“…Нүүрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
Нэгдсэн Үндэстний байгууллагын шилтгээнд заларсан Монгол Улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би…” хэмээх мөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлэгт бий. Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын бүрэн эрхт гишүүн болсны 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан монгол хүүхдүүд НҮБ-ын дүрмийг анх удаа монгол бичгээр, тэр дундаа бийрээр уран бичжээ. Өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн зохион байгуулсан энэхүү түүхэн үйл явдалд Улаанбаатар хот, 21 аймгийг төлөөлсөн 37 хүүхэд залуус оролцсон байна. Голдуу 11-19 насны уран бичээч хүүхдүүд НҮБ-ын 111 зүйл бүхий дүрмийг хуваан авч A3 хэмжээтэй тусгай цаасан дээр уран бичсэнийг хавтаслан ном болгосноо өчигдөр өргөн барилаа.
“Монгол дуу, дүрс сан” төрийн бус байгууллагаас санаачлан “Бичиг соёл” төв, “Хүмүүн бичиг” сонин, Олон улсын монгол уран бичлэгийн холбоо хамтран “Дэлхийн ном”-ыг бүтээх ажил ийнхүү биеллээ оллоо. НҮБ-ын дүрмийг монгол бичигт буулгасан “Дэлхийн ном”-ыг энэ өдөр Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч ноён Тапан Мишрад МУБИС-ийн ерөнхий боловсролын тавдугаар ангийн сурагч Г.Цэнд-Аюуш хүлээлгэн өгсөн юм. Тэрбээр энэхүү номыг ирэх сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзах үеэрээ гардуулан өгөхөө уламжиллаа. Мөн “Дэлхийн ном”-ыг бүтээхэд оролцсон сурагчдад талархлаа илэрхийлж, ирэх жилүүдэд монгол хэл, монгол бичиг сонирхон судлахаар болсноо дуулгасан юм. НҮБ-ын дүрмийг монгол уран бичлэгээр буулгасан номыг ерөнхий боловсролын бүх сургуульд нэг хувийг өгөхөөр болжээ.
Энэ үеэр уран бичээч хүүхдүүдийн сэтгэгдлийг сонслоо.
Ж.БАДАМСҮРЭН: Энэхүү номд гар бие оролцож байгаадаа баяртай байна
/Увс аймгийн Наранбулаг сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч/
-Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагад нэгдэж орсны 60 жилийн ойн баярыг тохиолдуулан НҮБ-ын дүрмийг үндэсний бичиг тэр тусмаа бийрээр бичиж, энэхүү номд гар бие оролцож байгаадаа баяртай байна. Б.Нийслэлхүү, Б.Булган-Эрдэнэ багшийнхаа бийрийн бичлэгийн дугуйланд хоёр дахь жилдээ хичээллэж байна. Бид монгол хүн болж төрснийх өөрсдийн эх хэлээ бүрэн дүүрэн эзэмшиж, эх бичиг, өв соёлоо эрхэмлэн дээдэлж хойч үе, ард түмэнд өвлүүлж явах чухал үүрэгтэй гэж боддог. Төслийг санаачилсан, зохион байгуулсан, хамтран оролцсон бүхий л эрхэм хүмүүстээ гүнээ талархъя.
И.МАРАЛГОО: Монгол бичиг нь монгол үндэстний оюуны соёлын үнэтэй өв
/Дорнод аймгийн Хэрлэн сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч/
-Анх НҮБ-ын дүрмийг бичих болсон гэж 10 жилийн ангийн багш маань хэлэхэд их догдолж, сандарч байсан. Үнэхээр том хариуцлагатай нүүр тулж, өөрийнхөө бүхий л хүчин чармайлтаа гаргаж бичсэн болохоор сэтгэл дүүрэн байна. 21 аймгийн мундаг хүүхэд, залуустай хамтарч ажилласандаа туйлын их баяртай байна. Монгол Улс НҮБ-д элссэн түүхт 60 жилийн ой энэ онд тохиож, бийрийн хичээнгүй тэгээр бичиж монгол өв соёлоо дэлхийн нийтэд сурталчилж, бусад сурагчид хүүхэд залууст монгол бичгээ сурах хүсэл эрмэлзэл төрүүлж байгаа сайхан үйлс боллоо гэж бодож байна.
Хүн бүхэн монгол гэдгээрээ бахархдаг цаг иржээ. Монгол бичиг нь 1200-аад оноос өнөөг хүртэл хэрэглэгдэж ирсэн бөгөөд цаашдаа ч гэсэн монгол бичгээ дэлхий нийтэд таниулахыг зорьж өргөн хэрэглэхийг хүсэж байна. Монгол бичиг бол монгол үндэстний оюуны соёлын үнэтэй бөгөөд бахархалт өв билээ. Тийм ч учраас монгол бичгээрээ хичээнгүйлэн бичиж сурч бас байшин барилгуудын хаягийг монгол бичгээрээ хийлгэхийг та бүхнээсээ уриалж байна.