“Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэнгэртэй ярилцлаа.
-Засгийн газар Оюутолгойн эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах гэрээнд өнгөрсөн оны эхээр гарын үсэг зурж, “Тавантолгой дулааны цахилгаан станц”-ыг барьж байгуулахаар болсон. Энэ төсөл Засгийн газрын ямар бодлого, төлөвлөлттэй уялдаж хэрэгжих вэ?
-УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан ба Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх есөн зорилгын эдийн засгийн хөгжлийн зорилтуудад эдийн засгийн хөгжлийг дэмжих эрчим хүч, инженерийн дэд бүтцийг байгуулсан байна гэж тусгаж энэ зорилтын хүрээнд цахилгаан станцуудыг өргөтгөж, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, шинэ эх үүсвэрийг барьж, цахилгаан эрчим хүчээр дотоодын хэрэгцээг бүрэн хангасан байна гэж тусгасан.
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд туссан, хөгжлийн урт, дунд болон богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдсан төсөл юм. Мөн УИХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор Шинэ сэргэлтийн бодлогыг баталж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийг дээшлүүлэх долоон төсөл арга хэмжээг эхний үе шатанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт 2.1.1-д Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, 220 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барьж, өмнөд бүсийн стратегийн орд газрууд болон үйлдвэрлэл, технологийн парк, Оюутолгойн зэсийн уурхай болон өмнөд бүсийн уул уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангахаар зааж өгсөн.
Монгол Улсын Засгийн газар ба “Оюутолгой” ХК-ийн хооронд 2009 онд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд тусгасан Оюутолгойн уурхайн цахилгаан хангамжийг дотоодын эрчим хүчний эх үүсвэрээр хангах гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд Тавантолгойн уурхайг түшиглэн цахилгаан станц барих нь хамгийн оновчтой хувилбар гэж үзсэн.
-“Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийг эхлүүлэхэд санхүүжилтийн гурван хувилбар бий гэдгийг жил гаруйн өмнөөс ярьж байсан. Тухайлбал, нэгд, БНХАУ-тай түншлэх. Хоёрт, Европын холбоо болон Герман улстай түншлэх. Гуравт, гол хэрэглэгч болох “Рио Тинто” компанитай түншлэх боломжууд бий. Эдгээрээс аль аль нь боломжтой вэ. Аль хувилбараар нь явж байгаа вэ?
-Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих “Тавантолгой” 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг 2023 оны зургадугаар сарын 12-ны өдөр зарласан. Тус тендерийн онцлог нь EPC+F буюу гүйцэтгэгч нь төслийн 70 хувийн санхүүжилтийн саналыг санал болгоно. Засгийн газрын 2023 оны 132 дугаар тогтоолын дагуу төслийн EPC+F гэрээний 30 хувийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцаж, үлдэгдэл 70 хувийн санхүүжилтийг шалгарсан гүйцэтгэгчийн санал болгох санхүүжилтийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Одоогоор Хятад, Орос, Солонгос, Турк, Польш зэрэг улсын компаниуд төслийн тендерт оролцох сонирхлоо илэрхийлээд байгаа. Өнөөдрийн байдлаар тендерийн нээлт хараахан болоогүй байна. Тендерийн материалыг гадаад, дотоодын 10-аад компани худалдан аваад байна. Төлөвлөгөөний дагуу явбал энэ оны аравдугаар сар гэхэд төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулагдаж төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.
-Төсөл хэдэн үе шаттайгаар ямар хугацаанд хэрэгжих вэ. Төслийн ажлын явц ямар байна вэ. Энэ онд ямар бүтээн байгуулалтууд нь эхлэх вэ?
-“Тавантолгой дулааны цахилгаан станц” төсөл нь 300МВт+150МВт гэсэн хоёр үе шаттай, эхний ээлж нь гурван жил буюу 36 сарын хугацаанд хэрэгжинэ. төслийн талбайн хашаа, ажилчдын байрлах түр байр, дэд бүтэц, газар шорооны ажил зэргийг эхлүүлнэ. Төслийн хоёрдугаар үе шатны 150МВт-ын хөрөнгө оруулалтыг өөрийн орлогоос 2031, 2032 онд барьж байгуулж, 2033 оноос Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбохоор ТЭЗҮ-д төлөвлөсөн.
-Энэ бол эрчим хүчний салбарт монголчуудын бие даан хэрэгжүүлж байгаа анхны төсөл гэдгээрээ онцлог. Төслийн барилга угсралтын ажил төлөвлөсөн хугацаандаа эхлэх үү?
-Манай төсөл нь монголчуудын бие даан хэрэгжүүлж буй анхны төсөл мөн дээр нь Монгол Улсад ТЭЦ-4-өөс хойш ойрын 40 жилийн том чадлын дулааны цахилгаан станц буюу эрчим хүчний эх үүсвэр баригдаагүй бөгөөд түүхэн бүтээн байгуулалт болох юм. Энэ онд төслийн ерөнхий гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулснаар товлосон хугацаанд барилга угсралтын ажил эхэлнэ гэдэгт бид итгэлтэй байна.
-“Тавантолгой дулааны цахилгаан станц”-ыг ашиглалтад оруулснаар өмнийн говийн эрчим хүчний хэрэглээний хэдэн хувийг хангах вэ?
-“Тавантолгой дулааны цахилгаан станц”-ын эхний шатны төсөл нь жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүчийг Оюутолгойд нийлүүлэх ба үлдэгдэл 0.8 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүчийг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлнэ. Тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс Тавантолгой, “Оюутолгой” болон бусад уул уурхайн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 70-80 хувийг хангах боломжтой. Өмнөд бүсийн стратегийн орд газруудын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж буй бөгөөд 2025 онд 279 МВт, 2027 онд 438 МВт, 2029 онд 458 МВт болохоор байна. Энэ хэрэглээг Тавантолгойн дулааны цахилгаан станцын үйлдвэрлэх эрчим хүчээр хангах зорилготой байгаа.
