БНХАУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төв өнгөрсөн бямба гараг буюу энэ сарын 17-нд албан ёсны сайтдаа мэдэгдэл нийтэлж, Чиндаогийн “COVID-19”-ийн халдварын эх үүсвэрийг шалгах явцад ажилчдын зөөвөрлөж буй импортын загасны гаднах хайрцагнаас авсан дээжээс амьд вирус илэрсэн тухай мэдээлжээ. Энэ нь олон улсад анх удаа хөлдөөсөн хүнсний гадна хайрцгаас коронавирус илэрсэн тохиолдол болж буй юм. Коронавирус наалдсан хайрцгаас халдвар тархсан байж болзошгүйг тогтоолоо хэмээн БНХАУ-ын хэвлэлд мэдээлжээ.
БНХАУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төв “Хятадын зах зээлд нэвтэрсэн хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн “COVID-19″-ийн халдвар авах эрсдэл маш бага. Ойрын өдрүүдэд БНХАУ-ын холбогдох байгууллага хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнд нуклейн хүчлийн дээж авч шалгалт хийсэн. Есдүгээр сарын 15-ныг хүртэлх байдлаар, 24 муж нийт 2.98 сая шинжилгээний үр дүнг нийтэлсний дотор хүнсний 22 бүтээгдэхүүн болон боодлоос нь вирус илрүүлсэн боловч нуклейн хүчний хэмжээ бага байна” гэжээ.
Ташрамд дурдахад БНХАУ-ын Шаньдүн мужийн Чиндао хотод коронавирусийн шинэ тохиолдол илэрсэн тул богино хугацаанд буюу хоёр хоногийн дотор тус хотын дөрвөн сая оршин суугчийг бүгдийг нь нуклеины хүчлийн шинжилгээнд хамруулсан байна. Энэ ажилд сайн дурын 20 мянга гаруй хүн идэвхтэй оролцсон гэнэ. Нуклейн хүчлийн шинжилгээний дүнд халдварын шинэ тохиолдол 6, шинж тэмдэггүй тээгч 6, нийт 12 өвчтөн илэрчээ. Үүний зэрэгцээ, Чиндао хот халдвараас байнга сэргийлэн хянах тогтолцооны механизмыг улам төгөлдөржүүлж, чухал талбарын бүх хүмүүс, чухал салбаруудад халдвараас сэргийлэн хянахыг эрчимжүүлж, эмнэлгүүд өдөр тутам байнга сэргийлэн хянах зэрэг олон талын ажлыг үнэнхүү сайтар хийж, бүх хүчээ шавхан сэргийлэн хянаж, оновчтой сэргийлэн хянаж, халдвар дэлгэрэх явдлыг эрс хазаарлан зогсоосон хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлжээ.