Монгол Улсын хэмжээнд 2020 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1,127,789 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 661,652 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаад байна. Үүнээс:
– Дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 178,842
– Бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 255,216
– Хийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 14,037
– Цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 264
– Хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 185,668 тус тус техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна.
Иймд тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн техникийн хяналтын үзлэгтээ идэвхтэй хамрагдаж, аюулгүй байдлаа хангахыг Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөж байна. Үзлэг оношилгооны төвүүд ажлын өдрүүдэд 08.30-20.30 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 09.00-19.00 цагуудад ажиллаж байна. Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн үнийн тарифын хувьд суудлын машин 22,000 төгрөг, ачааны машин, автобус, механизм 33,000, мотоцикл, чиргүүл 11,000 төгрөгийн үнэтэй юм байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт: “Хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, уг үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг.
Тиймээс тээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд та Засгийн газрын тогтоолын дагуу тээврийн хэрэгсэл, өөрөө явагч механизм, мотоциклийг жилд нэг удаа тогтсон хугацаанд үзлэг, оношлогоонд хамруулаарай. Мөн та Автотээврийн үндэсний төвийн http://www.transdep.mn/ цахим хуудсын Техникийн хяналтын мэдээлэл шалгах хэсэгт хандан өөрийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн мэдээллийг авах боломжтой.