Tuesday, November 26, 2024

Хариуцлагатай нүүдэлчдийн “Ногоон алт” буюу олон “дүү”-тэй “Богц” брэнд

Date:

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой “Бүтээлч монгол” буландаа арьсан эдлэлийн хэд хэдэн брэндийг санаачилсан С.Гансүхийг урилаа. Нүүдлийн соёл иргэншлийн сүүлчийн голомтын эзэн болсон монголчуудын баялаг бол мал сүрэг. Хөрсөн доорх ашигт малтмалаа ухаж, байгаль эхээ сүйтгэх бус газар дээрх “Ногоон алт”-аараа баялаг бүтээн хариуцлагатай байхыг уриалдаг тэрбээр  29 жилийн өмнөх мөрөөдлөө биелүүлжээ. ОХУ-д их сургуульд сурч, 1993 онд амралтаараа эх орондоо ирээд хувиараа бизнес хийхээр зориг шулууджээ. Хүнс, ноос, ноолуур гээд үндэсний боломжит салбаруудыг судалсны эцэст үйлдвэрийн олон дамжлагагүй, тоног төхөөрөмж, санхүү, хөрөнгө оруулалт бага шаардах арьсан эдлэлийг сонгосон байна. Мөрөөдлөөс эхэлсэн арьсан урлалаа нүүдэлчдийн уламжлал, өв ухаанаар баяжуулж дэлхийд гайхагдах брэндүүдийн эхлэлийг тавьжээ. “Богц” бол түүний санаачилсан анхны брэнд. Манай улсад зочилсон харийн жуулчид, элэг нэгт монгол туургатнууд Чингис хааны өлгий нутагт үдлээд буцсаны дурсгал болгон “Богц”-ыг сонгодог. Ур хийц, чанараар бусад үйлдвэрлэгчээс ялгарч байсан ч худалдан авагчдын хүсэлтээр загвар, нэр төрлөө баяжуулсаар өнөөг хүрчээ.

Манай улсыг тойрсон  монгол туургатнуудыг өв уламжлалаа бүү мартаасай гэсэн зорилгоор хэд хэдэн брэнд үүсгэн байгуулжээ. Тухайлбал, ОХУ-ын Горный Алтайн Бүгд найрамдах улсад “Алтай”, Буриадын Бүгд найрамдах улсад  “Номадс”, Халимагт “Туг”, Якутад  “Саха три”, БНХАУ-ын  Өвөрмонголын Өөртөө засах оронд  “Их Монгол” брэндийг санаачилжээ. Ийнхүү “Богц” брэнд олон “дүү” дагуулжээ.

Малд хаях зүйл үгүй.  Бид маш сайн хөгжүүлээд дэлхийн зах зээлд гаргаж өрсөлдөхөд бидэнд том боломж бий. Түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ олон улсын зах зээлд гарах бүрэн боломжтой. С.Гансүх захирал “Монголчууд дундаршгүй баялаг түүх, соёлтой ард түмэн. Би 29 жилийн өмнөх зорилгоо биелүүллээ. Манай боловсруулалтын технологи дэлхийн жишигт хүрсэн. Ашиг харж бүтээгдэхүүн үйлдвэрлэж явсангүй. Бараа бүтээгдэхүүнийхээ 80 хувийг гаднын зах зээлд нийлүүлдэг. Өртөг шингэсэн учраас жирийн худалдан авагчдад үнэтэй санагдаж болох. Арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх дамжлагатай.  Малчны хотноос хэрэглэгчдэд очих хүртэлх дамжлага бүрд хариуцлагатай байхыг хичээдэг. Хэн гэдэг малчны, хэзээ ямар тарилгад хамрагдсан малын арьс ширээр урласан эдлэл болохыг QR код уншуулаад мэдэж болно. Ер нь би хэт холын зорилгод дургүй. Чаддаг зүйлээ төгс хийхийг илүүд үздэг” гэсэн юм.

Буянт мал шавхагдашгүй баялаг

Бэлчээрийн мал аж ахуй гадаадын фермээс асар ялгаатай. Өвсний соргогыг иддэг “эрх чөлөөтэй” малын арьс, шир гаднын зохиомлоор хээлтдэг фермийн малын арьсыг бодвол байгалийн жамаараа ашиг шимээ өгдөг, байнгын нөхөгддөг баялаг. Энэ баялгийг алт болгох шийдлийг С.Гансүх санаачилсан брэнд бүртээ шингээдэг. Хэдэн мянган жил хэрэглэж ирсэн буянт малын ашиг шим бол “Ногоон алт”. Ингэхдээ монгол хүний ур ухаан шингэсэн урлагийн болон хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхдээ “Хариуцлагатай нүүдэлчид” цахим системийг ашигладаг байна. Энэхүү стандарт нь Монгол орны бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэхэд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалж, үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд тавих зохистой дадлыг нэвтрүүлдэг. Иймд гарал үүсэл нь тодорхой түүхий эдийг ашиглан олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц шинэ брэнд болох нь гарцаагүй. “Эко гэдэг гадаад үгийг сайшаадаггүй. Харин “Ногоон алт” гэж ярихыг илүүд үздэг. Дотоодын боловсруулах компаниуддаа, олон улсын стандартад нийцсэн боловсруулалтыг захиалгаар өгөөд арьс, ширээ Европ, Америк зэрэг дэлхийн зах зээлд гаргах боломжтой. Манай компанийн арьс, ширний үйлдвэрлэлийг 10-25 жил ажил үүргээ гүйцэтгэсэн туршлагатай компаниуд туслан гүйцэтгэдэг. Швейцарын хөгжлийн агентлагийн малын эрүүл мэнд төслийн хүрээнд хөгжүүлсэн нүүдлийн мал ахуйн тогтвортой үйлдвэрлэлийн стандартыг баталгаажуулсан “Хариуцлагатай нүүдэлчид” цахим системийг онцгойлон дэмждэг. Дэлхий биднийг сонирхоод эхэллээ. Энэ үед бид хүнд үзүүлэх юу байгаа билээ гээд өөрсдийн шавхагдашгүй нөөц рүү өнгийх ёстой. Хэзээ мөдгүй нөөц нь шавхагдах уул уурхайд найдах биш, дуусаж дундаршгүй түүх, соёлоороо дэлхийн зах зээлд өрсөлдөх ёстой” хэмээсэн түүний үг, үзэл бодол эрхгүй нэгийг бодогдуулна.

Хүннү роктой хамт дэлхийд

Хүннү рок урсгалыг дэлгэрүүлж буй  “The Hu” хамтлагийн хувцас, хөгжмийн  бүтээгдэхүүнүүдийг түүний байгуулсан “Хүннү Фэйшн” компанийн урчууд урладаг.  Монгол улс Хүннүгийн соёлыг дэлхийд түгээх зорилготойгоор 2012 онд дэлхийн олон эрдэмтэн, судлаачийг эх орондоо урьсан билээ. Гэтэл ирсэн жуулчид Хүннүгийн соёлыг агуулсан зүйлс авахаар бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр орсон ч тохирох эд хэрэглэгдэхүүнээ олсонгүй. Бидэнд гадаадын жуулчид, эрдэмтэн мэргэдэд археологийн олдворуудаас өөр худалдан авах зүйл хэрэгтэй байв. Энэ хэрэгцээ “Хүннү Фэйшн” брэндийн эхлэлийг тавьжээ.  

Хүн гүрэнтэй холбоотой  судалгаагаа эхлүүлтэл Монголд холер өвчин гарч тухайн жилийн том фестиваль, аялал жуулчлалын хөтөлбөрүүдийг цуцалжээ. Гэхдээ уйгагүй хөдөлмөрийн үр дүнд 2013 онд брэндээ байгуулав. Хямралын үед эх орондоо хөрөнгө оруулах шиг хэрэгтэй зүйл үгүй.  Үндэсний хэв маягийг орчин үеийн чиг хандлагатай хослуулан арьсан эдлэл, үнэт эдлэл, оёмол болон сүлжмэл бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, хөгжмийн зэмсгийн урлалаар уг брэндээ хөгжүүлж байгаа аж. Дэлхийн олон улсын жишиг нэршлээр “Фэйшн” гэдэг үг загвар, дизайны компанийг илэрхийлдэг. Хэдэн мянгаар нь биш маш цөөхөн тоотойгоор хамгийн шилмэл бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлээд, олон улсын болон дотоодын зах зээлд нийлүүлж, худалдан авагчдынхаа саналын дагуу бүтээгдэхүүнээ хөгжүүлж буйгаараа онцлог. Морин хуурын тогтоогч, гитарын мөрөвч, гутал, хэнгэрэг, арьсан бүс гээд эдний бүтээгдэхүүнээр  “The Hu” хамтлагийнхан гангардаг. Тус хамтлагийн Монгол Улсаа төлөөлж гадаадад хийх аялан тоглолтын үеэр таван нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалдаг. Тэдний эдэлж хэрэглэж буй цүнх, богц, гутал, малгай, цамц зэргийг залуучууд  зорин ирж худалдан авдаг байна.

СЭТГҮҮЛЧ Х.ЭРДЭНЭЗАЯА

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...