-Төслийн үр өгөөж, нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг хэрхэн урьдчилан тооцоолж байна вэ?
-Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, уул уурхайн стратегийн орд газруудыг эрчим хүчээр хангаж, системийн найдвартай, тогтвортой байдлыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулна. БНХАУ-аас авч байгаа импортын эрчим хүчийг 98 хувиар бууруулж, экспортлох боломж бүрдэнэ. Түүнчлэн орон нутагт 220 байнгын ажлын байр нэмэгдэнэ. Хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангана. Говийн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангахад эергээр нөлөөлнө. Жил бүр улс орон нутгийн төсөвт 34.5 сая ам.долларын татвар хураамж төвлөрүүлнэ. Тавантолгойн 450 МВт чадалтай ДЦС жилд 7572 цаг ажиллаж 1 кВт.ц цахилгаан үйлдвэрлэх өөрийн өртөг 6.27цент/кВт.ц буюу өнөөгийн импортын цахилгааны үнээс 1.43 дахин бага үнэтэй эрчим хүч үйлдвэрлэх ба төслийн дотоод өгөөжийн хувь нь 15,04 хувь, хөрөнгө оруулалтаа есөн жилийн хугацаанд нөхөх санхүүгийн хувьд үр ашигтай төсөл юм.
-2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 132 дугаар тогтоолоор Хөгжлийн банкнаас “Тавантолгой дулааны цахилгаан станц” төсөлд олгосон зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг төлөх, эдгээр зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төрийн өмчийн хувь эзэмшилд оруулж тооцохыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д даалгасан. Энэ шийдвэрийн хэрэгжилт ямар байгаа вэ?
-Засгийн газрын 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 132 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Тавантолгой дулааны цахилгаан станц” төсөлд олгосон зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг төлөх, эдгээр зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төрийн өмчийн хувь эзэмшилд оруулж тооцохыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан. Мөн тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээс гадна төслийн эхний ээлжийн 300МВт-ын EPC+F гэрээний 30 хувь, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн үйл ажиллагааны зардлыг хариуцахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалгасан. Дээр дурдсанчлан төслийн тендер шалгаруулалтаар төслийн санхүүжилтийн 70 хувийн эх үүсвэрийн саналыг үнэлж, шалгаруулснаар төслийн нийт хөрөнгө оруулалт болон санхүүжилтийн бодит хуваарь тодорхой болно. Үүний дараа “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын Хөрөнгө оруулалтын гэрээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн хоорондын санхүүжилтийн гэрээ эцэслэн байгуулагдаж, энэ тогтоолын хэрэгжилтийг хангах юм. Энэ ажлын хүрээнд 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран гэрээний төслийг боловсруулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
-Төслийн байгаль болон хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл ямар байх бол оо?
-“Тавантолгой дулааны цахилгаан станц”-ын техник технологи нь хамгийн найдвартай туршигдсан, өндөр үр ашигтай, Дэлхийн банкнаас тавьсан байгаль орчны шаардлагуудыг хангасан, усны хэрэглээ багатай, химийн хорт хаягдалгүй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай, шинэ техник технологи нэвтрүүлсэн цахилгаан станц болно. Мөн станцын ашиглалтын үед ялгарах утаанд агуулагдах хорт хий болон тоосны хэмжээ нь Монгол Улсын стандартад заасан хэмжээнээс хэтрэхгүй, энэ нь цахилгаан станцад технологийн сүүлийн үеийн шийдлүүдийг ашигласнаар тухайн орчны агаарын чанарт үзүүлэх сөрөг нөлөөлөл бага байх боломжтойг харуулж байна.
Хүхрийн давхар исэл (S02)-ийн ялгарлыг бууруулахын тулд нүүрс шатаах явцад шохойн чулуу нэмэхээр төлөвлөсөн. Мөн станцын үнс барих төхөөрөмж нь хамгийн сүүлийн үеийн технологийн буюу утааг 99.8 хувь цэвэршүүлэх зориулалттай цахилгаан фильтер суурилуулахаар төлөвлөснөөр байгаль орчинд ээлтэй станц болох юм.
-Цахилгаан станцын дэвшилтэт техник технологи, инновац шингэсэн байдал, давуу тал юу вэ? -Цахилгаан станцын төслийн үндсэн тоноглолын сонголт нь орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшил, сүүлийн үеийн ололт, амжилтуудыг тусгасан эргэлдэх буцламтгай үет шаталттай зуух бүхий станц болно. Станц нь АҮК харьцангуй өндөр хөрөнгө оруулалтын зардал бага, хувьсах горимд ажиллах чадвар сайтай хорт хийн (SOx≈90 хувь, NOx≈50 хувь) ялгаруулалтыг бууруулдаг зэрэг давуу талуудтай байна. Турбины конденсаторын төхөөрөмжийг агаарын хөргөлттэй авсан нь усны нөөц хомстолтой говийн нөхцөлд тохирох эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд өвөл, зуны улиралд зохицуулан ажиллуулах боломжтой дэвшилтэт технологи юм. Хуурай хөргөлтийн системийг хэрэглэснээр ДЦС-3, ДЦС-4 болон дулааны бусад цахилгаан станцад ашиглаж байгаа хөргөлтийн системтэй харьцуулахад усны хэрэглээг дунджаар 80 хувиар хэмнэх боломжтой.
Г.САНЧИР