Төрийн ордонд болсон “Боловсролын шинэ сэргэлт” уулзалт дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 2030 он хүртэл төр 100 хувь, багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцахаар болсныг мэдэгдсэн нь олны анхаарлыг татаад байна. Энэ шийдвэрийг олонхи нь дэмжиж, талархан хүлээн авч байгаа ч багш мэргэжлээр суралцагчдыг хавтгайруулан төлбөрөөс чөлөөлж, үнэгүйдүүллээ, чанаргүй олон багш бэлтгэх нь, сургалтын төлбөрийг чөлөөлөхын оронд багш нарын цалинг нэмэх ёстой гэсэн байр суурь илэрхийлэх хүмүүс ч байна.
Уг нь Ерөнхий сайдын хэлсэн үгийг анхааралтай сонссон бол тэрбээр багш мэргэжлээр суралцагчдын сургалтын төлбөрийг чөлөөлөхийн зэрэгцээ МУБИС-ийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, элсэгчдийн босго оноог өндөрсгөх ажлуудыг цогцоор нь хийх шаардлагатайг онцолсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн хүрээнд “Боловсролын реформд нэгдэх үү?” сэдэвт илтгэлдээ багшийн нэр хүндийг өсгөх, нийгмийн баталгааг хангах, ур чадварт онцгой анхаарах цаг болсон гэдгийг тодотгосон. Мөн тэрбээр дэлхийн хэмжээний Монгол иргэнийг бэлтгэх, Монгол Улс бүх салбартаа чадварлаг хүний нөөцтэй болох шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой. Боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэхдээ багш бэлтгэх тогтолцоонд онцгойлон анхаарна гэсэн юм.
Ташрамд дурдахад Боловсролын багц хуулийн шинэчлэлийг Монгол Улс анх удаа хийснээрээ онцлог бөгөөд дэлхийн хэмжээний Монгол хүнийг бэлтгэхэд чиглэсэн цогц шинэчлэл болж чадсан. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон дээд боловсролын бүх шатны байгууллагад суралцагч, багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид рүү чиглэсэн томоохон реформыг энэ удаагийн Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хийсэн юм.
Багш мэргэжлээр суралцагсдын төлбөрийг 100 хувь чөлөөлөх болсонтой холбогдуулж хэлэхэд, мэдээж хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байгаа бол үүний зэрэгцээ үүрэг, хариуцлага байж таарна. УИХ-ын хаврын чуулганаар баталсан Боловсролын багц хуульд ч энэ бүх эрх зүйн орчин бүрдсэн байгаа. Боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, төсвийн тодотголоор багш нарын цалин 2023 онд дунджаар 55 хувиар нэмэгдсэн. Цаашид Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд багшийн нийгмийн баталгааг хангах, олон улсад богино, дунд, урт хугацааны сургалт, сургуулиудад хамрагдах зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөжээ. Багш бэлтгэх тогтолцоог шинэчилж, багшийн хөгжлийг 2030 он хүртэл бодитой дэмжсэнээр олон улсад өрсөлдөхүйц, эх хэлээ дээдэлсэн, англи хэлний өндөр мэдлэгтэй олон мянган чадварлаг багшийг бэлтгэхээр Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан байна.
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир Засгийн газраас багш нарын нийгмийн баталгааны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр “Хуульд багш нарын нийгмийн баталгаатай холбоотой тодорхой заалт туссан. Өмнөх хуульд байсан заалтыг илүү тодотголоо. Санхүүжилт, нийгмийн баталгаатай холбоотой заалтуудыг ихэвчлэн Боловсролын ерөнхий хуульд тусгалаа. Учир нь, Боловсролын ерөнхий хууль бусад салбар хуулийнхаа эх хууль. Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн, дээд боловсролын бүх түвшинд үйлчлэх нийгмийн баталгааны ерөнхий заалт орсон. Засгийн газраас багш нарын нийгмийн баталгааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашдаа багш нарын нийгмийн баталгаа болох орон сууц, ипотекийн зээл, бусад халамж, дэмжлэг уг хөтөлбөрөөр шийдэгдэнэ” гэжээ.
Боловсролын ерөнхий хуульд багшийн мэргэжлээр суралцагсад болон багш нарын нийгмийн баталгааны талаар дараах заалтууд бий
12 дугаар зүйл.Багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн тогтолцоо
12.2.Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид багш мэргэжлийн сонгон бүлэг хичээллүүлж, амжилттай төгсөгчийг багш бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцахад нь төрөөс дэмжлэг үзүүлнэ.
12.3.Энэ хуулийн 12.2-т заасан дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална. 12.4.Багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаа, багш мэргэжлийн сонгон бүлэг зохион байгуулах журам, сургалтын хөтөлбөрт тавих шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12.5.Дээд боловсролын сургалтын байгууллага магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр багшийг бэлтгэнэ. Багшаас бусад мэргэжилтэй иргэн багш бэлтгэх хувилбарт сургалтад хамрагдан багшаар ажиллаж болно.
12.7.Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр амжилттай суралцсан суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлт, дэмжлэг төрөөс үзүүлнэ.
12.10.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сул орон тоонд аймаг, сум, дүүрэг, баг, тосгоны удирдлагын захиалгаар, эсхүл өөрийн хүсэлтээр гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах гэрээ байгуулсан багшид төрөөс дэмжлэг үзүүлнэ.
12.16.Багш бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөх ангийн суралцагчийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн сул орон тоонд Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан дагалдан багшаар ажиллуулж болно.
13 дугаар зүйл. Багшийн эрх, үүрэг, багш, ажилтны нийгмийн баталгаа
13.1.Багш дараах эрхтэй:
13.1.3.жил тутам холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах;
13.1.6.хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх, нийгмийн баталгаагаар хангагдах;
13.1.7.цахим сургалт зохион байгуулах хэрэгцээнд суурилсан мэргэжлийн хөгжлийн орчин, нөхцөлөөр хангагдах;
13.3.Багш, ажилтан дараах нийгмийн баталгаагаар хангагдана: 13.3.1.хөдөлмөрийн онцлогийг харгалзан бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч болон бусад ажилтанд ажлын 15 өдөр, багш, багшийн туслах, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, хоол зүйч, сэтгэл зүйч, арга зүйч, сургалтын менежерт ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт олгох; 13.3.2.тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан багш нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг авах; 13.3.3.сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох;
13.3.4.төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;
13.3.6.төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батлах.