Sunday, May 24, 2026

МУСГЗ, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Л.Нямаагийн “Бүтээлийн чуулган-I,II” хос ботийн нээлт боллоо

Date:

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч, яруу найрагч Ломбын Нямаагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан хэвлэсэн “Бүтээлийн чуулган-I,II” хос ботийн нээлтийн ёслол 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өлзий наран эрхшээсэн билэгт сайн өдөр “Чингис хаан” үндэсний музейд боллоо.

Ломбын Нямаа агсны бүтээлийн чуулганыг 10 ботиор эмхлэн хэвлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тэргүүн ботиудыг нь түүний шавь, яруу найрагч, сэтгүүлч Г.Сонинбаяр санаачлан эмхэтгэж, Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн тэргүүн, доктор Д.Ганболд ариутган шүүж, “Жиком пресс” ХХК-д хэвлэжээ.

Уран зохиолын ертөнцийн элдэв сонин, яруу найрагч, зохиолчдын тухай хөрөг, дурсамж, ярилцлагаас бүтсэн “Миний амьдардаг ертөнц” нэртэй тэргүүн ботийнх нь өмнөтгөлийг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”ын эзэн яруу найрагч, шавь Д.Галсансүх нь, нийгэм, улс төр, урлаг, соёл, түүх, гүн ухаан, боловсрол, удирдахуй ухаан зэрэг өргөн сэдвээр бичсэн асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэлүүдийн “Хүмүүн танаа өргөх өчил” дэд ботийнх нь өмнөтгөлийг 1990-ээд оны яруу найргийн содон төлөөлөгч, буддист яруу найрагч, шавь Б.Одгэрэл нь тус тус бичжээ.

Соён гэгээрүүлэгч, яруу найрагч Ломбын Нямаагийн “Бүтээлийн чуулган-I,II” хос ботийн нээлтийн ёслолд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Тангадын Галсан, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Балжирын Догмид, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, яруу найрагч Жигжидсүрэнгийн Нэргүй, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Билэгийн Норов, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Дэжидмаагийн Галсансүх тэргүүтэй уран үгийн дархчууд, үе үеийн зохиолч, яруу найрагчид, Ломбын Нямаа багшийн шавь нар, үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцжээ.

Ломбын Нямаа багшийн унаган шавь, “Модернист фронт командлагч”, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Д.Галсансүх Герман улсаас хүрэлцэн ирж, багшийнхаа бүтээлийн чуулганы нээлтэд оролцлоо.
Ломбын Нямаа агсны Бүтээлийн чуулганы дээж хоёр ботийг охин Н.Алтанзулд нь гардуулан өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...