В.Путин Сирид айлчлав ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Сирид айлчилжээ. Тэрээр Сирийн нийслэл Дамаскт хүрэлцэн очиж, тус улсын ерөнхийлөгч Башар Ассадтай хэлэлцээ хийсэн байна. Энэ нь 2011 онд Сирийн хямрал эхэлснээс хойш В.Путиний Дамаскад хийж буй анхны айлчлал юм. Сирийн үндэсний телевизийн мэдээлснээр, В.Путин, Башар Ассад нар Дамаск дахь ОХУ-ын цэргийн хуаранд хэлэлцээ хийжээ. Хоёр тал Сирид суугаа Оросын цэргийн командлагчдын тайланг сонсож, Сирийн нөхцөл байдал, бүс нутгийн сүүлийн үеийн байдлыг авч хэлэлцсэн байна. Мөн Идлиб мужийн бүс нутаг, Сирийн хойд нутгийн байдал, терроризмтой тэмцэх, Сирийн улс төрийн үйл явцыг ахиулах зэрэг сэдвийн хүрээнд ярилцсан аж. 2015 оны есдүгээр сард, ОХУ Сирийн засгийн газрын урилгаар Сирийн хэт даврагч хүчинд цэргийн цохилт өгч эхэлсэн юм. 2017 оны арванхоёрдугаар сард В.Путин Сириэс цэргээ татах тухайгаа мэдэгдсэн боловч агаарын цэргийн Хмеймим бааз ба тэнгисийн цэргийн Тартус баазад цэргүүдээ байлгахаар болсон юм.