МЭДЭГДЭЛ
Сүүлийн үед зарим нэг мэдээллийн сайтаар агаарын тээвэрлэгчийн томилгоотой холбоотой илт худал мэдээлэл цацагдаж олон нийтийг төөрөгдүүлсэнд харамсаж байна.
Тухайлбал, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр shuud.mn мэдээллийн сайтад гарсан “Б.Хурцын “Изинис Эйрвэйз” компанид ЗТХ-ийн сайд С.Бямбацогт давуу эрх олгосон уу” гарчигтай материалд “Изинис Эйрвэйс” компани БНХАУ-аас ОХУ-руу зэвсэг тээвэрлэсэн мэтээр, мөн тус компанид гадаад улс орон руу ачаа тээврийн болон зорчигч тээврийн нислэг үйлдэх зөвшөөрлийг давуу байдал олгон хамгийн ашигтай чиглэлүүдийн зөвшөөрлийг өгсөн байх магадлалтай хэмээсэн гүтгэлгийн чанартай илт худал мэдээлэл тавьжээ.
Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас дээрх мэдээлэлд няцаалт хийх нь зүйтэй гэж үзсэн болно. 2022 онд Зам, тээврийн хөгжлийн яамнаас 5 агаарын тээвэрлэгчийг 34 чиглэлд зорчигч болон ачаа тээврийн хуваарьт нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчээр томилсон.
Үүнээс Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монголиан Эйрвейс Карго” ХХК-ийг 6 чиглэл (Үрэмч, Шанхай, Сингапур, Москва, Екатеринбург, Берлин)-д зорчигч тээврийн, “МИАТ” ТӨХК-ийг Новосибирск чиглэлд, “Хүннү Эйр” ХХК-ийг Чэндү чиглэлд зорчигч тээврийн, Изинис Эйрвэйз ХХК-ийг 6 чиглэл (Москва, Лондон, Истанбул, Хонконг, Сөүл, Чэндү)-д ачаа тээврийн хуваарьт нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчээр тус тус томилсон.
Энэхүү томилгоог хийхдээ урд нь дээрээс шууд томилдог, эрх мэдэлтэн дангаараа дур мэдэн шийдвэрлэдэг, агаарын тээвэрлэгч нарт ялгавартай хандаж ирсэн байдлыг халж, үндэсний агаарын тээвэрлэгч нарын тэгш оролцоо, хамтын санал, ойлголцол зөвшилцлийг үндэслэн нислэгийн томилгоог анх удаа ил тод, нээлттэй явуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна.
Мөн “Изинис Эйрвэйз” ХХК-ийн А330-202 маягийн JU-1332 бүртгэлийн дугаартай агаарын хөлөг нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр EZA /MG/802 аяллын дугаартай нислэг үйлдэхдээ олон улсын хоригт орсон, аюултай ачаа, зэвсэг огт тээвэрлээгүй болох нь холбогдох байгууллагаас гаргасан хамтарсан Ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон болно.
Үүнтэй холбоотойгоор олон улсад болон олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн худал мэдээлэл гаргасандаа “Авиэйшн Сорс Ньюс” вэбсайт хүлцэл өчиж албан ёсоор уучлал гуйсан болохыг мэдэгдэж, зургаар хавсаргалаа.
Цар тахлын дараа дөнгөж сэргэж буй олон улсын нислэгт өөрсдийн орон зайгаа тэлж, эрсдэлтэй цаг үеийг ухаалаг менежмент, шаргуу хөдөлмөр, нөр их зүтгэлээрээ даван туулж, агаарын тээврийн салбарт зорчигч болон ачаа тээврийн шинэ томилгоо авч үйлчилгээгээ өргөжүүлэхийг зорьж буй дотоодын авиа компаниудын нэр хүндэд халдсан ийм зохисгүй үйлдэл гаргахгүй байхыг сануулж байна.
Энэ мэт сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, олон нийтийн үнэнийг мэдэх эрхэд бүдүүлгээр халдсан илт худал, буруу ташаа мэдээлэл нь Монгол Улсын эрх ашиг, зам, тээврийн салбарын бодлого, үндэсний агаарын тээвэрлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд ноцтой хор хохирол учруулж байгаа тул цаашид ийм ёс бус үйлдэлтэй хатуу тэмцэхээ үүгээр мэдэгдэж байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