Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга Ч.Батзоригтой ярилцлаа.
-Ойрын өдрүүдэд автомашины хөдөлгөөн нэмэгдэж, их, бага хугацаагаар түгжрэл үүсэж байна. Үүнийг бууруулах, түгжрэл бий болохоос урьдчилан сэргийлж, ямар арга хэмжээ авахаар төлөвлөөд байна вэ?
-Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан удирдлага зохион байгуулалтын хэд хэдэн арга хэмжээ авна. Тухайлбал, нийтийн тээврийн урсгалыг нэмэгдүүлж байна. Мөн сургууль, цэцэрлэг эхлэхтэй зэрэгцэн зам, шугам сүлжээний засвар үйлчилгээний ажил хийдгийг энэ удаад бууруулж, зогсоож байгаа. Эдгээрээс гадна өмнө нь авч хэрэгжүүлдэг байсан уламжлалт арга хэмжээ буюу зарим хөдөлгөөн чиглэл, хязгаарлалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, гаднаас орж ирж буй импортын урсгал, дотоодын тээврийн хэрэгслийн ашиглалтын зардалтай нийцэхгүй байгаа тул үүнд томоохон арга хэмжээ авна. Нөгөөтэйгүүр Үндэсний хороонд хэд хэдэн асуудлыг оруулж байгаа. Тухайлбал, Улаанбаатар хотод евро5 стандартын шатах тослох материалыг худалдан борлуулах асуудлыг ярьж байна. Энэ бол нийтийн тээврийн шинэчлэлт, чанар стандартыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал. Энэхүү стандартыг нэвтрүүлэхийг Үндэсний хороо дэмжвэл дараа нь Засгийн газарт өргөн барина. Түрүүн хэлсэнчлэн импортын урсгал, тээврийн хэрэгслийн ашиглалтын зардалд ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулж чадахгүй бол автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ээлжлэн хөдөлгөөнд оролцуулах асуудлыг Үндэсний хороонд тавихаас өөр аргагүй.
-Засгийн газрын хуралдаанаас түгжрэлийг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний хүрээнд ямар шийдвэр гарсан бэ?
-Засгийн газраас Үндэсний хороонд чиглэл өгч, улмаар Үндэсний хороо зөвлөмж өгөхөөр болсон. Хотын төвийн нягтаршил ихтэй байршилд газар эзэмших гэрчилгээ олгох, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож байна. Мөн төрийн байгууллагуудын ажлын цагийг уян хатан байлгах системийг нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг хариуцах үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд бид эхний ээлжид Улаанбаатар хотын автомашины цахим гэрчилгээг энэ онд хийж дуусгаад дараа нь орон нутгийнхыг шинэчилнэ.
-Автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор тусгайлсан алба нэгж байгуулан тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Та бүхний тооцоо судалгаагаар ямар дүгнэлт гарч байна вэ?
-Бидний хийж, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний үр дүн эхнээсээ гарч байна. Дөрвөн бүлэг, 12 багц ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар томоохон дөрвөн төрлийн ажил нь биеллээ олоод байна. Тухайлбал, нийтийн тээврийн стандартыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлсэн. Нэг өдөрт 1000 хүрэхгүй хуучин автобус үйлчилгээ үзүүлдэг байсныг 1200 орчим шинэ автобусаар солих ажлыг эхлүүлээд байна. Мөн 12 биш 10 жилийн стандарт тогтоолоо. Өмнө нь хэрэгжүүлж байсан нийтийн тээврийн тусгай эгнээнд зургаан чиглэлд хашилт хийж, нэгдсэн зохион байгуулалтад орууллаа.
