Sunday, June 8, 2025

Эртний түүхт Бээжин хотын нам гүмийг сэрээсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал

Date:

Нам гүм Бээжин хотод Монгол Улсын Төрийн тэргүүний айлчлал дээд түвшиндээ өргөн цар хүрээг хамран эхэлж байна. Өнөөдөр Монголоос ирсэн айлчлалын бүрэлдэхүүн PCR шинжилгээгээ хоёр дахь удаагаа өгч Чань-Ань буюу Тайван амгалан өргөн чөлөөг зорьж айлчлалын үндсэн ажлаа эхлүүлж байна.

БНХАУ-ын Ардын Их хурлын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхаж байна. Энэхүү арга хэмжээнд Монголын талаас Гадаад Хэргийн сайд Б.Батцэцэг, тус улсад суугаа элчин сайд Т.Бадрал, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, Т.Аюурсайхан нарын сайд нар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, БНХАУ-ын талаас ХКН-ын улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, ХКН-ын улс төрийн товчооны гишүүн, Хөгжил шинэчлэлийн хорооны дарга Хө Лифен, Худалдааны сайд Ван Ваньтао, Гаалийн Ерөнхий газрын дарга Үй Жяньхуа, Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны Газрын дарга Луа Жаохуй, ГХЯ-ын Ерөнхий газрын дарга Жөн И, ГХЯ-ны Азийн газрын захирал Лю Жиньсун байлцаж байна. Үдээс хойш буюу 16 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дарга Ли Жаньшу бараалхана.

Энэ зуурт миний бие олон хөлийн газар, орчлонгийн том хот гэгдэх Бээжингийн нам гүмийг гайхан, БНХАУ энэ гамшигт цар тахлын цаана гарах гэж хичээж байгааг алмайрч явна. Ирэх бүр шороон түмэн хүн бужигнаж байдаг хот сэлүүхэн. Хол зайтай машин хаа нэг давхилдана. Унадаг дугуй унасан хэсэг хэсэгхэн хүн тааралдах нь нэг л эл хуль. Гэхдээ ийм дэг журам, хичээл зүтгэл, ухамсарт нь гайхах. Энэ нь хүн төрөлхтний өмнө сахилга хариуцлагынхаа тод жишээг харуулж байх шиг. Нэг зүгт зүтгэж хүрч чадсан үсрэнгүй хөгжлийн нь ил илэрхийлэл ч энэ биз ээ.

Түм түжигнэж байдаг Бээжин хотын гудамж эль хуль.

Бээжин хот 20 гаруй сая хүнтэй. Орж гарах хүмүүсийн тоогоороо тогтмол 50 сая давдаг хүн амын төвлөрөл бүхий дэлхийн том хот. Бээжин хот нь түүхэндээ хэд хэдэн нэрээр нэршиж байв. Дээр үеийн нэр нь Ян Жинь хот Зүрчидийн Алтан улсын үед Жүн дү гэж байсан бол Юань улсын үед Дайдү гэж нэрлэгдэж байгаад Мин улсын үед Бэйпин, Бээжин гэх нэршлийг олсон байдаг. Зүрчидийн Алтан улсыг мөхөөсөн монголчууд 1234 оноос Жин дү хотыг Дайду хэмээн нэрлэж Юань гүрнийг байгуулсан. 1368 онд Тогоонтөмөр хаан дөрвөн хаалгат дөрвөлжин их Дайду хотоо алдаад 44 түмэн Монголынхоо 34 түмнийг орхин зургаахан түмтээ дагуулан Хасбуу төрийн тамгаа ханцуйндаа нууж, Хархорумаа зорьсон гэдэг. Дайду хотыг монголчууд Ханбалиг буюу Хаан балгас гэж нэрлэж байсан гэж түүхэн сурвалжид бичиж үлдээсэн байдаг.

Дайду хот нь зундаа машид халуун учир Шилийн гол аймгийн нутагт Шанд хотыг байгуулж зуслангаа болгож, зуны нийслэл гэж нэрлэж байсан гэдэг. Шанд хот, Хийвэн балгас буюу Хятад нэр нь Шандөү, Кайфен юм. Бээжин хот бол Мин, Чин, Дундад иргэн, БНХАУ гэсэн дөрвөн төр улсын өнгөнд нэрээ өөрчлөөгүй түүхт хот.

БНХАУ, Монгол Улс хоёр бол эртний хөршүүд, түүхийн олон зүйлийн үнэт өвтэй гэж хэлж болно. Хятад улс өнөөдөр арав гаруй улстай хиллэдэг ч Монгол Улстай газар нутгийн болон улс төрийн ямар ч зөрчилдөөнгүй гэдгээ дэлхий нийтэд ил тод илэрхийлсэн. Үүнийгээ хөрш орнуудын үлгэр жишээ харилцаа хэмээн тодорхойлж Хятад Монголын хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргаж хамтран ажиллахаар зорьж байгаа юм. Бид Хятад улсаас жилд 300 мянга гаруй иргэдийг хилээрээ нэвтрүүлэн оруулж гаргадаг бол энэ улс жилд манай сая гаруй иргэдийг нэвтрүүлж ирсэн бодитой тоо баримт бий. Монгол Улсын худалдааны эргэлтийн хамгийн том тоо дүнтэй хөрш. Монголчууд бид хоёр ч төмөр замаа хил дээр нь хөтлөн ирчихээд, боомтын тоо, нүүрс тээврийн хүчин чадлаа нэмэх, жилд 40-70 сая тонн нүүрс гаргах зорилтоо хамтран хэрэгжүүлэхээр хүлээж байгаа.

Монгол Улсын гадаад харилцаа сэргэж байгаа энэ үед Ерөнхийлөгчийнхөө гадаад нэр хүндээр төмөр замаа холбох, нүүрсний худалдан авалтаа хөршөөрөө ОК гээд зөвшөөрүүлээд авбал ёстой болох нь тэр. Сонирхуулахад, бид 2019 онд л 31 сая тонн нүүрс борлуулсан нь түүхэн дээд амжилт үзүүлж байжээ. Одоо тэгвэл нэг дахин нэмээд 60 сая тонн цаашлаад 70 сая тоннд хүргэж чадвал Хятад улсын гаднаас авдаг нүүрсний 20 хувийг монголчууд дангаараа хангаж, эдийн засгаа сэвхийтэл өргөөд ирэх юм.

Би үүнд яагаад ийм итгэл тавиад байна гэхээр БНХАУ-ын дарга Ши Жинпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар ойрын хугацаанд хоёр ч уулзалдаад авсан. Хувь хүнийхээ хувьд ч хуучны танил, тийм ч холгүй хоёр. Мөн Монгол Улсын засаглалын өнөөгийн тогтвортой байдал ч энэ бүхэнд эергээр нөлөөлнө. Өнгөрсөн цар тахлын гурван жилд хоёр улс хамгийн олон уулзалт хийсэн онцлогтой учраас хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хамтарсан мэдэгдлээс чамгүй зүйл хүлээж байгаа юм.

Хөл хөдөлгөөн татарсан бага үдийн Бээжинд намар мэт тогтуун. Хубилай хааны зуслангийн асар “Дяо Юйтай” цэцэрлэгийн цөөрөмд түрүүлж унасан улиасны навчис хөвөхийн ажин зогсохуй дээрх олон олон бодол эзэмдсээр…

Үргэлжлэл бий…

Бээжин хот, 2022 оны арваннэгдүгээр сарын 28. 11 цаг 52 минут.

Нийтлэлч О.Түвшиндэмбэрэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналыг “Улирал ба зохиолч” сэтгүүлд олголоо

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын...