Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг дахин зургаан сараар сунгахаар шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, онцгой дэглэм тогтоосон хугацаанд компанийн менежмент, засаглал, санхүүгийн сахилга бат сайжирч борлуулалт 4.1 дахин, нүүрс тээвэр 3.9 дахин, экспортыг хоёр дахин нэмэгдүүлж Монгол Улсад орж ирэх валютын нөөцийг нэмэгдүүлэн өндөр үр ашигтай ажиллажээ.
Иймд онцгой дэглэм болон бүрэн эрхт төлөөлөгчийн хугацааг зургаан сараар сунгах Засгийн газрын тогтоолын төсөл гарч УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Тус компанид Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
-Бүрэн эрхт төлөөлөгч томилсноос хойш таван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд компанийн үйл ажиллагаанд ямар үр дүн гарав?
-Засгийн газраас 2022 оны аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацаанд 10.2 сая тонн нүүрс олборлож, 13.0 сая тонн нүүрс борлуулж, 4.3 их наядын орлого олж, төсөвт 1.5 их наядын татвар төлсөн байна.
Онцгой дэглэмээс хойш өнөөдрийг хүртэл 800 сая ам.долларыг яг бэлнээр оруулж ирсэн. Урьдчилж бэлнээр мөнгийг нь авчхаад нүүрс өгөх байсан 200 гаруй сая ам.долларын өрийг мөн барагдууллаа. Төмөр замын оффтейк гэрээтэй холбоотой мөн 200 гаруй сая ам.долларын нүүрс гаргасан байна. Монгол Улсын валютын урсгал нэмэгдсэн гэж үзэж болно. Зөвхөн 2023 оны нэгдүгээр улиралд гэхэд л 440 гаруй сая ам.долларыг оруулж ирлээ.
-Засгийн газраас онцгой дэглэмийн хугацааг дахин зургаан сараар сунгалаа. Цаашдаа ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Энэ онд 23 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөг ТУЗ баталсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллахад сард 2-2.5 сая тонн нүүрс борлуулах боломжтойг өнгөрсөн зургаан сарын хугацаанд бид харуулсан. Цаашид үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ. Энэ оны эхний I улиралд 7.5 сая тонн нүүрс борлуулсан. Энэ эрчээрээ явахад оны эцэс гэхэд 30 орчим сая тонн нүүрс борлуулах зорилт тавьж байна.
-Өнгөрсөн хугацаанд нүүрсийг сорчилж зарсан асуудал их яригддаг байсан?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК 13 жилийн түүхтэй. Ихэвчлэн сайн чанарын нүүрс борлуулж ирсэн. Уурхайд эрчим хүчний нүүрс, сул коксжих нүүрсний нөөц их байна. Овоолго байдлаар үүсгээд явж байсныг энэ жилээс бүх төрлөөр зарна гэж тооцож байна. Өөрөөр хэлбэл, сорчлохгүй гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” ХК сорчлохгүйгээр олборлосон бүх бүтээгдэхүүнээ зарах зорилго тавьж байгаа. Энэ хүрээнд хоёр удаагийн арилжаагаар 200 мянган тонн эрчим хүчний нүүрсийг биржээр зарсан. Энэ онд 6 сая тонн сул кокжсон нүүрс, 2.5 сая тонн эрчим хүчний нүүрс борлуулах зорилготой байна.
Компанийн зарж байгаа нүүрсийг аль болох үнэ хүргэх ёстой. Үүний тулд угааж баяжуулж зарах ёстой учраас Угаах, боловсруулах, баяжуулах үйлдвэрийг богино хугацаанд ашиглалтад оруулахаар зорьж байна.
-Нүүрс угааж, баяжуулах үйлдвэр байгуулах ажил ямар шатанд яваа вэ?
-Бид “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг үнэд хүргэхийн төлөө ажиллаж байна. Үүний тулд нүүрсийг угааж баяжуулах ёстой. Угаах үйлдвэрийн төсөл хэрэгжиж байна. Гэрээний дагуу 2024 оны долдугаар сард ашиглалтад орно. Угаах үйлдвэрийг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна. Үйлдвэрээ ашиглалтад оруулж чадвал тонн нүүрсэд 60-80 ам.доллар нэмэлт орлого орж ирэх боломжтой. Нөгөө талдаа өртөг зардлаа хямдруулах шаардлага үүссэн. Тухайлбал, баяжуулах үйлдвэр дээр тооцоо хийхэд тээврийн зардал өндөр гарч байна. Тонн нүүрсийг Угаах, баяжуулах үйлдвэр рүү зөөж угаахад 24000 төгрөгийн өртөг гарна гэж тооцсон. Арай өөр технологи нэвтрүүлээд үзвэл 3400 төгрөгөөр хямдрах боломж байгаа.
-Угаах үйлдвэрийн хүчин чадал ямар байх вэ. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор нүүрсний үнэ яаж нэмэгдэх үү?
-Үйлдвэр жилд 10 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор нүүрсний үнэ одоогийнхоос тонн тутамд 60-80 ам.доллараар нэмэгдэнэ.
-С зөвшөөрлийн тоо багассан гэх мэтээр шүүмжлэл гарч байгаа. Зөвшөөрлийн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Дэглэм тогтоохоос өмнө 200-300 машин нүүрс тээвэрлэдэг байсан юм билээ. Бид экспортоо нэмэгдүүлэх зорилго тавьснаар өдөртөө 800 гаруй, оргил үедээ 1100 тээврийн хэрэгсэл гаргаж байгаа. Дотоодын тээврийн компаниудаар буюу хамгийн хямд үнийн санал өгсөн компаниудыг Худалдан авах ажиллагааны газартай хамтран шалгаруулаад нүүрсээ тээвэрлүүлдэг.
Нүүрс тээврийн зориулалттай 22 мянган хүнд даацын автомашины судалгааг АТҮТ-өөс гаргасан байна лээ. Бүгдийг нь бид ашиглаж чадахгүй учраас л сонгон шалгаруулалт зарладаг. Сая бид хоёрдугаар улирлын С зөвшөөрлийг олгоход 16 мянган хүсэлт ирлээ. Гэтэл бидний олгох хэмжээ ердөө 4680 байдаг юм. Тиймээс л аль болох зөвшөөрөл олгох, хүсэлт илгээх үйл явцыг нээлттэй ил тод олголоо. Тээврийн компаниудын бүтэн жилдээ төлдөг байсан татвар 2.5 дахин нэмэгдсэн нь экспорт буюу тээвэрлэлт нэмэгдсэнтэй холбоотой.
-Мөнгийг нь урьдчилж авсан ч төлбөрөө бүрэн төлөөгүй буюу нүүрсийг нь өгөөгүй хэчнээн тонн нүүрсний өр байгаа бол?
-Намайг анх ажлаа аваад ирэхэд 178 гэрээ байсан. Үүний 130 гаруй нь ам нөхцөлтэй гэрээ байсан. Энэ оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хугацаа нь дууссан гэрээг бүгдийг нь дуусгавар болголоо. Шинээр ам нөхцөлтэй гэрээг хийхгүй. Хугацаа дуусаагүй 87 гэрээний асуудлаар хэлцэл хийгээд хил бүс рүү шилжүүлсэн. Энэ нь биржийн үнэ рүү шилжүүлсэн гэсэн үг. Үнийн зөрүү гарахгүй.
-1072 хувьцааны ногдол ашиг олгох эсэх, хувьцаанаас ард түмэн хишиг хүртэх асуудлаар та ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 18.4 хувийг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгаа. Компани 2019 оны ашгаасаа 2020 онд ногдол ашиг өгсөн юм билээ. Нэг иргэнд 96000 төгрөг тараасан. 2022 оны жилийн эцсийн тайлангаар манай компани 1.3 их наядын ашигтай ажилласан. Тэр мөнгөнөөс өмнөх шиг ногдол ашиг тараавал нэг иргэн 100 гаруй мянган төгрөг оногдоно.
