Saturday, January 10, 2026

Мэгзэмийн учир утга хийгээд ач тусын тухай өгүүлэхүй

Date:

Маргааш буюу 12-р сарын 14 бол өвлийн эхэн сарын хуучны 25 буюу Цастын мэргэдийн оройн чимэг, Гэлүгба ёс буюу шарын шашныг үндэслэгч, “Их Бодь мөрийн зэрэг” номын зохиогч Богд Зонховын их дүйчэн өдөр Зулын 25. Монголчууд эртнээс Зулын 25-нд буян ном үйлдэхэд шамдаж ирсэн уламжлалтай. Дүйчэн гэдэг маань онцгой тэмдэглэлт өдөр гэсэн утгатай.

Энэхүү дүйчэн өдрөөр сүсэгтэн олон ялангуяа бурхны шашинтан хүмүүс юу хийвэл зохилтой вэ гэхээр зул өргөх. Дотроо маш олон янзын бэлгэдэл, цаад утга агуулга бий. Гэхдээ нэг зүйлийг дурдаад хэлбэл Богд Зонхова шарын шашныг үндэслэгч гэдэг энэ хүний тухай мэдээллийг улам өргөн дэлгэр болгох өөртөө энэ хүний тухай түүх намтар зохиол бүтээл тэр нь бурхны шашинтан хүмүүсд яаж нөлөөлдөг тэр хүний амьдралд нь аз жаргалтай сайн сайхан болгодог энэ тухай мэдээллийг өөртөө нэмэх өдөр юм.

Богд Зонховын намтар, түүх

Энэтхэгийн буддын шашныг шинэчлэн Төвдөд дэлгэрүүлсэн хүн. Өөрөөр хэлбэл, Төвдийн шашин буюу шарын шашныг үндэслэгч юм. Жинхэнэ нэр нь Лувсандагва бөгөөд 1357 онд Төвдийн Хөх нуурын Шинян орчимд Зонха гэдэг газар төрж, 1419 он хүртэл амьдарч байжээ. 17-37 нас хүртэл шашны номыг үзэж, буддын шашны хямралд дүгнэлт хийж шинэчлэл явуулан шинэ сахилуудыг бий болгожээ. Тухайлбал, эхнэр авахгүй, архи уухгүй, худал хэлэхгүй, амьтны амь таслахгүй, худалдаа наймаа ба төрийн хэрэгт оролцохгүй байх тухай заажээ. Түүний хоёр шавийн өргөсөн нэр нь Далай лам, Банчин-Эрдэнэ, харин номын нэр нь Жалцавжи, Хайдавжи юм. Будда Шагжамунигийн хойт дүрийг тодруулаагүйн адил Богд Зонховын дараагийн дүрийг гаргаж ирээгүй байна. Богд Зонхов буддын шашны анхдагч судруудыг судалсны үндсэн дээр бурханы шашинд томоохон шинэтгэлийг хийж, Бодь мөрийн зэрэг хэмээх алдартай судрыг зохиож гэгээрэлд хүрэх шат дамжлагыг заажээ. Богд Зонхов таалал болохынхоо өмнө шавь нартаа хандан “Миний сургаалыг уншин дагаж байгаа хэн боловч надтай уулзаж, миний шавь болж байна” гэсэн үг хэмээн гэрээсэлжээ.

