Эзэн Чингис хаан, Жамуха сэцэнтэй гурвантаа анд бололцсон түүхтэй. Түүнчлэн их хаан насан багадаа хүлэг баатар Боорчи лугаа учран, бэрхшээл сорилтыг хамт даван хат сууж, үнэнчээр андалсан гайхамшигт түүх буй. Андлалын андгай, тангараг монгол эр хүний хувьд үнэ цэн, бахархал омогшил, утга учир билээ. Энэ түүх, эртнээс уламжилсан ёс заншил эдүгээ урлагийн бүтээлд амилан биежиж, сүнс, сүншиг нь оршин сүндэрлэлээ. Сүндэрлэх сүндэрлэхдээ их зээн Чингис хаан, хүлэг Боорчи нарын андын андгай тавин нөхөрлөсөн алдарт Хөхүүрийн хөндийн хойморт, Наху баяны адууны бэлчээрт сүлд сүндэр юугаа цогцлоов. Үүнд баярлан омогшоогүй монгол хүн гэж үгүй биз ээ. Өмнө нь барьж байгуулж эхэлсэн Андлалын өргөөг тодорхой шалтгааны улмаас буулгахад хэнтийчүүд төдийгүй монгол хүн бүр л харамсан халагласан. Тиймээс Андлалын өргөөг буулгангуут оронд нь ямар нэгэн цогцолбор, хөшөө босгох ёстой гэдэгт олон хүн санаа нэгдэж, сэтгэл эеджээ. Иймийн учир хандивын хөрөнгө тун амархан цугларч, тэнд барьж байгуулах хөшөө нь ч бэлэн эх загвараараа байсан аж.
Гадаадын улс орнууд түүхээ шинээр зохиож, түүнийгээ бодит мэтээр сурталчлан, адаглаад л аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох гэх мэтээр менежмент, сурталчилгаа хийж байхад хэдэн мянганы баатарлаг түүхтэй, эх газрын талыг эзэлсэн хэт их гүрэн байгуулж явсан омог, домогтой монголчууд тэр бүхнээ эдүгээ цагийн өнгө аясаар сэргээн тодотгож, сэрэг дүр, хөшөө дурсгал, хүндэтгэлийн цогцолбор байгуулах нь зүйн хэрэг билээ. Андлалын өргөө анх ийм л санаа, сэдлээр байгуулагдаж, алс хэтдээ аялал жуулчлалын нэгэн том цогцолбор, олны хөлийн газар болох эрмэлзлээр цогцолж эхэлсэн. Тиймээс нураасны дараа буурин дээр нь шороо овоолчихоод явах сэтгэлтэй хүн үгүй байсан биз. Ямартай ч эх түүхээ, өв соёлоо гэсэн сэтгэлтэй зон олон дэмжиж дэмнэн богинохон хугацаанд “Тэнгэрийн андгай” хөшөөг босголоо.
Энэ бол МУЭ-ийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Очирболдын бүтээл. Үнэхээр л “Тэнгэрийн андгай” ийм байдаг болов уу гэмээр урлагийн гайхамшигт ид шид, сэтгэлгээний цараа, ухааны ур шингэсэн хөшөө аж. Олон нийт төдийгүй урлагийн ертөнцийнхөн, учир мэдэх хүмүүс ч “Тэнгэрийн андгай”-д ам сайтай байгаагаас үүнийг харж болно. А.Очирболд гавьяат энэхүү бүтээлээ ямар нэг үнэ төлбөргүйгэр хийж гүйцэтгэсэн бөгөөд харин тээврийн хөлс хийгээд бас бус зардлыг нь нутгийн зөвлөл, иргэдийн хандиваар босгожээ.
Олон улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт, уран барималч А.Очирболдын “Ухамсар” хэмээх бүтээл 192 орны уран бүтээлчдийн бүтээлээс сонгогдон НҮБ-ын төв байрны өмнөх цэцэрлэгт хүрээлэнд байрласан төдийгүй Улаанбаатар хотын төв талбайн урд бууриа засаад удаагүй байгаа билээ. Тэрбээр “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг гол төлөв түүхэн хүмүүсийн алдартай баримлуудыг бүтээсэн туршлагатай уран бүтээлч. “Шангр-ла” зочид буудлын зүүн хойт уулзварт байрлуулсан тэмээний баримал нь л гэхэд их говийн зэрэглээ, үд дундын нар, үл ялигхан сэрхрээ салхийг мэдрүүлдэг гайхамшигт бүтээл билээ.
Энэ удаа тэрбээр “Тэнгэрийн андгай”-гаараа бидний үндэсний бахархал, сэрэл мэдрэмж, ухамсар, өв, соёл, түүхийн шивнээ, эрт эдүгээгийн туульсыг мэлмийд шивнэж, зүрх, тархинд шингээв. Энэ бол зүгээр нэг хөшөө биш гэдгийг ирэх өдрүүд гэрчлэх байх. Чингис хааны төрсөн нутаг аялал жуулчлалын бүс болон хөгжихөд “Тэнгэрийн андгай”-г нүдээрээ “сонсох” гэж жуулчин бүхэн зорих биз. Ямар нэгэн талцал, хуваагдал, улс төржилт энд хэрэггүй. Андлалын өргөөг буулгасан ч Тэнгэрийн андгай сүндэрлэв.