Thursday, October 30, 2025

Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ

Date:

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ оны зургадугаар сарын 10-ны хуралдаанаараа тогтоол баталж, ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм байна. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн ахалж буй тус ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийжээ.

Ажлын хэсгийн хуралдаанаар Монголбанк, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын болон Сангийн яам, Монголын Ипотекийн корпорацийн орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийслэл хот болон орон нутагт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, санхүүжилтийн тогтолцоо, орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг сонссон байна.

Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгоод байгаа аж. Энэ зээлийн дундаж хугацаа 17.7 жил байгаа бөгөөд 2023 оноос орон нутагт 3.0 хувийн хүүгийн татаастай зээл олгож байна. Энэхүү татаастай зээлийн эхний гурван жилийн 3.0 хувийн хүүг улсын төсвөөс олгож буй бөгөөд урьдчилгаа төлбөрийн 60 хувьд батлан даалтад хамрагдах боломжтой юм. Банкны систем дэх зээлийн бүтээгдэхүүнүүдийн дотор ипотекийн зээл өндөр чанартайд тооцогддог бөгөөд 95.1 хувь нь хэвийн, 4.6 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд хамаарч байна. Өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэн дүнтэй байгаа ба дөрөвдүгээр улиралд банкны системийн өсөлт 33.1 хувьд хүрсний дотор ипотекийн зээл 23.9 хувиар өсчээ. Шинээр олгосон зээл 2024 онд өмнөх оноос 1.5 дахин нэмэгдсэн бол 2025 оны есдүгээр сарын байдлаар ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ.

Хуралдаанд ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, А.Ундраа, Н.Батсүмбэрэл, М.Мандхай, Г.Лувсанжамц нар оролцож, ипотекийн зээлийн хүртээмж, эргэн төлөлт болон Монголын Ипотекийн корпорацийн оролцогч талууд, Монголбанкны оролцоо, үүрэг, барилга, орон сууцжуулалтын бодлого, чиглэлийн талаар асууж, мэдээлэл авчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа

Нийслэл Улаанбаатар хотод барьж 2025-2028 онд ашиглалтад оруулах орон...

Генерал Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилжээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Өнгөрсөн баасан гаригт...

Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван толгойн ордын Бортээгийн...