Түүнчлэн Улаанбаатар хотод гурван ээлжээр хичээллэх магадлалтай ерөнхий боловсролын 49 сургууль байгаа тул сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд арав гаруй жил ярьсан асуудлыг бид бодит ажил болгож чадлаа. Тодруулбал, замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтыг шинэчлэх зорилгоор 161 байршилд хатуу дэд бүтэц уншигчийг байршуулсан. Ингэснээр бүх автомашиныг бодит зорчилтоор нь хэмждэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн уншигчаар дамжуулан бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянаж, хаана, ямар хариу арга хэмжээ авах вэ гэдгийг харж, тооцоолох боломжтой болж байна гэсэн үг. Мөн торгуультай, татвар, төлбөрөө төлөөгүй, үзлэг оношилгоонд хамрагдаагүй, дугаар нь явдаггүй өдөр хөдөлгөөнд оролцсон гэх мэт зөрчилтэй автомашиныг илрүүлж, хязгаарлалт хийх боломж бүрдсэн. Тээврийн цагдаагийн албаны статистик мэдээллээс харахад таван автомашин тутмын 1-2 нь зөрчилтэй, хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг юм билээ. Одоогоор тухайн уншигчид уншуулах цахим гэрчилгээ хийх ажил үргэлжилж байна. Мөн арван байршилд холбоос зам, дөрвөн байршилд гүүрэн байгууламж, мөн тооны нүхэн гарц барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Эдгээр бүтээн байгуулалт 86-90 мянган автомашиныг нэвтрүүлэх хүчин чадалтай.
-Эдгээр томоохон бүтээн байгуулалт, төсөл, арга хэмжээний үр дүнд цаашид түгжрэл хэдэн хувиар буурна гэж тооцоолж байна вэ?
-Бид 2021 онд богино хугацааны буюу гурван жилийн зорилт дэвшүүлсэн. Дөрвөн бүлэг асуудлаар 2022-2024 он хүртэл томоохон төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Мөн зөөлөн бодлогын хүрээнд гурван том хууль тогтоомжид өөрчлөлт оруулна. Нэгдүгээрт, нийслэлийн багц хууль. Хоёрдугаарт, түгжрэлийн нөлөөллийг бууруулах хууль. Гуравдугаарт, авто зам, зогсоол, бүсчлэлийн төлбөрт өөрчлөлт оруулна. Энэ мэтээр зөөлөн болон хатуу бодлогын хүрээнд эдгээр ажлыг хийж хэрэгжүүлснээр 2024 онд хөдөлгөөний эрчмийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлнэ. Өнөөдрийн байдлаар хөдөлгөөнд оролцож буй автомашины дундаж хурд 8-12 км/цаг байгаа. Энэ нь олон улсын жишгээр бол тэг зогсолтод хүрсэн үзүүлэлт. Тиймээс энэхүү дундаж хурдыг 15-18 км/цаг болгох зорилтын төлөө ажиллаж байна.
-Түгжрэл бууруулах нэг арга шийдэл нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх. Гэхдээ зарим жолооч “Автозамын нэгдүгээр эгнээг чөлөөлж хийсэн хаалт хашлага чөлөөтэй орох, гарах гарцыг хааж, түгжрэлийг улам нэмэгдүүлж байна” гэж шүүмжилж байна. Ингэж хаалт хашлагаар нэгдүгээр эгнээг чөлөөлөх нь хэр зэрэг оновчтой шийдэл юм бол. Ямар тооцоо судалгаанд үндэслэж ийм арга хэмжээ авсан бэ. Ер нь үр дүн гарч байна уу?
-Ерөнхийдөө нэгдүгээр эгнээг чөлөөлж, хашлага хийх захирамж 2015 онд гарч, түүнээс хойш их, бага хэмжээгээр хэрэгжүүлсэн. Гэхдээ амжилттай, амжилтгүй янз бүр л байсан. Тооцооны хувьд нийтийн тээврийн цагийн зорчилт 65 хувьтай, үйлчлүүлж буй зорчигчдын тоо 38 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэхүү арга хэмжээний үр дүн, үзүүлэлт сайн гарсан учраас цаашид зургаан байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн Өлзийт, Дөлгөөн нуур, Механик инженерийн сургууль зэрэг таван байршлын уулзварт хөдөлгөөн зохион байгуулалтын өөрчлөлт хийнэ.
Нийтийн тээврийн парк шинэчлэл арваннэгдүгээр сард бүрэн дуусна
-Нэлээд эрчтэй эхэлсэн нийтийн тээврийн шинэчлэлт бага зэрэг удааширч байна уу даа. Хэзээ бүрэн шинэчилж дуусах вэ?
-Холбоос замуудыг нэмэгдүүлэх нь хэр зэрэг ач холбогдол, үр дүнтэй байх вэ?
-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын автозамын сүлжээ 1200 гаруй км байгаа. Зорилтот 90 байршлыг тогтоосноос 2022-2024 онд арван байршилд холбоос зам барьж байгуулах гэж байна. Ингэхдээ босоо болон хэвтээ тэнхлэгийн зорчих хэсгийг нэмэгдүүлэх, нийтийн тээвэр зорчих боломжтой байх юм.
