ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ковидын халдвар гарсан тухай мэдээлэл энэ сарын эхээр, тодруулбал дөрөвдүгээр сарын 06-нд олон нийтэд хүрсэн. Тухайн өдөр “ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангид ковид гарч, 70 хоригдол халдвар авсан бөгөөд тэдний 18-ыг нь цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа бол хөнгөн өвчилсөн 52 хоригдлыг хорих 409 дүгээр ангид тусгаарлан, эмчилж байна. Хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн хоригдогч, түүний өмгөөлөгчөөс эх үүсвэртэй халдвар илэрсэн” гэсэн агуулгатай мэдээллийг хэвлэлүүд түгээжээ.
Тухайн үед 409 дүгээр хорих ангийн удирдлагууд ковидын халдвар гарсантай холбогдуулан мэдээлэл, тайлбар өгөхдөө НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос гаргасан эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийг цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар хэрхэн ажиллах, ямар төрлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах талаарх зөвлөмж, УОК, Эрүүл мэндийн яамны зөвлөмж, Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.
Ийнхүү 409 дүгээр хорих ангид ковид гарснаас хойш бусад хорих ангиудад ч цар тахлын вирус зочилжээ. Өнөөдрийн байдлаар нийт 250 хоригдол ковидоор өвчилсөн гэх мэдээлэл байна. Тодруулбал, дээр дурдсан 409 дүгээр хорих ангиас гадна ШШГЕГ-ын харьяа 461, 403, 421 дүгээр хорих ангиудад ковидын халдвар тархжээ. Хоригдлуудаас гадна хорих ангиудын ажилтан 30 орчим хүн ковид туссан байна.
Ковид туссан хоригдлуудыг тухайн хорих ангийнх нь эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд гол төлөв уламжлалт анагаах ухааны эм тан хэрэглэж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Ноцтой нь хорих ангиудад гарсан халдвар маш богино хугацаанд тархаж байгаа бөгөөд 409 дүгээр хорих ангийн хоригдлууд л гэхэд бараг бүгд халдвар авсан байж магадгүй байна. Энэ нь мэдээж хорих ангиудын нөхцөл байдалтай шууд холбоотой.
Хэрвээ энэ хэвээр байвал хорих ангиудад байгаа бүх хоригдол ковид тусах магадлалтай. Мэдээж тэнд ажиллаж байгаа ажилтан, ажиллагсдад ч эрсдэл үүснэ. Нөгөө талаар хүний амь нас, эрүүл мэндэд ямар нэг эрсдэл учрах юм бол хүний эрхийн холбоотой томоохон асуудал ч дэгдэж болзошгүй. Шүүхийн шийдвэрээр ял эдэлж буй хоригдогч хэн боловч амьд явах эрхтэй, эрүүдэн шүүлтээс ангид байх эрхтэй. Үүнийг олон улсын олон гэрээ, конвенцоор баталгаажуулсан байдаг. Тухайлбал, Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын цогц олон улсын баримт бичигт “Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон бүх этгээд өөртэйгээ энэрэнгүй харьцах, хүний хувьд заяасан нэр хүндээ хэрэгжүүлэх эрх эдлэх ёстой” гэж заасан байдаг юм байна.
Энэ эдлэх ёстой эрхээ хэрэгжүүлэхдээ эрүү шүүлтээс ангид байх эрхээр хангагдсан байх ёстой. Хэрцгий хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх гэдэг нэр томьёог биеийн болон сэтгэл зүйн хүчирхийллээс гадна хоригдож буй байрны нөхцөл нь хүний харах, сонсох болон орон зай ба цаг хугацааг баримжаалах төрөлхийн аливаа мэдрэхүйгээс түр буюу бүрмөсөн хагацаахаар байх ёсгүй гэж дээрх баримт бичигт нарийвчлан зааж өгчээ. Хорих байранд тавигдаж байгаа олон улсын стандарт шаардлагын дагуу хорих байрны үйл ажиллагааг явуулаагүй, шаардлагад нийцээгүй хорих байрны өрөө, тасалгаа, камерууд нь хэрцгий хүнлэг бус харьцааны илрэл хэмээн үздэг.
Сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд хоригдсон этгээдийн байрлах өрөө нь төмөр хаалгатай, онгойлгох хязгаарлагчтай, хяналтын шагайвартай, гадна талдаа цоожтой, цонх нь төмөр сараалжин хамгаалалттай, агааржуулах салхивчтай, модон шалтай эсхүл модон наартай байх бөгөөд хорих өрөөний чийглэг 55-60 хувь, өвлийн улиралд 18 хэмээс багагүй дулаантай байхаар хуульчилжээ. Хэдийгээр хуулийн ийм заалт байгаа хэдий боловч нэг камерт хоригдож байгаа хүний тоо ихэссэн, ачаалалтай, бохир заваан орчинтой, нэг хүнд оногдох талбайн хэмжээ нь хуулиар тогтоосон хэмжээндээ хүрдэггүй, агааржуулалт муутай, хүний угаас заяасан харах, сонсох, орон зайг баримжаалах мэдрэхүйгээс салгах буюу муутгах сөрөг үр дагавартай. Тэгээд ч гэм буруутай эсэх нь хожим шүүх дээр хэлэлцэгдэх гэмт хэрэгт зөвхөн сэжиглэгдэн буруутгагдаж байгаа хүнийг удаан хугацаагаар хүнд хатуу нөхцөлд хорих нь хоригдогсдын амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаанд ноцтой хор хөнөөл учруулж, улмаар эрүү шүүлт, хэрцгий арга ажиллагааны нэг хэлбэр болж өгдөг гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан “Эрүү шүүлтийн эсрэг олон улсын эрх зүйн эх сурвалж” эмхэтгэлд дурдсан байна.
Дээрх хоёрхон эрх зүйн баримт бичгээс харахад л хорих ангиудад хэрвээ эрүүл ахуйн шаардлагад хангаагүй өрөөнд хоригдогчдийг байлгаж байгаа бол хүнлэг бус харьцааны илрэл төдийгүй эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр болох нь байна. Тэр тусмаа жирийн нэг ханиад хатгаа бус цар тахал ковидын халдвар авсан хоригдогчийн хувьд амьд явах эрхэд нь төр баталгаа гаргаж чадах болов уу. Ялтан ч гэсэн төрөлхийн, заяамал эрхээ эдэлж, эрүүл, аюулгүй орчин нөхцөлөөр хангуулах ёстой.
Ковидын халдвар тархаад байгаа хорих ангиудад НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос гаргасан эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийг цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар хэрхэн ажиллах, ямар төрлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах талаарх зөвлөмж, УОК, Эрүүл мэндийн яамны зөвлөмж, Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөө зэрэг нь хэрхэн хэрэгжиж байгааг дарга нарынх нь амнаас бус бодит нөхцөл байдал дээр нь үзэж танилцах эрх Хүний эрхийн үндэсний комисст бий. Хоригдлууд олноороо ковид туссан энэ нөхцөл байдалд тэд анхаарлаа хандуулж, хүний эрхийг хамгаалах ёстой. Хэрвээ зарим хорих анги тэр чигтээ халдварын голомт болчихоод байгаа нь үнэн бол нэн түрүүнд эрдэнэт хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь чухал. Анх удаа шийтгэгдсэн болон хөнгөн ял шийтгэлтэй хоригдлуудыг суллахаас эхлээд боломжтой бүх арга хэлбэрийг ашиглах нь зөв болов уу. Ийм жишиг ковид цар тахал тархсанаас хойш дэлхийн олон улс оронд хэрэгжжээ.
Өнгөрсөн 2020 онд коронавирусийн халдвар шоронгуудад маш эрчимтэй тарсан нь олон улсын хүний эрхийн болон хууль хяналтын байгууллагуудын анхаарлыг татсан юм. Тийм учраас дэлхийн улс орнууд шоронд ял эдэлж байгаа хүмүүс олноороо энэ халдвараар нас барах эрсдэлээс хамгаалж янз бүрийн үндэслэл, нөхцөлөөр хүмүүсийг суллаж эхэлсэн байна. Жишээлбэл, АНУ өндөр настай, хөнгөн ялтай мөн ялынхаа 75 хувийг эдэлсэн 2500 хүнийг суллажээ. Тус улсын Чикаго муж дахь Кук Каунтигийн шоронд 100 гаруй хоригдол, хорих газрын 10 гаруй ажилтан ковидын халдвар авсан нь томоохон дуулиан дэгдээсэн бол Иллинойс, Луизиана мужуудад коронавирусийн халдвар авсан хоригдол нас баржээ. Энэ нөхцөл байдлаас улбаалан хоригдлуудыг суллах шийдвэрийг гаргасан аж.
Бахрейн улсын хаан 5 хүртэл жилийн ялтай 901 хүнд өршөөл үзүүлж, 585 хүнийг суллаж, тэдэнд цахим гав буюу чип суулгах зарлиг гаргасан аж. Англид 70-аас дээш настай 1700 хоригдлыг ялын байдал харгалзахгүй суллажээ. Судан 4217 ялтан, Иран 85 мянган ялтан, Канад 1000 ялтан сулласан байна. Ирланд ялаас нь 6 сар үлдсэн хүмүүсийг, Герман 1.6 жилийн хорих ялтай мөн 1.6 жилийн ял үлдсэн хүмүүсийг суллажээ. Австрали коронавирус туссан хүмүүсийг сулласан аж. Саудын Араб, Палестин, Франц, Филиппин улсууд ч маш олон хоригдлыг сулласан юм байна. Аллага, терроризм, хүчингийн хэргээр шийтгүүлснээс бусад төрлийн ялтай хоригдлуудыг ийнхүү суллаж байгаа аж. Ийнхүү олон улс орон хоригдлуудыг суллахдаа хүний эрхийг нэгдүгээрт тавьсных бөгөөд хоригдлуудыг ковидоос хамгаалах орчин нөхцөл бүрдэхгүй байгаа, тэд өвчилсөн тохиолдолд бусдын адил эмчлүүлэх боломж, эрх нь хязгаарлагдмал гэдгийг үндэслэл болгожээ.
Цаазын ялгүй Монгол Улс гэж бид бахархдаг. Гэтэл хорих ангиудад хоригдож байгаа хүмүүжигчдэд ковид цар тахлын халдвар цаазын ял болж бүү буугаасай билээ.
Эх сурвалж: www.elive.mn