Sunday, May 3, 2026

Авлигын хөрс суурь болдог хүнд сурталд эрүүгийн хариуцлага ногдуулна

Date:

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хувийн хэвшлийг үйл ажиллагаа явуулахад нь төрийн байгууллага, албан тушаалтан саад учруулсан, ажлаа хийхэд нь эс үйлдэл үзүүлбэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог тодорхой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгожээ. Товчхондоо бол төрийн байгууллагын хүнд сурталд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох нь. Төрийн байгууллага иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэл, хүндрэлгүй үзүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхдээ хойрго хандах, хүнд суртал гаргах, эс үйлдэл үзүүлэх нь өнөөгийн нийгэм дэх бичигдээгүй хууль. Тиймээс аливаа төрийн байгууллагаар ажил бүтээлгэхийн тулд гар хүндрүүлдэг, танил тал, арын хаалга хэрэглэдэг, өөрөөр хэлбэл авлига, албан тушаалын хэрэг үйлдэгдэх хөрс суурь, уг үндэс бүрэлдэн ужгирсан юм. Үүнийг нотлох судалгаа ч бий.

МҮХАҮТ-аас хоёр жил тутамд хийдэг “Хүнд суртлын индекс” судалгаагаар өнгөрсөн 2021 онд цар тахлын өмнөх үетэй харьцуулахад төрийн үйлчилгээний хүнд суртал ихэссэн гэдэг дүгнэлт гарчээ. Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдал, төрийн үйлчилгээ авахад зарцуулж буй цаг хугацаа ихээхэн хүндрэл учруулж байна гэж судалгаанд оролцогчид хариулсан байна. Тухайлбал, 2018 онтой харьцуулахад албан хаагч, баримт бичиг, хугацаатай холбогдох үнэлгээ хамгийн их дүнгээр буурсан ба эдгээр үзүүлэлтүүдтэй холбогдох хүндрэл, хүнд суртал илүү ихэссэн, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах чиглэлд бодлого, шийдвэр боловсруулан ажиллахдаа эдгээр үзүүлэлтүүдэд анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлт  гарчээ.

Бизнес эрхлэгчид төрийн нэг үйлчилгээ авахдаа дунджаар 6 баримт бичиг цуглуулж, 3 албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж, 360 мянган төгрөгийн албан зардал гаргаж байгаа аж. Төрийн байгууллагаас үйлчилгээ авах явцад судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 16 хувь ба нийт 94 аж ахуйн нэгж хууль, дүрэм журмын зөрчил гарсан гэж үзсэн ба 3 байгууллага тутмын нэг нь л үйлчилгээтэй холбоотой гомдол гаргасан бол эдгээр гомдлын дөнгөж 8-ыг нь зохих журмын дагуу шийдвэрлэсэн аж.

Харин судалгаанд оролцсон нийт бизнес эрхлэгчдээс 41 орчим хувь нь төрийн үйлчилгээний “E-mongolia” цахим системийг ашигласан, цахим үйлчилгээ авах системд 3.46 үнэлгээ өгсөн нь төрийн үйлчилгээний дундаж үнэлгээ (3.01), дэд үзүүлэлтүүдээс илүү сайн үнэлгээтэй байна. Эндээс харахад Төрийн бүтээмжийн сэргэлтийн бодлогод туссан төрийн үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах эхний зорилт зохих хэмжээгээр үр дүнгээ өгч байгаа аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн байгууллага, албан тушаалтан хүнд суртал гаргасан тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог тодорхой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай үүрэг, чиглэл өгсөн нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах зорилтын нэг чухал хэсэг нь.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна

2026 оны тавдугаар сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд 13,395,3...

“Сэтгүүлч М.Батдорж” сангийн оюутны шилдэг бүтээлийн ялагч тодорлоо

“Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлч болохоор суралцаж буй оюутнуудын дунд...

Эрдэнэтийн овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, “Оюут” ордын нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа

Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгуулагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн...