Sunday, May 24, 2026

Монгол Улс ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдлоо

Date:

Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан Дэлхийн өвийн конвенцын Талуудын 25 дугаар Ерөнхий Ассамблейн чуулганаар Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдлоо.

Нээлттэй таван суудлын төлөө 12 улс өрсөлдсөн бөгөөд манай улс Армени, Бангладеш, Чех, Польш Улстай хамт гишүүнээр ажиллахаар боллоо.

Дэлхийн өвийн Засгийн газар хоорондын хороо нь 21 гишүүн улсаас бүрддэг бөгөөд Дэлхийн өвийн жагсаалтад өв бүртгэх, хасах, бүртгэлтэй өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар шийдвэр гаргах, санхүүжилт хуваарилах, конвенцын хэрэгжилтийг хангах зэрэг чиг үүрэгтэй.

Манай улс гишүүнээр сонгогдсоноор конвенцын хэрэгжилтийг олон улсын түвшинд идэвхтэй дэмжихээс гадна зөвлөмж, шийдвэрийн хэлэлцүүлэгт шууд оролцох боломж бүрдэж байна.

Энэ нь соёлын болон байгалийн өвийн салбарын үндэсний мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улсынхаа нэр хүндийг дэлхийн хэмжээнд бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Манай улс дээрх конвенцод 1990 онд нэгдэн орсон бөгөөд Соёлын ангилалд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун ба түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор, Байгалийн ангилалд Увс нуурын ай сав газар, Дагуурын тал (ландшафт)-ыг бүртгүүлсэн.

Энэ нь тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх, соёл, байгалийн үнэт өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, археологийн судалгааг нэмэгдүүлэх зэрэгт чухал хувь нэмэртэй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...