Friday, November 22, 2024

Археологи, угсаатны музейн шав тавилаа

Date:

Төв аймгийн Зуунмод суманд Монголын Үндэсний Археологи, угсаатны музей, лабораторийн шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Энэ арга хэмжээнд Соёлын дэд сайд М.Батбаяр, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, “Чингис хаан” хаад язгууртны музейн захирал, Академич С.Чулуун болон бусад албаныхан, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж, Монголын үндэсний музейн захирал Л.Жаргал, Барилгын ерөнхий гүйцэтгэгч “Тэргүүн Чансаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ундрахбаяр, Барилгын зургийн автор “Балданс” ХХК-ийн захирал Б.Онон нар оролцлоо.

Монгол Улсад археологийн чиглэлээр Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэн тэргүүлэн, Түүх-угсаатны зүйн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан технологийн Их сургууль, Улаанбаатарын Их сургууль, Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон Улсын хүрээлэн зэрэг байгууллагууд судалгаа шинжилгээний ажил хийдэг бөгөөд Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт 8 мянга гаруй дэсийн 20 мянга илүү олдвор хэрэглэгдэхүүн, бусад байгууллагуудын сан хөмрөгт ч дутахааргүй олон тооны археологийн олдвор, эд өлгийн зүйлс хадгалагдаж байна.

Дээрх байдал нь археологи болон угсаатны музей байгуулахад хангалттай олдвор хэрэглэгдэхүүн цугларсан төдийгүй боломж нөхцөл бүрдсэнийг харуулах бөгөөд тусгайлсан музей байгуулж үзүүлэн таниулах, олон нийтийг соён гэгээрүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.

Монголын Үндэсний археологи, угсаатны музей, лабораторийн барилгыг нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг арилгах хэтийн зорилго, Шинэ Зуунмод хот, Майдар хотыг дагуул хот болгон хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол Улсын Аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага зэрэгтэй уялдуулан Төв аймгийн Зуун мод хотын шинэ суурьшлын бүсэд хотын шинэ төв болох “Атарчдын талбай”-н баруун өмнөд хэсэгт 2.4 га газарт байгуулахаар газрын зөвшөөрлийг авч, ерөнхий төлөвлөгөөнд оруулан төлөвлөжээ.

Музейн барилга 8200 метр квадрат орчим талбайтай бөгөөд гадна талаар гэрэлт хөшөө, хүн чулуун хөшөө, буган хөшөө зэрэг сүрлэг археологийн дурсгалууд, угсаатны зарим эд зүйлсийг бодитоор болон хуулбар байдлаар дүрсэлсэн үзүүллэг бүхий цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын орчинтой цогцолбор болон хөгжинө.

Энэ музей нь археологи ба угсаатны үзүүллэгийн 2 жигүүртэй бөгөөд барилгын нийт талбайн 50-иас илүү хувийг үзмэр, үзүүллэгийн танхимууд эзлэхээр төлөвлөжээ. Үзүүллэгийн талбайн археологийн жигүүрт 6 танхим, угсаатны жигүүрт 5 танхимд байнгын үзүүллэг дэглэх ба түр үзэсгэлэн зохион байгуулах том, жижиг 2 танхимтай байна.

Байнгын үзүүллэгийн ерөнхий чиг хандлага нь сэдэвчилсэн байдлаар дэглэгдэх ба дэглэлтийн энэхүү шийдэл нь уг музейг өдгөө манай улсад буй бусад музейнүүдээс ялгаруулж өгөхийн зэрэгцээ үзүүллэгийн давхцал, үзэгчдийн сонирхлыг татах байдал зэргийг бодолцсон шийдэл юм.

Шинээр төлөвлөж буй музей ашиглалтад орсноор өнөөг хүртэл зориулалтын бус байранд хадгалагдаж буй археологийн олдворууд стандартын шаардлага хангасан зориулалтын байр саванд хадгалагдах нөхцөл бүрдэнэ.

Мөн ард иргэдэд эх оронч үзлийг дэлгэрүүлэх, үндэсний бахархал бий болгох, эв нэгдлийг бэхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэхэд тус музей зохих хэмжээгээр нөлөө үзүүлэх юм. Түүнчлэн Соёл, амралт, боловсролын цогцолбор нэгээр нэмэгдэхийн зэрэгцээ аялал жуулчлалын хөгжилд хувь нэмэр оруулж, улсын эдийн засагт шууд болон шууд бусаар дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...