Sunday, May 24, 2026

Зуны саруудад ихэнх нутгаар хур тунадас бага, хэт халуун байх төлөв гарчээ

Date:

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны тоон загварчлал судалгааны хэлтсээс 2026 оны 6 дугаар сараас 8 дугаар сар дуусталх хугацааны урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ. Дэлхийн Цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг байна.

Ийнхүү олон жилийн дундажтай харьцуулан үзэхэд 2026 оны зургаадугаар сард агаарын температур нутгийн өмнөд хэсгээр, долоо болон наймдугаар сард ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байна. Хур тунадас зургаадугаар сард баруун болон говиор, долдугаар сард ихэнх нутгаар, наймдугаар сард баруун болон зүүн хэсгээр ОЖД-аас бага байхаар байна. Иймд агаар, хөрсний хэт халалт, хуурайшилт бий болох магадлалтай ба түүнээс үүдэлтэй болзошгүй аюул, ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны 6 дугаар сараас 8 дугаар сар дуустал хугацааны цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сард. Агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтай, Өмнөговийн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Долоодугаар сард. Агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Төвийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Завханы ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төвийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.      

Наймдугаар сард. Агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь–Алтайн ихэнх, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд, Дорнодын зүүн хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...