Wednesday, June 4, 2025

Б.Сүхбаатар: Морин хуур дэлхийн хөгжим болох эхлэл тавигдсан

Date:

“Жонон хар” морин хуурын музей гадаад, дотоодын жуулчдад зориулсан ардын урлагийн тоглолтыг байнга толилуулдаг юм байна. Тус музейн хамт олон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудад зориулан ардын урлагийн ээлжит тоглолтоо өргөн барилаа. Тоглолтынхоо өмнө “Жонон хар” морин хуурын музейн захирал Б.Сүхбаатар морин хуурын үүсэл хөгжил, өвөрмөц онцлог, ая дан, түүхэн уламжлалын талаар товч бөгөөд сонирхолтой мэдээлэл хийж, “Ингэн эгшиг” богино хэмжээний баримтат киног толилуулсон юм.

Энэ үеэр Монголын анхны морин хуурын музейг үүсгэн байгуулагч, “Монгол хуур” төвийн захирал, морин хуур урлаач, морин хуурч, ая зохиогч Б.Сүхбаатартай цөөн хором ярилцлаа.

-“Жонон хар” морин хуурын музей хэзээ байгуулагдсан бэ?

-Манай музей 2009 оноос үүсэл нь тавигдсан. 2009 онд манай удмын нэг өвөө надад “Манай удмаас морин хуураар оролдож байгаа нь чи юм чинь үүнийг хадгалж яв” гэж нэг икэл хөгжим өгсөн. Түүнээс өмнө би икэл хөгжмийг мэдэхгүй л явсан. Ингээд тэр өвөө маань надад икэл өгөөд ийм хөгжим байдаг юм байна гэж мэдэж авснаас хойш хуур хөгжим цуглуулах хобби төрсөн. 2014 он хүртэл цуглуулаад 100 гаруй үзмэртэй болсон. Хун хуур, арслан хуур, луу хуур, суухан хуур гээд бүгдийг цуглуулсан.

2014 онд анх байр түрээслээд музейгээ нээж эхэлсэн юм. Мэдээж түрээсийн байр хэцүү, музейг тэр бүр хүн ирж үзэхгүй. Гэхдээ бор зүрхээрээ ажиллуулаад дажгүй явсан. 2017 оноос эдийн засгийн асуудлаас болоод дампуурсан. Залгаад ковид гараад, нэлээд их өрөнд орсон. Ингэж байгаад 2021, 2022 оноос буцаж юмаа хийгээд хөл дээрээ босоод явж байгаа.

-Үзмэр хэр баяжиж байна вэ?

-Өнгөрсөн 16 жилийн хугацаанд нийт 400-гаад үзмэртэй болсон байна. Байрны хэмжээ бага учир бүх үзмэр багтахгүй байгаа. Цаашдаа бол ер нь томоохон объект хэрэгтэй болоод байгаа юм. Манай музейн зорилго бол Монголын үндэсний морин хуур хөгжмийн өв санг хамгаалах, хадгалах, шинжлэх ухааны үндэстэйгээр судлах, олон улсад сурталчлан таниулахад оршино. Морин хуур хөгжим дэлхийн хөгжим болоход морин хуурын музей чухал үүрэгтэй гэж боддог.

-Морин хуураа дээдлэх тухай Төрийн тэргүүний зарлиг саяхан гарсан даа?