Нөгөө талдаа том төслүүдээ буюу Угаах, баяжуулах үйлдвэрээ дуусгах шаардлага байна. Тиймээс үйлдвэрээ ашиглалтад оруулж, орлогоо нэмэгдүүлж чадвал хувьцаа эзэмшигчид удахгүй илүү их үр өгөөж хүртэх боломж бүрдэх юм. Энэ асуудлаа ТУЗ-дөө танилцуулна. Аудитын шалгалт орчихсон байгаа, тэдний гаргасан тайлантай танилцаад, дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцсийн шийд гарна.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажиллаж байгаа ч гэсэн өр төлбөрийн асуудал чамгүй их байгаа юм билээ. Хэчнээн төгрөгийн өр төлбөрийн асуудал яригдаж байгаа вэ?
-2022 онд урьдчилаад авчихсан буюу мөнгийг нь авчихсан 603 сая ам.доллароос 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 585 сая ам.долларын үлдэгдэл өр байсан. Өртөгөөр бодвол 3.6 сая орчим тонн нүүрс гэсэн үг. Энэ өрийг бид яаралтай барагдуулсан. 2019 онд гаргасан бондын өрөөс 400 гаруй тэрбум төгрөгийн өрийг өөрийн борлуулалтын орлогоос дөрөвдүгээр сарын 07-ны өдөр төлчихлөө.
Одоо 280 сая ам.долларын өрийг нүүрсээр барагдуулах шаардлага байна. Компанийн борлуулалт нэмэгдэхээр төлөх татвар нэмэгддэг. Энэ оны эхний улиралд 1 их наядын татвар төлнө. Хоёрдугаар улиралдаа багтаад төлөөд дуусгачихна. Өмнө нь энэ компанид ажил гүйцэтгэсэн бол нүүрсээр төлбөр төлж байсныг зогсоож, бэлэн мөнгөөр нь төлбөрийг нь төлж байгаа. Хөрс хуулалт, олборлолтын ажил хийсэн компанийн өрөө хоёрдугаар улиралд төлөөд явчихдаг. Наймдугаар сард дахиад 100 гаруй тэрбум төгрөгийн бондын өр төлнө.
-Нүүрсийг биржээр худалдахдаа үнийг өндөр тогтоосноос цөөхөн компаниуд оролцож байгаа гэх асуудал яригдаж байна. Үнийг яаж тогтоов?
-Долоон удаагийн арилжаа хийлээ. Мэдээж хэд хэдэн асуудал яригдлаа. Манай гол худалдан авагч урд хөршийн компанийн хүлээлт, тэдний байр суурь гээд амаргүй зүйл олон байлаа. Ганцмодны боомт дээр урд хөршийн зах зээл дээрх нүүрсний үнэ 200 орчим ам.доллар байгаа. Тэгэхээр бид хэдэн ам.доллароос доод үнээр дуудах вэ гэдэг асуудал. Хэт доогуур дуудчихвал дээшээ явахгүй.
Тиймээс болж өгвөл хямд дуудахгүй гэдэг бодлого барьж, 178 ам.доллароос дуудсан. 20 ам.долларын зөрүүтэй байгаа биз. Дээшээ 2-3 ам.доллароор өссөн. Монголын баялгийг нэг долларын ахиу зарж чадвал бидэнд л ашигтай шүү дээ. Зарим компани Гашуунсухайт чингэлэг терминал дээр биржээр арилжсан бол бид хилийн цаана хүргэж өгөх нөхцөлтэйгөөр арилжаалсан. Зөрүүн дээр орлого мөн нэмэгдсэн.
Цаад болон наад талд хамгийн бага зөрүү үүсгэсэн нь манай компани гэж хэлж болно. Эхлээд үнэ өндөр гэж байсан ч сүүлийн үед хандалт нэмэгдсэн. Урд хөршийн компаниуд үнэ хэлбэлзэлтэй учраас болгоомжлох асуудал бий. Туршилтын арилжаа гэдэг үүднээс харзнаж байгаа болов уу.