Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит “Оюухай-2025” яруу найргийн 12 дахь удаагийн наадам Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор Чингис хотноо аравдугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд боллоо. Уг наадмын хүрээнд “Уран үгсийн чуулган”, “Найрагтай үдэш” уншигч, зохиолчдын уулзалт, номын үзэсгэлэн худалдаа, номтой сугалаа зохион байгуулагджээ.
Энэхүү наадамд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч Ч.Дагвадорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Ж.Нэргүй, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Б.Гантигмаа, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Элбэгзаяа, нэвтрүүлэгч Т.Сайнтод, Ардын багш, Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Р.Чойномын бага дүү, бага охин, мөн “Оюухай” наадмын үе үеийн тэргүүн байрын эзэд болон “Болор цом”-ын эзэд оролцсон байна.
“Оюухай-2025” яруу найргийн наадмын хоёрын даваанд шалгарсан 32 найрагч Чингис хотноо “Хан Хэнтий” чуулгын тайзнаа шүлгээ уншин өрсөлдсөнөөс тэргүүн байрыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Энхжаргал хүртэж “Оюухай” наадмын алтан цомыг гардсан бол дэд байрт МЗЭ-ийн шагналт, 2014 оны “Оюухай” наадмын тэргүүн байрын шагналт М.Уянсүх, гутгаар байрт яруу найрагч Н.Батболд, тусгай байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Гантулга, тавдугаар байрт яруу найрагч Б.Бүргэд нар тус тус шалгарчээ.