Зонхов богдын талаар домог өгүүлэхүй: Юан улсын хааны зарлигаар Сонгинотод даргаар тохоогдсон Лүбүнх гэгч буурай, олон хүүхэдтэй ядуу айл байжээ. Зонха буюу Сонгинот голын хөвөөг дагаж аж төрдөг байжээ. Цөөн хэдэн хонь, ганц алаг үнээтэй юмсанжээ. Гэтэл үнээ нь тугалах гээд шилрэн алга болжээ. Эх нь бие давхар боловч алаг үнээнийхээ хойноос явж гэнэ. Үнээ нь харин Зонха голын эхэнд тугалласан байсныг олж, үнээгээ хөтлөн, тугалыг нь тэврэн, гэр рүүгээ явж байтал өөрөө төрөхөөр өвдөж, Зонха голын хөвөөнд нэгэн хөвүүнийг төрүүлжээ. Эх Шинжээ хүүгээ аваад явбал тугалаа авч чадахгүй, тугалаа тэвэрвэл хүүгээ авч явж чадахгүй гацаанд ороод бодсон нь: “Манайх олон хүүхэдтэй айл хүүгээ орхиё, манай олон өлөн амыг үнээ маань тэжээдэг, тугалаа авч харих нь зөв” гээд нярайгаа хээр орхиод, тугалаа аваад харьжээ. Маргааш нь Лүбүнх өвгөн “Ямар ч байсан бидний үр, яасан бол” гэж бодоод үнээ тууж ирсэн мөрөөр яваад Сонгинот голын ар хөвөөнд хүртэл нэгэн том шувуу сууж байгаад ниссэнд “за энэ шувуу ч хүүг маань тоншчихсон байхдаа” гэж бодон очвол хүүг нь тэр шувуу харин далавчаараа бүтээн хоносон байжээ. Үүнд аав нь баярлаж, ниссэн шувууны араас залбираад, энэ онцгой хувь заяатай хүүхэд байна гээд хөвүүнээ аваад харьжээ.

Зонхов (Зонха гэдэг нь Сонгинотын ам гэсэн төвд үг, Зонхова гэдэг нь Сонгинотын амын хүн гэсэн утгатай) билгийн улирлын зургадугаар жарны улаагчин тахиа жил буюу аргын тооллын 1357 онд Зонхад эхийн алтан хэвлийгээс унасан ажээ. Аав нь Бумлхүмбэ гэж Юан улсын хаанаас томилогдсон даргач хүн байжээ. Даргачаар зөвхөн монгол хүнийг л тавьдаг байжээ. Тэрхүү Бумлхүмбэ нэр хятадаар сунжирсаар Лүбүнхэ болсон гэж үздэг байна. Зонхов богдын багын нэрийг Гунгаанямбуу гэдэг байжээ. Долоон настайдаа Донровринчен хувилгаанаас гэцэлийн санваар авчээ. Түүнчлэн Ямандаг, Дэмчиг, Чагдар зэрэг ядам бурхадын тарнийн авшиг хүртжээ. Донжиддорж гэдэг нууц нэртэй болсон байна. Энэ үед төвд хэл бичиг сурч, бурханы олон зүйлийн судар тарнийн ном заалгаж, эрдмийнхээ суурийг тавьсан байна. 16 насандаа Түвдэд ирж Сарва гүнтэнгээс анагаах ухаан, Ричинамжир гүүш ба Сажбад Банчингаас дуун ухаан, Нэхсамбуу гүүшээс уянга, утга зохиолыг сурчээ. Мөн Сахъяа хийдийн Рэндаваа, Цонорүбжи багшаасаа “Төв үзэл”, “Винайн аймаг сав”, “Шалгадагийн тайлбар” сэлтийг сурсан байна. Хорин найман насандаа гэлэнгийн санваар хүртжээ. Зонхов судар тарнийн хуваргуудыг хэнийг ч болов цөм сахил санваарыг чанад сахиж, гэргий авалгүй, шар малгай өмсөж, сүмд шавилан суухыг номлож, архи, тамхийг цээрлэх, ужид цэнгэлийг тэвчих, амьтны амь хороохгүй байхыг номложээ. Шар луу жил буюу 1401 онд Зонхов богд “Бодь мөрийн зэрэг” бүтээлээ эхэлж, дараа жил нь дуусгажээ. 1406 онд “Тарнийн мөрийн зэрэг” гэдэг том бүтээлээ туурвисан ажээ. Энэ хоёр том бүтээлээрээ шарын шашин буюу Гэлүгвэгийн аймгийн онолын үндсийг тавьжээ. Их мэргэдийн оройн чимэг Их богд маань унасан газар, угаасан усныхаа нэрээр Зонхов гэж даян дэлхийд алдаршжээ. 

Богд Зонховын дүйчэн өдөр мэгзэмийг ихээр уншиж буян хураадаг. Мэгзэмийн ач тус асар их юм. Утга учир шалтгааныг нь хүмүүс тэр болгон мэддэггүй. Маани мэгзэм урин дуудах нь асар их буян хураадаг байна. Мэгзэмийн тухай www.buddhism.mn сайтын мэдээллийг хуваалцаж байна.

