Saturday, November 23, 2024

Замын-Үүдийн отрядыг дэслэгч генерал Ш.Арвайн нэрэмжит болголоо

Date:

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн 0108 дугаар ангийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн нэрэмжит болгожээ. Монгол цэргийн нэрт зүтгэлтэн, Хил хамгаалах байгууллагын гарамгай удирдагчдын нэг Шавийн Арвай /1938-2020/ Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Богийн гашуун хэмээх газар Рэнцэнгийн хүү болон төржээ.

Эцэг нь лам хүн байсан тул хэлмэгдэлд өртөн шоронд хоригдож байгаад 1947 онд суллагдсаныхаа дараа, хүүхдүүдээ эсэргүүний хүүхэд гэх гадуурхалд өртүүлэхгүйн тулд туурга тусгаарласнаар Арвай хүү өвөөгөөрөө овоглох болсон аж. 1947 онд сумынхаа бага сургуульд элсэн ороод, дунд сургуулийн 7-р ангиа аймгийн төвд дүүргэж, 15 наснаасаа Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт ажиллах болсон байна. Улмаар тусгай мэргэжлийн сургуульд суралцан сантехникч мэргэжил эзэмшин, үйлдвэртээ сантехникчээр ажиллаж байжээ. 1954-1958 онд Улаан-Уулын төмөр замын өртөөнд ажиллаж байгаад сайн дураараа цэрэгт явсан байна.

Ийнхүү 1958-1960 онд Сэлэнгийн байцаан өнгөрүүлэх боомтод хилийн цэрэгт алба хааж байхдаа ЗХУ болон БНМАУ-ын онц хилчин цол, тэмдгийг гардан авч, улмаар 1960-1963 онд Москва хотноо Хилийн цэргийн дунд сургуульд суралцан онц дүнтэй төгссөн байна. Эх орондоо буцаж ирээд 1964-1967 онд НАХЯ-ны Хилийн хэлтэст туслах офицероор ажиллаж байгаад дахин ЗХУ уруу явж, 1967-1970 онд Фрунзийн нэрэмжит команд штабын академийг төгсөн, Замын-Үүд дэх хилийн 12 дугаар отрядад штабын дарга, отрядын даргаар ажиллаж, 1975-1976 онд Халх голын отрядыг байгуулан, 1976 онд Хилийн ба Дотоодын цэргийн хэргийг эрхлэх газрын нэгдүгээр орлогч даргаар ажиллажээ.

1976-1982 он хүртэл НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, Хилийн ба Дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын даргаар ажиллаж байв. 1982-1984 онд Москвад Зэвсэгт хүчний Жанжин штабын академид суралцан, цэргийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байна. 1984-1986 онд БХЯ-ны Зэвсэглэл техник хариуцсан орлогч сайд, 1986-1990 он хүртэл НАХЯ-ны орлогч сайд, Хилийн ба Дотоодын цэргийн Удирдах газрын даргаар ажиллаж байгаад 1990 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр бэлтгэлээр халагдаж, гавьяаныхаа амралтад гарчээ. Энэ хугацаанд 1976 онд хошууч генерал, 1979 онд дэслэгч генерал цол хүртсэн аж.

Тэрбээр тэтгэвэрт гарсныхаа дараа Батлан хамгаалахын их сургуулийн Хилийн цэргийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2011 оноос Хууль сахиулахын их сургуулийн эрдэм шинжилгээний төвийн дарга, эрдмийн зөвлөлийн болон магистрын зөвлөлийн гишүүн болжээ. Мөн Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хил судлалын төвийн дарга, НҮБ-ын Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич, тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байв. Дэслэгч генерал Ш.Арвай 200 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвиснаас гадна “Цогтой гүний домогт хязгаар Эрдэнэ сум” хэмээх ном хэвлүүлжээ. Монголын цэргийн нэрт зүтгэлтэн энэ эрхэм Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, мөн цэргийн шинжлэх ухааны доктор, профессор цолтой эрдэмтэн байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...