Thursday, November 21, 2024

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Date:

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр хийжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахалж буй тус хорооны хурлаас Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 15-ны дотор хийж хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцэн тодорхойлсон байна. Тухайлбал, Үндэсний орон сууцжуулалтын тухай хууль болон орон сууцжуулалтын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг нэгтгэн боловсруулж, УИХ-д өргөн барих, иргэдийг орон сууцжуулах, залуу гэр бүлийг дэмжих бодлого, стратегийн зураглал, төлөвлөгөө боловсруулах, ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилж, эх үүсвэрийг нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргахаар болжээ. Мөн амины орон сууц болон ногоон орон сууцны стандарт, жишиг загвар, баталж, хэрэгжүүлэх, амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлж, шаардлагатай зохицуулалт хийх чиглэл өгсөн нь олзуурхууштай.

Үндэсний орон сууцжуулах төлөвлөгөө хэрэгжүүлэхэд шаардлагатай цахилгаан, дулаан хангамжийн эх үүсвэр нэмэгдүүлэн, шугамын өргөтгөл хийх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөх, аймаг орон нутагт дэд бүтэц байгуулах төлөвлөгөө боловсруулж, танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох яам, агентлагуудад өгчээ. 

Ийнхүү өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн нэг гол зорилго орон сууцжуулах бодлого бодитоор хэрэгжих хууль эрх зүйн болон үйл ажиллагааны үндэс суурь тавигдаж байна. Үндэсний баялгийн сан нь Ирээдүй өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн гурван данстай байна. Хуримтлалын санд Эрдэнэтийн 34, Оюутолгойн 34, Тавантолгойн 34 хувь шилжиж, “Эрдэнэс Монгол” нэгдэл 500.0 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд шилжүүлснээр энэ эх үүсвэрийг орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрт нэмэгдүүлж ашиглахаар болсон юм.  

Ингэснээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллах боломж бүрдэж, Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болон үржиж, хүлээлгэд байсан 10,000 айл өрхөд орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломж нээгдээд буй. Түүнчлэн Үндэсний орон сууцжуулалтын хууль батлагдсанаар улс даяар орон сууцжуулах хөдөлгөөн өрнөх боломж ийнхүү бүрдэж байна гэдгийг өнгөрсөн тавдугаар сард болсон Хуримтлалын сангийн нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байв.
Хуримтлалын сангийн эрүүл мэнд, боловсролын хуримтлалын хэсэг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс буюу шинэ төсвийн жилээс хэрэгжиж эхэлнэ. Мөн E-Mongolia системээр дамжиж иргэн бүхэнд Хуримтлалын сангийн хэрэглэгч болох эрх нээгдэнэ. Ийнхүү баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийнхаа үр шимийг хүртэж, орон сууцны ипотекийн зээл авах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээндээ ашиглах боломжтой болох нь.

Үндэсний баялгийн сан бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай хийсэн тэмцэл, баялгийн реформын төлөөх санаачилгын үр дүн юм. Тухайлбал, Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор ,

·ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2023 онд анх удаагаа 5,875 ам.долларт хүрсэн.
·Валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл анх удаа 1.5 тэрбум ам.доллараар давлаа.  
·Эдийн засгийн өсөлт цар тахлын үед -4.6% байсан бол долоон хувь хүртэл өссөн.
·Хөгжлийн банкны бондуудыг өөрийн эх үүсвэрээр төлж, болзошгүй дампуурлаас гарсан. 

Авлига, албан тушаалын гэмт хэрэг, далд эдийн засагтай шийдвэртэй тэмцээгүй бол макро эдийн засгийн эдгээр эерэг үзүүлэлтүүд гарахгүй байв. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчим, нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас бий болсон үр өгөөжийг өнөө ба хойч үеийн иргэн бүрд тэнцвэртэй хуваарилах үзэл санааны суурийг илүү тодорхой болгон баталгаажуулсан. Ийнхүү “Үндэсний баялгийн сан” хэмээх Үндсэн хуулийн шинэ ойлголт бий болж, түүнийг хэрхэн бүрдүүлэх, хуваарилах, удирдах болон эдгээртэй холбоотой бусад нарийвчилсан харилцааг зохицуулах зайлшгүй шаардлага бий болсон юм. 

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны анхдугаар хуралдаан. 2024.11.19

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...

“Марко Поло, Хубилай хаан, Монголчууд” тусгай үзэсгэлэн нээгдлээ

“Марко Поло, Хубилай хаан, Монголчууд” тусгай үзэсгэлэн "Чингис хаан"...