“Тэнгэрт хэлюү тэнгэр хол, газарт хэлюү газар хатуу”. Энэ үг бол олон зуун жил Манж гүрний эрхшээл дор доромжлогдон дарлагдаж гашуун зовлонд туйлдсан монгол түмний арга нь барагдан хэлсэн 100 жилийн өмнөх гаслант билээ. Энэ үед Монгол Улс хэдийгээр харь Манжийн 250 жилийн дарлалаас ангижраад удаагүй байтал гадаадын эзлэн түрэмгийлэгч харгис цэрэгт дахин эзлэгдэж хорвоогийн хөрснөөс арчигдах мөхлийн ирмэгт тулж ирсэн нэн ээдрээтэй бэрх цаг үед Монголын ард түмний заяа тавиланг түшиж, урьдын хүчирхэг дээдсийн дайчин уламжлал сүр сүлд сэрж Ардын нам байгуулагдан Ардын журамт цэргээ эмхлэн Ардын хувьсгалаа мандуулж улс орноо харийн дайснаас авран хамгаалж, тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж зуу, зуун жилийн хоцрогдлоо арилган хүн ардаа соён гэгээрүүлж, өвчин зовлонгоос ангижруулан, орчин үеийн хөгжил дэвшилд хүргэсэн Монгол Улсаа даян дэлхийд бадруулсны 100 жилийн ойтойгоо золгож байна. Энэ бол яалт ч үгүй баатарлаг түүх, бахархах гавъяа мөн. Энэ цаг үед хүн болж төрсөн өнөөгийн бидний монголчууд юутай азтай, юутай их хувь тавилан билээ.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, газар нутгийн халдашгүй дархан байдлын төлөө харийн дайсны эсрэг амь биеэ үл хайрлан тэмцэж алтан амиа зориулж явсан зоригт эх оронч ахмад үеээ хүндэтгэн, алдар гавьяаг нь дуурсган мөнхжүүлж, хүүхэд залуус ирээдүй хойч үедээ таниулж баатарлаг үйлсээр нь үеийн үед бахархаж байх нь Монголын төр, монгол хүн бүрийн ариун үүрэг мөн.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр сүүлчийн зарлигаа гаргаж “Монголын Ардчилсан холбоо” /МоАХ/ төрийн бус байгууллагыг Монгол Улсын Баатар цолоор шагнасан явдал эргэцүүлэн бодоход хүргэж, МоАХ-г үүсгэн байгуулагч, 1991 оны Ардчилсан Хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг агсанд энэ цолыг нэхэн олгохгүй яавдаа гэсэн харуусал бас төрж байна.
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар шинэчлэн баталсан ”БНМАУ-ын цол, тэмдэг, одон, медалийн дүрэм”-д зааснаар энэхүү эрхэм дээд цолыг эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт амь бие хайргүй зүтгэж, төр, нийгмийнхээ өмнө баатарлаг гавъяа байгуулсан хүнд олгох учиртай. Тэгтэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь Улсын Баатар цолыг олон нийтийн байгууллагад олгосон нь журманд хир нийцэж байгаа бол.
Ардчилал бол нийт ард түмний өмч. Ард түмэн, түүний дотор МАХН анхнаас нь дэмжиж ардчилсан хувьсгал амжилттай хийгдсэн гэдгийг түүх гэрчилнэ.
Буусан ерөнхийлөгчийн энэ үйлдэл нь харийн дайснаас эх орноо хамгаалан тулалдаж, төр нийгмийн өмнө баатар гавьяа байгуулсан атлаа авах ёстой гавъяа шагналаа хүртэж чадаагүй дайчин эрсэд Монгол Улсын Баатар цол нэхэн олгуулахаар мэргэжлийн түүхч, судлаачдын олон жилийн нягт судалгаа, түүнийг хянан дэмжиж тодорхойлсон Төрийн байгууллагуудын санал хүсэлтийг огт хэрэгсээгүй атлаа МоАХ хэмээх төрийн бус байгууллагад холбогдох журам зөрчин энэхүү эрхэм хүндтэй цолыг олгосон нь эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн халдашгүй дархан байдлын төлөө амь насаа үл хайрлан тэмцэж өнөөгийн аз жаргалант амьдралыг бидэнд авч ирсэн ахмад үеийн эх орончдын гавьяаг гутаан доромжилж тэдний алтан амь, нэр төрөөс дээгүүр энх цагийн олон нийтийн байгууллагын ашиг сонирхолыг тавьсан бусармаг үйлдэл юм.
МоАХ-г Монгол Улсын Баатар цолоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны 209 дүгээр зарлигт “…баялгийн тэгш бус хуваарилалт, шударга бус байдал, эрх мэдэлтнүүдийн зүй бус үйлдлийн эсрэг тэмцэж ирсэн “Монголын Ардчилсан холбоо”-ны нийт гишүүд, дэмжигчид болон Монголын нийт иргэдийн шударга ёсны төлөөх тэмцэл өрнөн бадарч, Монгол Улсад шударга ёс тогтох хүртэл шударга ёсны ариун үйлсийн төлөө тэмцэж буй нийт иргэдээ Монгол түмнээрээ үргэлжид уухайлан дэмжиж байхыг уриалж байна” хэмээсэн нь олон нийтийг улс төрийн тэмцэлд уриалсан, ард түмний эв нэгдлийг хагалан бутаргах далд санаа агуулаад байгаа нь Монгол Улсын Баатар цол шагнах тухай зарлигт байж боломгүй улс төржсөн заалт оржээ.
Тэгвэл 20 дугаар зууны эхэнд харь гүрний эрхшээл дор мөхөх аюулд орсон буурай улс үндэстнээ авран хамгаалж, төрт ёсоо сэргээн мандуулж өнөөгийн хөгжил цэцэглэлтэнд 100 жилийн турш хөтөлж ирсэн улс төрийн ууган хүчин, ёстой л баатарлаг түүхтэй, байгуулсан гавьяатай Монгол Ардын Нам, мөн эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт амь бие хайргүй зүтгэж, төр, нийгмийнхээ өмнө баатарлаг гавъяа байгуулсан Монголын Ардын Армийн залгамж болсон Зэвсэгт Хүчнийг Монгол Улсын Баатар цолоор адилхан шагначихаад буусан бол Х.Баттулга гэдэг хүн түүхэнд үлдэх ерөнхийлөгч болох байлаа. Харамсалтай нь ялгаварлан орхив.
Дашрамд хөндөхөд, Эх орноо харийн дайснаас хамгаалан эрэлхэгээр тулалдаж баатарлаг гавьяа байгуулсан нэр бүхий хүмүүст Монгол Улсын баатар цолыг нь нэхэн олгуулах хүсэлт удаа дараа гарч ялангуяа 1939 оны Халхын голын дайнд, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож баатар гавъяа байгуулсан тодорхой хүмүүсийг нэхэн шагнуулах хүсэлтийг төрийн болон иргэд, орон нутаг, олон нийтийн байгууллагаас тодорхойлон Ерөнхийлөгчийн Тамгын газарт удаа дараа өргөн мэдүүлсэн боловч үл ойшоож хүлээж аваагүй гэдгийг хэлэх нь зүйтэй.
