Thursday, November 28, 2024

Л.Халтар: Цар тахлын үед зам, тээврийн салбарын хамт олон өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүллээ

Date:

Улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, ард олныхоо  тээврийн хэрэгцээг тасралтгүй, үр дүнтэй хангаж, сэтгэл, зүтгэл, ажил үйлсээ зориулж яваа зам, тээврийн салбарын 41 мянга гаруй ажиллагсад болон үе үеийн ахмадууд та бүхэндээ шинэ жилийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Дэлхий нийтийг цочроосон “Ковид-19” цар тахал дэгдэж улс орон, ард түмнээрээ амаргүй байдлыг туулсан хүнд хэцүү цаг үед манай зам, тээврийн салбарын хамт олон өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүлж ирлээ.

Авто замын салбарт 2020 онд 1.902.7 км хатуу хучилттай авто зам, 1376.6 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаагаас 300 км хатуу хучилттай авто зам, 864.3 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулан, 14.918.7 км авто замын урсгал засвар, арчлалтыг хугацаанд нь хийж бэлэн байдлыг ханган ажилласан байна. 

2020 онд Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто зам ашиглалтад оруулснаар 20 аймгийн төв, 103 сум, 5 хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбоод байна.

Олон улс, улсын чанартай авто замд шинээр 9 цэгт төлбөр авах цэгийн барилга байгууламж, цахим тоног төхөөрөмж, 13 цэгт динамик автопүү суурилуулж авто замын хяналтыг сайжруулах  ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Төмөр замын салбарт 2020 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 км төмөр зам,  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын барилгын ажлыг монголчууд өөрсдийн хүчин чадлаар дотоодын нөөц боломжоо ашиглан эхлүүлээд байна. Энэхүү бүтээн байгуулалтад 173 аж, ахуй нэгж, 7904 хүн ажиллаж байна.

2020 онд төмөр замаар дамжин тээвэрлэсэн чингэлгийн тоо өнгөрсөн жилтэй харьцуулбал 45 хувиар нэмэгдлээ.

Төмөр замын ачаа тээвэрлэлт нь цар тахлын гамшгийн аюул бэрхшээлтэй байсан ч 30 сая тн ачааг тээвэрлэж өмнө байгаагүй амжилтад хүрлээ.

Агаарын тээврийн салбарт дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг агаарын замаар тойрон аялах “Монголын сайхан орон Мөнгөн хөлгийн цонхоор” аяллын цоо шинэ онцгой бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүллээ. Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэхээр “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталлаа.

Цар тахлын үед гадаадад байгаа иргэдээ авчрах олон улсын тусгай үүргийн шууд нислэгийг АНУ, Австрали, Унгар, Чех, Филиппин улс руу хийж нийт 111 удаагийн нислэгээр 30.277 зорчигч тээвэрлэсэн байна. Түүнчлэн цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын Засгийн газар, ард түмэнд “Андын сэтгэл алсдахгүй” нэртэй тусламжийн барааг “МИАТ” компанийн  онгоц АНУ-ын Сиатл хотод хүргэж, тэндээс иргэдээ авч, АНУ-д хийсэн анхны нислэг боллоо.

Орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл, Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүнболдог нисэх буудлын барилгын ажлыг эхлүүлээд байна.

Мөн Говь-Алтай аймгийн Бугат, Алтай сум, Завхан аймаг Доной нисэх буудлын  нисэх буудлын хөөрч, буух зурвасын ажил, Тосонцэнгэл нисэх буудлын хөөрч, буух шороон зурвасын их засварын ажлыг гүйцэтгэж хүлээн авлаа.

Автотээврийн салбарт дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн анхаарч ажилласан бөгөөд ингэснээр монгол тээвэрчид ОХУ болон Европын улсууд руу хийх тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж 2020 онд Алтанбулаг боомтоор нэвтэрч байгаа тээвэрлэгчдийн 28 хувь нь монгол тээвэрчид байна.

Мөн иргэдээс ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа сонирхол татахуйц тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг Хүүхдийн төлөө төв-хүүхдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагааг дэмжихэд зарцуулахаар эрх зүйн орчныг бүрдүүллээ.

Авто болон төмөр зам, агаарын тээврээр 2020 онд 50.3 сая тн ачаа, давхардсан тоогоор 110.3 сая хүн тээвэрлэлээ.

Зам, тээврийн салбарын хамт олон болон нийт монголчууддаа айлчлан ирж буй 2021 ондоо бие эрүүл, ухаан саруул байж аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн бялхаж явахыг хүсэн ерөөе!

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломж бүрдүүлнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоол хүчин төгөлдөр боллоо

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын...