2025 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.
Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ”в”, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолын дагуу “Мал, тэжээвэр амьтдын тооллого”-ын мэдээлэл цуглуулалтыг 2025 оны 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.
Тооллогын дүнг төр, хувийн хэвшлийн шийдвэр гаргалтад суурь мэдээлэл болгон ашигладаг. Тухайлбал тооллогын дүнг малчдад даатгалын нөхөн төлбөр олгох, татвар ноогдуулах, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, сүү, ноос, арьс ширний урамшуулал олгох, малчдын нийгмийн халамж, зээл, ажил эрхлэлт, тэтгэвэртэй холбоотой шийдвэр, тухайн засаг захиргааны нэгжийн эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын төлөвлөлт, бодлого боловсруулахад ашиглаж байна.
Түүнчлэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” системд 2014-2024 оны мал тооллогын мэдээллийг нэгтгэж, мал бүхий иргэд, малчид, аж ахуйн нэгж, байгууллагуудад хэрэглэх боломжийг бүрдүүлэн ашиглаж байна. Сургалтад 27 сумын ЗДТГ-ын дарга, ССХА, БЗД, ХАА-н тасгаас төлөөлөл хамрагдлаа. Мал тооллогын МТ-1 асуулгын хуудас ҮСХ-ын даргын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/115 дугаар тушаалаар шинэчлэн баталсан байна.
Түүхэн мэдээллээс дурдвал, Мал тооллогыг өмнө нь зун, намрын улиралд зохион байгуулдаг байсан бол 1961 оноос эхлэн жилийн эцэст буюу 12 дугаар сард тоолдог болсон. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн харьцангуй бага байдаг зэрэг давуу талтай юм.
Малын тооллогын үр дүнг макро түвшний тооцоо, судалгаанд ашиглаж, салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах мэдээллийн гол эх үүсвэр болгон ашигладаг бөгөөд салбарын эдийн засгийн тооцооны тулгуур үндэслэл болдгоороо ихээхэн ач холбогдолтой.
Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

