Тулгар төрийн 2228, 2229 жил, Их Монгол Улсын 813, 814 жил, Ардын Хувьсгалын 98, 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар уран мэхээ уралдуулан барилдсан бөхчүүдэд Цолыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан Төрийн ордонд гардууллаа. Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, цолны чимгийг баяр наадмыг зохион байгуулах хороо олгодог журамтай. Үндэсний их баяр наадмаар үүссэн нөхцөл байдлаас шалтгаан бөхчүүдэд цол олгох асуудал хойшлогдсоор өнөөдрийг хүрсэн. Тус асуудал хууль хяналтын байгууллагаар эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Энэ дагуу цол, чимэгийг нөхөн олгохоор болоод байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хорооноос ирүүлсэн саналыг хэлэлцэн хуулийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Үүний дагуу өнөөдөр бөхчүүдэд цол, чимэгийг олголоо.
1.Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Улсын аварга Намсрайжавын Батсуурьт “Улсын Даян аварга” цол
2.Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх, Улсын харцага Мягмарын Бадарчид “Улсын гарьд” цол
3.Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнын Хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Доржийн Анарт “Улсын заан” цол
4.Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат “Говийн хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Цэдэнбазарын Одбаярт “Улаан заан” цол
5.Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Их Монгол хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Баянзулын Цэдэнсодномд “Улсын харцага” цол
6.Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван Хан” дэвжээний бөх Улсын начин Баярсайханы Орхонбаярт “Улсын харцага” цол
7.Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Даян” дэвжээний бөх аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьдад “Улсын харцага” цол
8.Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх аймгийн арслан Цэдэндоржийн Мөнхбаярт “Улсын харцага” цол
9.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан Цэрэнбатын Сандагдоржид “Улсын начин” цолыг тус тус олголоо.
Мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор Улсын арслан Б.Содномдоржид “Үлэмж бадрах”, Улсын начин Б.Эрдэнэхүүд “Өсөх идэх”, Улсын начин Н.Мустафад “Өсөх идэр”, Улсын начин Б.Суманчулуунд “Өсөх идэр” чимэг тус тус олгов. Монгол Улсын Шадар сайд, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга цаашид бөхчүүд Монголын төрт ёсны баяр наадам, өв соёлоо хадгалж, наадамчин олон түмнээ хүндэтгэж, бөхийн уламжлал, дэг жаяг, ёс зүй, хариуцлагыг гүнээ ухамсарлаж, үнэн хүч, эр бяр, уран мэхийг уралдуулан барилдаж байхыг нийт бөхчүүдэдээ хэллээ.