-Хоёр ч удаа Ерөнхийлөгчийн зарлиг гарч байгаа. Анх Н.Багабанди гуайн үед айл бүхэн морин хуураа хоймортоо зална гэсэн бол У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн зарлигаар өрх бүр өөрийн гэсэн морин хуурчтай болъё гэж байгаа. Учир нь морин хуурын ая дан гэдэг бол бидний оюун санаа, ахуйн байдалд маш чухал гэдэг үндэслэлээр. Цаашдаа морин хуур хөгжим дэлхийн хөгжим болох эх үүсвэр тавигдсан гэж ойлгож болно. Гадаадаас хүмүүс маш ихээр онлайнаар захиалж морин хуур хийлгэж байна. Дээрээс нь “Хү” хамтлаг дэлхийд морин хуурыг маш өндөр түвшинд таниуллаа. Тиймээс эрэлт маш ихтэй болсон. Тэгэнгүүт морин хуурын үйлдвэрлэл дагаад хөгжиж байна. Сургалтын систем сайхан болж байна. Энэ чиглэлээр маш олон ажил хийгдэж байгаа. Манай төвийн зорилго бол ирээдүйд дэлхийн морин хуурын төв нь Монголд байна гэсэн зорилго тавьж байгаа. Тэгэхээр бид ямар ч байсан таван давхар юм уу, арван давхар байшин барина. Түүний дотор морин хуураа түшиглээд Монголын бүх өв соёл цогцолж байдаг болгох л зорилготой.

-Танай музейн хамгийн эртний үзмэр ямар хуур байгаа бол?

-Миний өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн икэл хөгжим байгаа. Богд хааны үед хэрэглэж байсан боржигин хуур байгаа. Тэгээд янз бүрийн цаг үед, янз бүрийн хүмүүсийн хэрэглэж байсан морин хуурууд байгаа. Сая би дахин давтагдашгүй 108 морин хуурын үзэсгэлэн гаргасан. Уг үзэсгэлэнгийн хуурууд маань манай музейд бий. Хамгийн сор бүтээл нь алтан хуур. Алтан хуур бол 100 сая төгрөгийн үнэлгээтэй. Үнэтэй модоор хийж, алтаар тоноглосон. Уг хуурын толгойд гэрэгэ дүрсэлсэн. Гэрэгэний голд шигтгээ байгаа. Түүнийг харахад Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн “Өвгөн хуурч” зураг томорч харагдана. Хуураа би урлаж, Ганзориг гэж дархан бусад урлалыг нь хийсэн. “Эрийн хийморь” гэж хуур гэхэд чоно гишгэж байгаа азаргыг дүрсэлсэн сийлбэр бүхий толгойтой. Энэ мэтчилэнгээр морин хуурандаа янз бүрийн инноваци шингээж, олон улсын зах зээл дээр гаргахад энгийн хөгжим байснаас илүү Монголынхоо өв, соёлыг сурталчилна. Монгол зураг, сийлбэрээ шингээгээд гаргах юм бол тухайн зураач, сийлбэрч ч гэсэн нэмүү өртгөө шингээгээд ашгаа авах юм. Түүнээс биш би зөвхөн өөрөө урлаад байвал ганцхан би л орлого олно. Харин  хамтаа ийм бүтээл хийвэл уран зураач, сийлбэрч, алт мөнгөний дархан гээд олон хүн ашиг орлого олж байгаа юм. Ийм цогц санааг агуулж яваа.

-Танайх музейгээс гадна морин хуурын сургалт, үйлдвэрлэлийг эрхэлдэг байх нь ээ?

-Морин хуурын үйлдвэрлэл, худалдаа, сургалт, музей гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашдаа судалгааны лаборатори байгуулах зорилготой байгаа. Алсдаа Морин хуурын академи гээд морин хуурын багш бэлддэг ахисан түвшний сургалтууд хийхээр зорьж байна.

-Сургалтад хүүхдүүд хэр хамрагдаж байна. Сая жишээ нь тоглолт үзэхээр ирсэн хүү танд шавь орж байх шиг байна?

-Манай сарын сургалтад 30-50 хүүхэд байнга явдаг. Зарим үед наймдугаар сард хүн бүхэн амраад хөдөө явчихаар жаахан цөөрнө. Хавар шалгалт шүүлгийн үед багасна. Бусад үед дор хаяж 50 хүн сургалтад байнга явж байдаг.

-Сургалтын байр танхимаа яаж шийддэг вэ?

-Музей маань сургалтын орчин болдог. Мөн доод давхарт морин хуурын дэлгүүр дотроо сургалтын өрөөтэй.   

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн номууд Конгрессын номын санд тавигджээ

Монгол хэл, сэтгэлгээний өвийг хамгаалагч, монгол хүний мөн чанарын...