах оршуулгын газар руу дөхөн дөхсөөр байна.

-Хаа хүрэхийг нь мэдэхгүй замаар бүү яв. Тэр зам… там руу явсан зам байж мэднэ.

-Орчлонд цөвүүн цагийн аюул нүүрлэхийн цагт эхийн хэвлийгээс “хүн чулуу” төрөх нь байдаг.

-Түүх улиран одох тутам хүн чулууд бие биеэ санагалзах нь ихэсдэг.

-Коммунистуудын хүнийг хорлож алах гэж асгасан хорыг хүмүүс дурлан долоох юм. Тэрний шагнал одон медаль юм.

-Өөрийнхөө бүхий л үйл хэрэг, бүтээл туурвилыг дотоод сэтгэл, далд ухамсраараа шалгуулж байдаг.

-Зовлонтой хүнд цаг хугацаа үл өнгөрнө. Зовлон бэрхшээл цаг хугацааг зогсоодог ч зовлонгоос үүдэлтэй ухаарал, сургамж цагийн зүүг хөдөлгөж өгдөг. Тэр нь цаг хугацааны хуулийг дагадаг эсэхийг үл мэднэ.

-Нүүдэл бол зовлон юм. Зовлон болбоос ухаарал юм. Ухаарал бол хөгжил мөн. Суурьшил бол жаргал юм. Жаргал бол тансаг цэнгэл юм. Тансаглал бол мөхөл юм.

-Би хаа нэг газраас шидсэн чулуу шиг  бөмбөрцгийн хамгийн том зай эхийн хэвлийд ирсэн юм.

-Хүн төрөлхтөн бөмбөрцөг дээр гишгээд тэнцвэрээ олж ядан байгаа хүүхэд юм.

-Дурсамж нь хойч үед зориулж бичсэн зүрхний бичээс юм.

-Далайн ганцхан дусал ч далай мөн.

-Үндэсний ухамсрын “тэсрэлт” юу вэ? Хүн бүр эх түүхээсээ дахин төрөхийг хэлмүй.

-Цаг хугацаа намайг үзэн ядаж бас хайрлаж энхрийлнэм.

-Мөнх тэнгэр биднээс холдон холдсоор байна.

Эргэцүүлэл

Ганцаардал хүнийг бодох, санах, мөрөөдөхүйн хязгаар луу хөтөлж одно. Ганцаардал болбаас хол одохой, холыг бодохуйн хөтөч юм. Хүмүүний ертөнцийн буй юм бүхэн хүнийг ганцаардал руу түлхдэг юм. Олны дунд амьдарч байгаа хэрнээ ганцаардах нь одоогийн хүний амьдрал зэрлэгшиж хүмүүний амьдрал төрөлх чанараа алдсаных л болов уу даа. Ганцаардлын гайхамшгийг дорно дахин олж таньсан юм. 

Эргэцүүлэл

Зэн буддизм ба орчин үеийн ертөнцөд хүн өөрийн Би-гээ бүтээхийн тулд яах вэ. Би-гийн оргилд гарахын тулд хурц ухаан, асар их хатуужил хэрэгтэй. Орчин үед хүмүүс хүний өчүүхэн чанарыг тодорхойлсон либериализмын явцуу үзэл, коммунист үзэл буюу дарангуйлал, аж үйлдвэржилт рүү татагдаж ордог. Чи дээд Би-гээ ол. Тэнд чиний жинхэнэ эрх чөлөө байдаг. Дээд Би гэж юу вэ. Өөрийгөө төгс ухамсарлах, хүний ертөнцөд дотоод мөн чанарыг ухаарах ухаарал юм. Дээд Би хязгааргүй.

Уран зохиол, яруу найргийн тухай

-Сайн шүлэг уншиж жаргах сайхан шүү.

-Яруу найрагч хүнд зовлон байдаг бол “шүлгэнцэр” бичих зовлон байдаг байх.

-Тэнгэрийн дор жинхэнэ найрагч байна гэдэг тийм ч амархан хувь заяа биш.

-Миний эхлэл төгсгөлөө агуулж буй гэж Т.Элиот шүлэглэсэн. Миний бодлоор яруу найрагчид амьдралын төгсгөл, эхлэлийг агуулж байдаг.

-Яруу найраг оюун ухааны тэнгэрээс асгарсан зөөлөн бороо юм.

-Ноён хутагтын яруу үгс ертөнцийн хязгаарыг эзэгнэнэ.

-Яруу найрагчид ард түмний оюун санаанд шингэж, ард түмэн нь яруу найрагчийнхаа бүтээл туурвилд шингэж агуу их түүхийг бүтээдэг юм.

-Жинхэнэ яруу найрагч шүлгэндээ өөрийгөө хадгалж үлдээгээд одмуй.

Ломбын Нямаа багш “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийн шавь нартайгаа Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн тоонот Бүрхийн төгөлд. 2014 оны есдүгээр сар.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Эрдэнэс критикал минералс” болгон өөрчиллөө

Засгийн газрын хуралдаанаар “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг...

Айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг сэргээнэ

Цахилгаанаар халаалтаа шийдвэрлэсэн айл өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гэр...

“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг...

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг улирал тутамд олгох байр суурьтай байна

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газраас...