Нэг. Улаанбаатараас Бээжинг зорьсон нислэг
2022оны арваннэгдүгээр сарын 27-ны цасан бударсан өглөө. “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг болон холбогдох албаны хүмүүс багтсан айлчлалын багийг тээвэрлэж буй Монголын Иргэний Агаарын Тээврийн онцгой үүргийн ОМ-901 хөлөг бүрхэг тэнгэрийн зүгт хөөрч байна. Хөлөг нисэх буудлаас хөөрснөөс 40 орчим минутын дараа цас будрах өтгөн үүлс онгоцны өехийд цоохорлон сэмэрч, Монголын их говь, тал шаргалтан, улмаар хэсэг үүлсийн сүүдэр тэртээ дор шаргал уулс, шаргал тал, шаргал говийг хээлэн үзэгдэх нь онцгой аж.
Зуу зуун жил жингийн цуваа, эрсийн зориг, жудаг шалгасан Монголын их говийг тэнгэрийн хөлөг болох МИАТ-ийн Боинг-737 онгоц цаг гаруйхан хугацаанд туулж, хадан хүрэн уулс, тариалангийн талбай, төв суурин залгаж, сүрлэг хүрэн уулсыг зоолсон их цагаан хэрэм дурайх нь бид өмнөд хөршийн нийслэл Бээжин хотод газардах цаг болсныг илтгэнэ.
Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүн хатагтайн хамт олон жилийн дараа өмнөд хөршийнхөө урилгаар зочилсон айлчлал гэдгээрээ содон байв. Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьсан БНХАУ, Япон улсууд бол дорнын өв уламжлал, соёлын хамгийн том түүчээлэгч улсууд тийм ч учраас энэ удаа угтагч хоёр улс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тэргүүн хатагтайн хамт айлчлахыг хүссэн юм. Дэлхийн 200 гаруй орон цар тахлын хүнд нөхцөлд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ийм өндөр хэмжээний уулзалтын саналыг БНХАУ-ын талд тавьж ирсэн ч хойшлогдсоор байжээ. Харин цар тахлын дараа БНХАУ-д төрийн өндөр түвшинд хийгдэж буй анхны айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал болж байна. Өөрөөр хэлбэл цар тахлаас хойш БНХАУ-ын хувьд төрийн дээд хэмжээнд анхны зочноо хүлээж авч буй нь энэ. Мөн ХКН-ын 20-р хурлын дараах олон талт, өргөн хэмжээний төрийн айлчлалын анхдагч багийн бүрэлдэхүүн нь Монгол Улсын Төрийн тэргүүнийх байлаа.
Биднийг Бээжин хот нэмэх 7 хэмийн дулаантай тоссон. Хотын дундуур урсах Юүндин, Чаобай, Вэйюүнь голууд өвлийн эхэн сар гарсан гэхэд яг л намраараа мэлтийж, модод нь навчсаа гүвээгүй, эгээ л манай есдүгээр сарын дунд үе мэт ээ. Бээжин хот хөл хөдөлгөөн нам гүм, хотын дүүргүүд цар тахлын тодорхой хязгаартай. Хичээл сургууль онлайн хэлбэрт шилжиж, албан газрууд онцгой хуваариар ажиллаж байгаа аж. Миний бие таван жилийн өмнөх шигээ түм түжигнэж, бум бужигнаж тосох байх гэсэн нь үгүй аж. Олон улсын нисэх буудал нь ч нислэг цөөтэй, худалдааны төвүүд, дэлгүүр зах хаалттай. Хятад улс “Тэг ковид” бодлогоо хэрэгжүүлж, өндөр хариуцлагатай хандаж буй нь илт мэдрэгдэж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн багийг “Капитал” олон улсын нисэх буудлаас тосон авч Бээжин хотын төвд төрийн хамгаалалт бүхий “Дяо Юйтай” цогцолборт байрлуулж, PCR шинжилгээ авч тослоо. “Дяо Юйтай” цогцолбор нь Бээжин хотын Хайдян дүүрэгт орших эртний хааны цэцэрлэгт хүрээлэн юм. Анх Зүрчидийн Алтан улсын хаан Жанзу загасчлахаар энэ цэцэрлэгийг тохижуулсан гэнэ. Юань улсын эзэн хаан Хубилай амралт зугаалгын тансаг зуслан орд өргөө болгон өргөжүүлсэн аж. Энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.
Мөн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Товчхон хэлэхэд, БНХАУ, Монгол хоёр улс цаашид хамтран ажиллах ирэх жилүүдийнхээ замын зургаа хамтран гаргана гэсэн үг. Маргааш өглөө албан айлчлалын уулзалтууд эхэлнэ.
Үргэлжлэл бий…
БНХАУ, Бээжин хот. 16 цаг 12 минут
Нийтлэлч О.Түвшиндэмбэрэл