Sunday, November 24, 2024

УИХ 11 байнгын хороотой ажиллана

Date:

УИХ-ын Анхдугаар чуулганы өчигдрийн (2020.07.09) нэгдсэн хуралдаан 11 цаг 50 минутад эхэлж, арван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа нар Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурал нь 8 байнгын хороотой ажиллахаар хуульчилсан байдаг. Зарим Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээ хэт өргөн бөгөөд олон чиглэлийг хамарч байгаа нь Улсын Их Хурлаас батлагдан гарах хууль тогтоомжийн чанар, Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийг оновчтой хэрэгжүүлэхэд зарим бэрхшээл үүсгэж байна гэж хууль санаачлагчид үзжээ. Тиймээс Улсын Их Хурлын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгож, дотоод зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулахтай холбоотойгоор зарим Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг салгаж, үйл ажиллагааны зохих салбар чиглэлээр ажиллах зарим Байнгын хороодыг нэмж байгуулах шаардлагатай гэж үзэн Ёс зүй, сахилга хариуцлагын; Инновац, цахим бодлогын; Үйлдвэржилтийн бодлогын гэсэн гурван Байнгын хороог шинээр байгуулахаар төсөлд тусгасан байна.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд байсан зарим асуудлыг хариуцах юм. Энэ байнгын хороо нь гишүүний ёс зүйн талаар баримтлах үндсэн зарчим, чиг баримжааг тодорхойлох, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хариуцлага оногдуулах, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх; ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуралдааны дэг, ирцийн асуудлыг эрхлэхээс гадна гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, хуулиар зөвшөөрөгдсөн албан тушаал хавсран гүйцэтгэхтэй холбоотой асуудал, мөн нийт төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хууль тогтоомж, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, батлуулах, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, төрийн албаны бүх шатны ёс зүйн хороодыг удирдан чиглүүлэх чиг үүрэгтэй ажиллах талаар төсөл санаачлагч илтгэлдээ танилцууллаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг салган Инновац, цахим бодлогын байнгын хороонд хариуцуулахаар төсөлд тусгасан байна. Төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, тогтолцоог сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, инновацид суурилсан бүтээгдэхүүнийг бий болгож үйлдвэрлэлийн хувь хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, дотоодод болон олон улсад өрсөлдөх чадвартай шинэ бүтээгдэхүүн, технологи, үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болгох, дижитал шилжилт, технологийн шинэчлэлийн эрх зүйн бодлогыг Инновац, цахим бодлогын байнгын хороо эрхлэх юм байна.

Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хариуцуулахаар төсөлд тусгасан болохыг Т.Аюурсайхан гишүүн танилцуулсан. Монгол Улсад хөнгөн ба хүнд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг түргэтгэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, экспортын зах зээлийг дэмжих, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог бодлогын оновчтой зохицуулалтаар дэмжих, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд чиглэсэн бодлого, хөгжүүлэлт хийх, санхүүгийн тогтвортой дэмжлэг үзүүлэх, холбогдох дэд бүтцийг сайжруулах, аж үйлдвэрийн цогцолбор, үйлдвэр, технологийн паркуудыг байгуулах зэрэг асуудлыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо эрхлэх юм.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Байнгын хороо 15-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасныг өөрчилж, 11-15 гишүүнтэй байхаар тусгасан болохыг төсөл санаачлагчийн танилцуулгад дурдлаа.

Ингэснээр Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдан гарч байгаа хууль тогтоомж, бусад шийдвэр оновчтой байх, зохих салбар, чиглэлээр хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх болон Улсын Их Хурлын Тамгын газарт тухайн асуудлыг хариуцан ажиллаж байгаа төрийн албан хаагчид илүү мэргэшин ажиллах боломж нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж үзсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энхбаяр, Ш.Раднаасэд нар асуулт асууж, хариулт авлаа.  Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн байгууллагуудын ажил, эрх үүргийн зааг, ялгааг маш тодорхой болгосон гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга гишүүдийн асуултад хариулах үеэрээ онцолж байв. Эрх мэдлийн тэнцэлийг хангах үүднээс Засгийн газрын эрх хэмжээг нэмэгдүүлж, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд оролцох Улсын Их Хурлын гишүүдийн оролцоог хязгаарлах агуулгатай өөрчлөлт орсон. Төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед энэ талаар нухацтай хэлэлцсэн бөгөөд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгийг тайлбарласан. Ажил давхардахгүй, Засгийн газрын үйл ажиллагаанд оролцохгүй, захиргааны ажил хийхгүй. Харин эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох, төрийн байгууллагууд дахь нийт 600 гаруй Ёс зүйн хороодыг эрх зүйн талаас нь дэмжих, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга тайлбарласан. Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид Улсын Их Хурлын гишүүний хавсарч ажиллаж болохгүй ажлын талаарх зохицуулалтууд мөрдөгдөж ирсэн, тодруулбал төрийн бус байгууллагын сонгуульт ажлыг хийж болохоор зохицуулалттай байсныг төсөл санаачлагч Т.Аюурсайхан гишүүн хэлж, дэлгэрэнгүй тайлбар хийсэн. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Т.Доржханд, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Н.Алтанхуяг нар төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийсэн. Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 45 нь 71.4 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээд, чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарласан.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-ын дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Н.Энхболд гишүүн гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь Байнгын хорооны дэмжсэн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 41 нь дэмжснээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Иймд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг танилцуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...