УИХ-ын чуулганы пүрэв гаргийн хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг хүргэж байна.
-Яг одоо гадаа -30 хэмийн хүйтэн байна. Жавар тачигнасан энэ хүйтэнд Сүхбаатарын талбайд шударга ёс, тэгш эрх, хариуцлага шаардсан иргэд өдөр, шөнөгүй тэмцэж, жагсаж байна. Тэд авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд, ард иргэдийнхээ боломжийг хулгайлагчдад хариуцлага тооцохыг шаардаж байна. Монголын ард түмнийг төрд төлөөж буй Та бид энэ өдрүүдэд бодит үнэнтэй нүүр тулж байна. Ард түмний итгэл гэдэг бол нэхэл хатуутай, ард түмэн нүдтэй. Шударга ёс гэдэг нэг л хариулттай. Хариуцлага, сахилга бат, ёс зүй Улсын Их Хурлын танхимаас, Улсын Их Хурлын гишүүд Та биднээс эхлэх учиртай гэдгийг олонтаа сануулж хэлж байлаа. Одоо бид хүлээлт үүсгээд, мэдэгдэл хийгээд байх биш, бодитой ажлуудыг хийх хэрэгтэй байна. Жагсагчид, иргэдийн санаанд нийцсэн хариултыг өгөх хэрэгтэй. Арга саам хайж, арга хэмжээ авч байгаа нэрээр өдөр хоногийг өнгөрүүлж болохгүй. Шуурхай ажиллаж, шаардлагатай хуулиуддаа өөрчлөлт оруулья. Гэмт этгээдүүдийг илчилж, тэдэнд хариуцлага тооцохын төлөө хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө гишүүд ажиллая. Ард түмнээсээ, эх орныхоо баялгаас хулгайлах үүд хаалгыг хаая. Ард түмнээсээ сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд ард түмнийхээ талд байя.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Энэ заалтыг улс төр, бизнесийн зарим нөхөд, бүлэглэл уландаа гишгэн, улсаа тонож байсан баримтууд ар араасаа хөвөрч ард түмний эгдүүцэл, дургүйцэл, зэвүүцлийг улам төрүүлж байна. Хулгай, булхай нь илрэх болохоороо гэмт бүлэг этгээд эрх зүйт төрийн тулах багана болсон парламентын засаглалыг үгүй хийх, ардчиллыг үгүй хийх суртал ухуулга хийж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэхээр оролдож байна. Шударга ёсны тэмцэл хийж буй Засгийн газрыг огцруулах санаархалаа ил, далд илэрхийлж байна. Бүр Монголын төр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг буруутгаж, олны анхаарал, үүссэн асуудлыг сарниулахыг оролдож байна. Ийм ч учраас, мөн өнөөдрийн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын олон гишүүн энэ асуудлыг хөндсөнтэй холбоотойгоор, Ардчилсан намын гишүүдийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тавьсан шаардлагын дагуу тус зөвлөлөөс мэдээлэл ирүүлснийг танилцуулья.
Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэмээн хуульд заасан. Засгийн газраас ил болгосон төсөл, гэрээг нууцын зэрэглэлтэй байгуулахдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэсэн, эдгээрийг нууцлахыг тус зөвлөлийн тэргүүн, гишүүдээс чиглэл болгосон гэх агуулгатай мэдээлэл тараасан нь бодит байдалд нийцэхгүй. Зарим тохиолдолд олон нийтийг төөрөгдөлд хүргэж мэдэхээр байна. Иймд зөвлөмжийг ил болгохыг хууль тогтоомжийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар Та бүхэнд мэдээлэл өгөх нь зүйтэй хэмээн үзлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн үүсээд буй нөхцөл байдал, нийгмийн уур амьсгал, олон нийтийн шаардлагыг харгалзан, Засгийн газраас хэд хэдэн төсөл, гэрээг нууцын зэрэглэлээс гаргасантай холбогдуулан эдгээр байгуулахад үндэс болгосон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, шийдвэр бий эсэхийг шалгах, байгаа тохиолдолд тэдгээрийг мөн нууцын зэрэглэлээс гаргаж, ил болгох асуудлыг судлан шийдвэрлэхийг үүрэг болгосон бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба энэ асуудлыг хариуцан ажиллаж байна.
Дээр дурдагдсан, Засгийн газрын тогтоолоор ил болгосон төсөл, гэрээнүүдийг нууцлахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, шийдвэрээр өгсөн зүйл байхгүй. Төрийн болон албаны нууцын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах журам”-д заасны дагуу нууц баримт бичгийг ил болгох асуудлыг шийдвэрлэх тусгайлсан ажлын хэсэг байгуулан, холбогдох дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулан тагнуулын байгууллагын саналыг авсан байх шаардлагатай бөгөөд энэ байгууллагын саналыг үндэслэн төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болох асуудлыг зохицуулах, шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай байна. Энэ учир Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс эдгээр шийдвэрийг ил болгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ил болгох асуудлыг шуурхай шийдвэрлэх болно. Түүнчлэн эрхэм гишүүд Та бүхэн холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу хүсэлтээ гаргаж, эдгээр зөвлөмжтэй танилцах асуудал нээлттэй эрхтэй болно.
Улсын Их Хурал баталсан хуулийнхаа талд байж, гагцхүү хууль засагладаг нийгмийн төлөө олон жил бугшсан алдаа, завхарлыг засахын төлөө шийдвэртэй үйл ажиллагаа явуулах ёстой. Танай, манай гэж маргаж суух цаг биш, нийт ард түмнээ төлөөлж ажиллах учиртай. Ард түмэн үнийн өсөлт, ипотекийн зээл, татварын дарамтад туйлдаж, сөхөрч байна хэмээн гомдоллож байна. Нэг хэсэг нь нийгмийн баялгийг бүтээж, улсад татвараа шударгаар төлж байхад нөгөө хэсэг нь үр өгөөж, өрмийг нь хүртэж, төр засгийг басамжилж сууж таарахгүй. Түмэн олны төрд итгэх итгэл буурч буйн бурууг МАН, АН, ХҮН төдийгүй бие даагч гишүүдээс бүрдсэн энэ парламент хүлээж, хулгай нүүрлэсэн нийгмийн хохирогчид болсон ард түмнийхээ нэхэл хатуу шаардлагыг бүрэн дүүрэн өгөхийн төлөө ажиллах шаардлагатай. Улсын Их Хурлын гишүүд манлайлан оролцох ёстой. Өргөсөн тангаргаа биелүүлэх үүрэгтэй.
Улсын Их Хурлын чуулганы танхимд “танай, манай” хэмээн талцаж, ард түмэнд таалагдах популизм хийхээсээ илүү улс орны эрх ашиг, ард түмний шаардлагад нийцэж ажиллая. Ийм учраас Улсын Их Хуралд өчигдөр (2022.12.14) өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг ажил хэрэгчээр, нэн яаралтай горимоор хэлэлцэж, авлига, албан тушаалын хэрэгт оноох ялын бодлогыг чангатгая. Ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй байх, өршөөл уучлал үзүүлэхгүй байх, хөрөнгийг нь хураах ял оногдуулдаг эрх зүйн өөрчлөлтийг хийе. Энэ бол ард түмний шаардлагын нэг хэсэг тул яаралтай хэлэлцэн шийдвэрлэе. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 21-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ сонсголыг ард иргэд, түүний дотор жагсагчдын төлөөллийг оролцуулан үр дүнтэй хийе. Бодит байдлыг үнэн зөвөөр шүүн тунгаахад бүгд идэвхтэй оролцохыг уриалж байна. Эрх мэдэл, албан тушаалын ард нуугдан хууль завшдаг гажуудал байна гэдэг шаардлага хэлж байна. Хүний эрх, шударга ёс, тэгш байдал, хариуцлагыг Монголын нийгмийн үнэт зүйл болгон тунхаглахын төлөө хичээн ажиллахыг Та бүхэнд хандан уриалж байна.