Мигзэм гэж юу вэ? Утга учир

Мигзэм нь туйлын энэрэл нигүүлсэл гэсэн утгатай, язгуурын гурван бурхан лугаа ялгалгүй Богд Зонховад залбирал талбих юм. Язгуурын гурван бурханы эрдэм чадал билиг оюун, энэрэл нигүүлсэл, хүч чадалыг Богд Зонхова эрхшээсэн тул ялгалгүй юм.

Мигзэмийн үүсэл гарал

Богд Зонхова өөрийн багш Риндаваад зориулан Мигзэмийг зохиож багшдаа барихад багш нь ихэд баясан таалж “Намайг ийн магтах нь зохисгүй. Харин номын богд Лувсандагва таны эрдэм чадал, үйлс зохионгуйд нийцнэ” хэмээн “Цастын мэргэдийн оройн чимэг Риндаваа” гэдгийг өөрчлөн “Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова” хэмээн магтан зохиосон түүхтэй. Тэр цагт Манзушри Богд Зонховын шавь нарт туслахын тухайд Мигзэмийг дахин зарлиглан адислажээ. Жанрайсиг бурхан нь хамаг амьтныг энэрэн нигүүлсэж хатуу ширүүн бүхнийг уяраан зөөллөх, Манзушри бурхан нь доройтол бүхний үндэс мунхагийн харанхуйг таслан муу сэтгэлийг ариусгаж, эрдэм ухааны шид бүтээл хайрлах, Очирваань бурхан нь гадна дотны хортон дайсныг даран зохиох хүчтэй болой.

Мигзэмийн ач тус хийгээд буян хураах нь

Мигзэмийг нэгэн үзүүрт сэтгэлээр уншиж чадваас тус эрдэм цаглашгүй болой

Өөр бусдын бие тэргүүтэнд урьдын муу үйлийн урхаг, өвчин, ад дон зохисгүй бүхэн амарлина.

Гэгээрлийг олох зам мөрд тотгорлосон саад бүхнээс ангижирч тэвчилт онолын онцгой эрдэм сэтгэлд түргэн төрөхийн шалтгаан бүрдэнэ.

Хур бороо ороогүй ган болсон газар оронд хур бууна.

Хур буцаах, нялхасыг сахих, эдийг бүтээх тэргүүтний үйлэнд бусдаас гүн бөгөөд онцгой илүү.

Даруйд нас урт, өвчин үгүй болно

Буян ихэд арвижна.

Гадна дотны барцадаар үл чадагдана.

Төгс эдлэлээр элбэг, алдар нэр олонд түгнэ

Мэсийн хорлолоор үл чадагдана.

Нэгэн насандаа бурханы хутаг олох тэргүүтэн эрдэм цаглашгүй

**Мигзэмийг Түвд хэлээр **

Мэгмэд зээвий дэрчин Жанрайсиг
Дэмид чинбий банбу Жамбий Ян
Дүдбүн малуй жомзад Санвыдаг
Ганжан хайвы зүгчин Зонхова
Лувсандагвы шавлаа солвоон дэв

**Мигзэмийг Монгол хэлээр **

Их нигүүлсэнгүйн гуу сан
Хиргүй алдалын эрхэт Манзушри
Шулмасын омгийг даран зохиогч Очирваань
Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова
Сайн оюут Лувсандагвын өлмийд мөргөе.

Маани мэгзэм уншихдаа сэтгэл оюундаа эх болсон 6 зүйлс хамаг амьтны тусын тулд хэмээн бясалгаж олон саяаар нь урин дуудваас асар иж буян билээ.

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Дүнгийн овогт Дуламрагчаагийн Жавзандоржийн мэгзэмийн тухай тайлбарыг хүргэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бортээгийг “хөдөлгөж”, хар алтны ашгийг өсгөнө

Манай улсын нийт экспортын орлогын 40 хувийг бүрдүүлдэг “хар...

“Улаанбаатар Арена” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Төслийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журмыг баримтлан ажиллахыг Тэргүүн шадар...

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын...