Домог гэж юу вэ. Эртнээс нааш амаар үе улиран уламжлан ирсэн түүхт үйл явдал, ер бусын үзэгдэл юмны тухай хууч яриаг домог гэнэ. Товчхондоо домог бол өнгөрсөн цагийн үйл явдал. Тэгвэл амьд домог гэж юуг хэлэх вэ. Өнгөрсөн цагийн агуу үйл явдал өнөө цагт амилан босож ирэхийг хэлэх үү. Тийм зүйл байж болох уу. Өөрийнхөө асуултад өөрөө хариулчихъя. Болно, болно. Рок, попын амьд домог “Чингис хаан” хамтлагийг дурдахад хангалттай. “Чингис хаан” бол домог ч мөн, амьд домог ч мөн.
Домог гэдгийг нь батлах гэж зовохгүй. XX зууны сүүлийн арван жилийг “Чингис хаан” хамтлаг байлдан дагуулсан юм. Монгол оронд ардчиллын салхи дөнгөж сэвэлзсэн 1989 онд байгуулагдсан энэ хамтлаг 10 жилийн дараа буюу 1999 онд “XX зуун” тоглолтоо гурван өдөр дараалан хийж, жинхэнэ “бут авч” байсныг шүтэн бишрэгчид нь мартаагүй. Тоглолтын танхим гадна, дотногүй пиг дүүрэн үзэгчтэй, алга ташилт тасралтгүй нижигнэсэн уг тоглолтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “XX зууны домогт концерт” хэмээн дуу нэгтэйгээр бичиж байсан билээ. Гурван өдөр Улаанбаатарыг доргиосон “ХХ зуун” тоглолтынхоо хаалтыг гурван жилийн дараа 2002 оны гуравдугаар сард хийж, “Чингис хаан” хамтлаг ээлжит байлдан дагуулалтаа хийсэн юм. Уг тоглолтын дараахан буюу 2002 оны тавдугаар сарын 31-нд Монголын рок хөгжмийн дээд шагнал гардуулах “Алтан микрофон” наадмаас “Чингис хаан” хамтлаг “Монголын рокийн амьд домог″ дээд шагналыг хүртсэн түүхтэй. Ингэж домог амилсан юм. Албан ёсоор “Амьд домог” дээд шагнал гардсанаасаа яг нэг сарын дараа 2002 оны зургадугаар сарын 31-нд АНУ-ын нэрт кино жүжигчин Стивен Сигалийн нэрэмжит “Холливүүдийн алтан од” (Golden star Hollywood) цомыг “Чингис хаан” хамтлагийнхан нэрт жүжигчний өөрийнх нь гараас авч байжээ. Энэ бол домог мөн.
“Чингис хаан” хамтлаг АНУ, Англи, Герман, Чех, Польш, Унгар, Швед, Ирланд, БНСУ, БНАСУ, Орос, БНХАУ гээд дэлхийн бараг бүх улс орноор аялан тоглож, үзэгчдийг нь байлдан дагуулсан юм. Монгол орноороо тойрон аялан тоглосон нь нэг бус удаа. Хамгийн сүүлд 2022 онд бүх аймгаар тойрон “XXI зуун” тоглолтоо толилуулсан бол маргааш нийслэл Улаанбаатар хотод, Төв цэнгэлдэх хүрээлэнд рокийн сүр хүчийг үзүүлэх гэж байна.
Монголын рокийн амьд домог “Чингис хаан” хамтлагийн дуунууд монголчуудыг 24 жилийн турш байлдан дагуулжээ. Цөөхөн хэдээс нь дурдахад л хэн хүний зүрх сэтгэлд тухайн дуу он цагтайгаа, дурсамж түүхтэйгээ амилан босож ирнэ гэдэгтэй маргах юмгүй. 1989 онд зохиогдмогцоо өнөөгийнхөөр бол хит болсон дуу бол “Аяа, анд минь чи хаалгыг минь тогшооч”.
Наран саран ээлжлэн ээлжлэн
Нэг л мэдэхэд насыг нэмнэ
Нүгэл буяныг дэнслэн дэнслэн
Нэг л мэдэхэд жилийг тойрн
Намар намраар алслан холдох
Гэгээн багын өдрөө дурсана
Наслах тусмаа сэтгэл зөөлөрч
Бусдын гэмийг уучлах болно
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч…
Монголын рок, попын ертөнцийн хаалгыг тогшиж биш цөм өшиглөж орж ирсэн “Чингис хаан” хамтлагийн дараа дараачийн хитүүд “Шилийн богд”, “Чингисийн баатрууд”, “Хуримын дуу”, “Нүдэн охин”, “Зургаа дөчин тав”, “Тамирчны ялалт хямдхан олдоогүй”, “Харийн нутагт давчдаад байна”, “Баяртай хуучин он минь баяртай”, “Нарлаг Монгол орон” гээд үргэлжилнэ.
Та бидний итгэлийг алдаагүй
Тамирчны ялалт хямдхан олдоогүй хэмээсэн дуу нь Төрийн далбаагаа харийн тэнгэрт мандуулж, нүдэндээ нулимстай зогсдог тамирчдын сүлд дуулал болон эгшиглэсээр байгаа. Цаашид ч эгшиглэх нь тодорхой.
Хамтлагийн ахлагч Ардын жүжигчин Д.Жаргалсайханы үг, аяыг нь зохиож дуулсан “Төрсөн өдрийн дуу”-гийгээр төрсөн өдрөө тэмдэглэдэг монгол хүн байхгүй гээд хэлчихэд хилсдэхгүй ээ. Сүүлд энэ дууг рок, попын бүх одод дуулсан билээ. Харь хол хүний нутагт ажиллаж, амьдарч байгаа монголчуудын сүлд дууг “Чингис хаан” хамтлаг амилуулсан гэж хэлж бас болно.
Харийн нутаг давчдаад байна
Харсан зүгтээ гүймээр байна…
Хэдхэн жилийн өмнө дуулсан “Гүрэн Монгол чинь хүлээж байна” дуу нь дэлхийн дайдад тархсан монголчуудын элэг зүрхний дуудлага бол 1990-ээд онд дуулсан “Чингисийн баатрууд” дуу нь монгол хүмүүний омогшил, бахархлыг дуулал билээ. “Ээждээ яарсан сэтгэл”, “Шувууд нутаг буцаагүй”, “Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг”, “Чамайг юу ч өөрчлөөгүй”, “Эгшин тасрахгүй амьдрал”… Энэ бүхэн Монголын эгшиг аялгуугаар бичсэн домог. Энэ бүхнийг дуулсан “Чингис хаан” хамтлаг Монголын рокийн амьд домог юм аа.
Маргааш болох “Чингис хаан” хамтлагийн “ХХI зуун” тоглолтод МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг, СТА С.Сэрчмаа, СТА С.Наран, дуучин Наагий, “Хар сарнай” хамтлаг, “Niciton” хамтлаг, “Guys” хамтлаг, “Киви” хамтлаг гэх мэт олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид ирж ая дуугаа өргөж, бүхий л оддын чуулган нэгэн өдөр болно. Домог амилна. Домог үргэлжилнэ.
СЭТГҮҮЛЧ Г.СОНИНБАЯР