-Олон жил яригдаж буй метро, дүүжин тээвэр, BRT зэрэг төсөл арга хэмжээ юу болсон бэ. Ер нь цаашид эдгээр төслийг хөрсөнд буулгаж, бодит ажил хэрэг болгох уу?
-Эдгээр нь урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр. Метротой болох шийдвэр хэвээр үргэлжилж байгаа. Үүний ТЭЗҮ-ийг хийхээр Солонгос улстай гэрээ байгуулсан. Мөн дүүжин тээврийн ажлыг хийж байгаа. Эдгээрээс гадна Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтарч 2026-2027 онд тойрог замын асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бас нэг томоохон төсөл бол “Сэлбэ сэргэлт”. Бондын хөрөнгөөс тодорхой хувийг энэ төсөлд зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ төслийн хүрээнд үер усны далан шуудуу, зам болон гүүрэн байгууламж барьж байгуулах, инженерийн шугам сүлжээг төвөөс зүүн чиглэл рүү өргөжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.
-Нийслэлчүүд бид эдгээр төслийн үр шимийг өдийд хүртчихсэн байх учиртай ч яриа хэлэлцээрийн шатандаа л явж байх шиг байна. Эдгээр төслийг хэрэгжүүлж эхлэх, дуусгах тухайд тодорхой хугацаа хэлэх боломж байна уу. Жишээлбэл, метро байгуулах төслийн ТЭЗҮ яг хэзээ бэлэн болох вэ?
-Метро байгуулах бол урт хугацааны буюу ирэх таван жилд хэрэгжүүлж дуусгах төсөл. ТЭЗҮ нь энэ оны төгсгөл ирэх оны нэгдүгээр улирал гэхэд бэлэн болоод санхүүжилтийнх нь асуудлыг ярьж эхэлнэ. BRT төслийн хувьд зээлийн хэлэлцээрийг нь сая УИХ-аар баталсан учраас төлөвлөгөөний дагуу 2025-2026 он гэхэд ашиглалтад оруулна. Дүүжин тээврийн тухайд нэгдүгээр шугамыг барьж байгуулах гэрээг 2020 онд байгуулсан боловч цар тахлын улмаас зогсонги байдалд орсон. Тиймээс сая зээлийн хэлэлцээрийг нь сунгасан. Ингэснээр эхний шугам буюу Яармагаас Энхтайваны өргөн чөлөө руу зорчих хэсгийг 2024 онд, хоёр дахь шугамыг 2025 онд ашиглалтад оруулна.
-Түгжрэлийг бууруулахын тулд автозам шинээр тавих, гүүр, нүхэн гарц барьж байгуулахаас гадна чанарын шаардлага хангахгүй автомашины хэрэглээнд хяналт тавих нь илүү үр дүнтэй гэдэг. Үүнд ямар гарц, шийдэл байна вэ?
-Түгжрэлд сөргөөр нөлөөлж буй хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, автомашины импортын асуудал. Цар тахлын өмнө жилд 86 мянган автомашин импортоор оруулж ирж байсан бол энэ жилийн хувьд эхний хагас жилийн байдлаар 61 мянган автомашин бүртгүүлсэн, 59 мянган автомашин шинээр улсын дугаар авсан байна. Гаалийн ерөнхий газраас авсан судалгаагаар Улаанбаатар хотод зарж борлуулах гэж буй 250 сая ам.долларын автомашин бий. Эдгээр тоон мэдээлэл гаднах урсгал асар их нэмэгдэж буйг харуулж байгаа юм. Тиймээс импортын татварт зоригтой өөрчлөлт оруулахгүй бол хуучин автомашины урсгал тасрахгүй. Мөн зах зээлийн харилцааны дагуу автозам ашигласны төлбөрийг нэмэхгүй бол зам засвар, өргөтгөлд ахиц гарахгүй. Түүнчлэн автомашин хэрэглэгчийн ашиглалтын зардлын зохист байдал алдагдсан гэх мэт асуудал бий. Түгжрэлийн 25 хувийг жолоочийн чадваргүй байдал, хууль бус хариуцлагагүй үйлдэл бий болгодог гэсэн судалгаа бий. Тиймээс цаашид Улаанбаатар хот болон орон нутгийн жолооны дамжааны сургалтын систем чанар стандартад анхаарах нь зүйтэй.
С.ЮМСҮРЭН
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24561/