Засгийн газрын “Шилэн” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын талаарх 36.985 мэдээллийг нээлттэй болголоо. Нийслэлийн Засаг дарга нар хэнд, хаана, хэзээ ямар хэмжээ зориулалтаар газар олгосон талаарх 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны мэлдээллийг shilen.gov.mn сайтад ил тод тавигдсан байна.
Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар ашиглах, эзэмших эрх олгосон 18439 иргэн болон хуулийн этгээдтэй холбогдох газар эзэмших, ашиглах эрх олгосон 14876, эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6291, эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8482, эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7134 мөр нийт 36783 мэдээлэл нээлттэй ил тод байршуулжээ. Хэнд, ямар зориулалтаар, аль байршилд хэдэн м.кв газар олгосон, эзэмших, ашиглах эрх сунгасан, шилжүүлсэн, өөрчилсөн мэдээллийг он цагийн дараалалтай нь харах боломжтой болсон байна.
Ингэхдээ газар эзэмшигч, ашиглах эрх бүхий хуулийн этгээдийн нэр, нэгж талбарын дугаар, хэмжээ, төлбөр төлөлт, хугацаагаар нь хайлт хийх боломжтой. Нийслэлийн Засаг даргын 2021 оны эхний өдрөөс өнөөдөр хүртэлх хугацаанд газар олгосон мэдээллийг ойрын өдрүүдэд ил тод болгохоор ажиллаж байгаа аж. Үүний зэрэгцээ 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга нарын газар олгосон захирамжийг он цагийн дарааллаар нь гаргасан мэдээллийг нээлттэй болгохоор бэлтгэж байгаа гэнэ.
НЭР, РЕГИСТРИЙН ДУГААРААР НЬ ХАЙВАЛ БҮХ МЭДЭЭЛЭЛ НЭГ ДОР ГАРЧ ИРНЭ
Хэрэглэгч http://shilen.gov.mn-ий нүүр хуудсанд хуулийн этгээдийн оноосон нэр, эсвэл регистрийн дугаараар хайвал системд нийтлэгдсэн хамааралтай бүх мэдээлэл нь нэг дор гарч ирдэг боллоо. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч хэн бэ? гэдэг нь ч өнөөдрөөс эхлэн хэрэглэгч Танд шууд харагдана. Иргэд төрийн үйл ажиллагаанд шууд хараа хяналт тогтооход хөтөч туслагч нь байлгахзорилгоор нийтийн мэдээллийн нэгдсэн платформ shilen.gov.mn цахим хуудсыг тогтмол хөгжүүлж байна.
ШИЛЭН ИНДЕКС: ГОВЬ-АЛТАЙН ЗДТГ “ХААЛТТАЙ”, ДҮҮРГҮҮД ХОЙРГО БАЙНА
Яамдын дундаж үзүүлэлт 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 93%-тай, өмнөх долоо хоногоос ялимгүй буюу 1%-иар өссөн байна. ЭЗХЯ, Сангийн яам, ЗТХЯ тус тус 100%-тай байгаа бол ЭМЯ 75%, БХЯ 71%-ийн дундач үзүүлэлт авчээ.
Агентлагуудын дундаж үзүүлэлт 2023 оны 5 дугаар сарын 8-ний өдрийн байдлаар 65.41%-тай байсан бол 70.34%-д хүрч, 4.9%-иар өслөө. Татварын ерөнхий газар 100%-иар агентлагуудаа тэргүүлсэн хэвээр байна.
Аймгийн ЗДТГ-уудын дундаж үзүүлэлт 56.84%-тай болж, бага зэрэг буюу 2.43%-иар өслөө. Орхон 92%-иар тэргүүлсэн бол Говь-Алтай аймаг ердөө 28% авч, хамгийн “хаалттай” ЗДТГ болов.
ДҮҮРГҮҮДИЙН УДИРДЛАГА ИЛ ТОД БАЙДАЛД ХОЙРГО ХАНДАЖ БАЙНА
Дүүргүүдийн дундаж үзүүлэлт өнгөрсөн 7 хоногийн 58%-иасаа огт өөрчлөгдсөнгүй. Ерөнхий сайд албан даалгавар гаргаж, ил тод ажиллахыг ажиллахыг үүрэг болгосныг мэдээлэл хариуцагчдад сануулж байна. 6-р сарын 1-ний дотор хуульчлан заасан бүх мэдээллээ ил болгохгүй бол зохих хариуцлага оногдуулах, шаардлагатай бол АТГ-т шилжүүлэхийг анхааруулъя.
“SHILEN.GOV.MN” СИСТЕМД 1,567,338 ХАНДАЛТ БҮРТГЭГДЛЭЭ
“Shilen.gov.mn” http://shilen.gov.mn 3 дугаар сарын 27-нд нээгдсэнээс хойш нийт 1,567,338 удаагийн хандалт бүртгэгдэж, 113,740 мөр өгөгдөл мэдээллийн санд байршлаа.