Тухайлбал 2019 онд тохиосон Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан 1939 оны Халхын голын дайнд МАХЦ-ийн анги нэгтгэлүүдийг жанжин Ж.Лхагвасүрэнгийн хамт удирдан эх орон, ард түмнийхээ өмнө мөнхийн гавьяа байгуулсан боловч 1941 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн цаазлагдсан МАХЦ-ийн Жанжин Штабын дарга, дивиз командлан захирагч Жамсрангийн Цэрэн, мөн дайнд эрэлхэгээр тулалдан амь үрэгдсэн МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизийн дарга, хошууч Чимэдийн Шаарийбуу, 1936 оны 03, 04 дүгээр саруудад Дорнод хилийн “Адаг дулаан”, “Булан дэрс”-ний харуулын орчмоор олон удаа цөмрөн довтолсон Япон-Манжийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг Р-5 онгоц жолоодон эрэлхэгээр тулалдаж баатарлаг гавьяа байгуулсан боловч 1937 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн цаазлагдсан МАХЦ-ийн Нисэх бригадын “Байлдааны нэгдүгээр отряд”-ын анхны дарга, нисгэгч хурандаа Дэмбэрэлийн Жамбаа, 1939 оны Халхын голын дайнд МАХЦ-ийн 06 дугаар морьт дивизийн Их бууны двизоны 01 дүгээр галт салааны 01 дүгээр бууны наводчик Борын Сангидулам, 1939 оны Халхын голын дайнд МАХЦ-ийн 06 дугаар морьт дивизийн Тагнуулын салаанд тагнуулч, 1945 оны Чөлөөлөх дайнд 08 дугаар морьт дивизийн тагнуул салааны дарга, ахмад Навааны Кампаан нарын байгуулсан гавъяа нь тов тодорхой хүмүүст “Монгол Улсын Баатар” хэмээх алдар цолыг нэхэн олгуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарт удаа дараа тавьсан боловч тэд улс төрийн өөнтөгч өнцгөөр асуудалд хандан огтхон ч хариу өгөлгүй, үл тоон дарж орхисон.
Өнөөгийн байдлаар Монгол Улсын Баатар хэмээх төрийн дээд алдар цолыг нийт 62 хүнд олгосон гэдэг. Үүнээс гадаадын 22 иргэн, Монгол Улсын 40 иргэн байдаг ба тэдний дунд Т.Бор, Г.Цэнд нарын хоёр эмэгтэй байдаг. Эдгээр эх оронч баатруудын ихэнх нь дайны талбарт тулалдаж яваад амиа алдсан байдаг тул хожим нь Монгол Улсын баатар цолыг нь нэхэн олгосон байна. Харин Богд Хаант Монгол Улсын 1912-1922 оны хооронд нийт 130 орчим хүнд Монгол улс үндэсний төлөө гаргасан гарамгай гавьяа, мятрашгүй зүтгэлийг нь үнэлж “баатар” цол олгон хэргэм зэрэг, эд зүйлээр шагнаж урамшуулсан байдаг.
Тэгэхлээр Ардын Хувьсгалын 100 жилийн их ойг тохиолдуулан улс үндэстнийхээ эрх ашгийг хамгаалж амь хайргүй зүтгэж, эгнэшгүй гавьяа байгуулсан халуун эх орончдод, тухайлбал Ардын Намын анхны долоон гишүүн Д.Бодоо, С.Данзан, Д.Догсом, Д.Лосол, Д.Чагдаржав, Х.Чойбалсан, мөн Ардын намын Хүрээний бүлгийг үүсгэн байгуулагч Өлзийбаярын Дэндэв, болон Ерөнхий сайд П.Гэндэн, А.Амар, өрлөг жанжин Г.Дэмид, Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг гэхчилэн үе үеийн төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдэд болон Монгол Услын төлөө алтан амиа зориулсан зарим гадаадын иргэдэд Монгол Улсын баатар хэмээх эрхэм хүндэт цол нэхэн олговол 100 жилийн түүхэнд бахархалтай дуурсагдах чухал ач холбогдолтой билээ.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, газар нутгийн бүрэн бүтэн халдашгүй дархан байдлын төлөө харийн дайсны эсрэг эрэлхэгээр тулалдаж халуун амиа зориулан баатрын болзлоо хангасан болох нь түүх архивын баримт, судалгаагаар нотлогдсон ахмад үеийн зоригт дайчдад нэн тэргүүнд
“Монгол Улсын Баатар” цол нэхэн олгох эрх мэдэл гагцхүү Монголын ард түмний их итгэлийг хүлээж үнэмлэхүй ялалт байгуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож улс орондоо шударга ёсыг тогтоох, үндэсний эв нэгдлийг хамгаалах, монгол хүн бүр баялагтаа эзэн байх тогтолцоог төлөвшүүлэхийн төлөө чармайн зүтгэж байгаа Хүчтэй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, түүнд бий. Сайн үйлс дэлгэрэх болтугай
Нисгэгч, зохиолч Т.Батжаргал (Ph.D)