Thursday, November 21, 2024

“Марко Поло, Хубилай хаан, Монголчууд” тусгай үзэсгэлэн нээгдлээ

Date:

“Марко Поло, Хубилай хаан, Монголчууд” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейн есдүгээр давхрын тусгай үзүүллэгийн танхимд (2024.11.15) нээлтээ хийлээ.

Aзи тив рүү жимээ гаргаж, дэлхий дахинаа нэр алдраа дуурсгасан агуу аялагчдын нэг Италийн Венец хотын худалдаачин Николло Пологийн хүү Марко Пологийн тэнгэрт дэвшсэний 700 жилийн ой тохиож буй билээ. Энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан “Чингис хаан” үндэсний музей, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Итали Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Венецийн их сургуулийн монгол хэлний багш, монголч эрдэмтэн профессор Элизабетта Рагагнин хамтран “Марко Поло”-ийн амьдралын түүхийг өгүүлсэн тусгай үзэсгэлэнг зохион байгуулж, түмэн олондоо дэлгэн үзүүлж байна.

Агуу аялагч Марко Пологийн төрөлх нутаг нь Венеци, Венециэс гарч Хубилай хааны дэргэд хамт байж 1272-1289 онуудад 17 жил алба хааж, түүний итгэлт элч төлөөлөгчөөр ажилласан түүхтэй. Ийнхүү элч төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тухайн үеийн бүрэлдэхүүн улсууд болох Юань улсын олон муж улсуудын нутаг нутгийн хүн ардын аж амьдрал, зан заншил, ёс суртахуун, шашин шүтлэгийн талаар тэмдэглэж үлдээсэн бичвэр нь эдүгээ газар зүй, түүх судлал, хүн судлал, угсаатан зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдэхүүн болсоор байна.

Үзэсгэлэнг нээж, “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун монголчуудын түүхийг дэлхий дахинд ялангуяа Европид их хүчтэй түгээсэн хүн бол Марко Поло. Түүгээр дамжуулан ертөнцийн зүүн жигүүрт байгаа нүүдэлчин ард түмнийг мэддэг болсон гэж ярьдаг. Энэ хүний тэмдэглэл Монголын түүхийг дэлхий дахинд сурталчлах томоохон хөшүүрэг болсонтой хэн ч маргахгүй. Үзэсгэлэнгээр тэр үеийн европ жуулчны нүдэнд Монголын эзэнт гүрэн болоод Юань, монголчууд хэрхэн тусаж байсныг харуулахыг зорьсон. Монголчуудын өдөр тутмын амьдрал, шашин шүтлэг, зан үйл, ахуй амьдрал зэргийг үзэсгэлэнд тод онцлог зүйлүүд дээр тавиад дэлгэн үзүүлж байна. Тэмдэглэлийг унших нэг өөр, уншсан зүйлээ нүдээр үзээд өөрийн сэтгэгдлээ сэргээж тусгаж авах нь чухал. Чингис хааны үеийн зэр зэвсэг, дайн байлдааны үед эдэлж хэрэглэж байсан эд зүйлс өнөөдрийг хүртэл нүүдэлчдийн хэв,маяг хэрхэн хадгалагдаж үлдсэн гэдгийг Марко Пологийн тэмдэглэл ба өнөөдрийн монголчууд гэсэн дүр зургаар харуулахыг хичээсэн гэдгийг тодотгон хэллээ.

Үзэсгэлэнд нийт 100 гаруй үзмэр дэлгэгдэж байгаа бөгөөд хамгийн үнэ цэн агуулсан үзмэр нь Италийн номын санд хадгалагдаж байгаа XIV зууны үеийн Юань улсыг төвлөж зурсан 1×1 хэмжээтэй газрын зураг. Энэхүү зураг нь “Чингис хаан” үндэсний музейд үргэлжлэн хадгалагдах юм. Тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейн есдүгээр давхрын танхимд 2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2025 оны нэгдүгээр сарын 15 хүртэл хугацаанд дэлгэгдэнэ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Итали улсын Венеци хотын Марчанагийн нэрэмжит номын сангийн захирал Стефано Тровато, Итали улсын монголч эрдэмтэн профессор Элизабетта Рагагнин, Итали Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта болон бусад албаны хүмүүс оролцлоо. Ташрамд сонирхуулахад Италийн Венец хотынхны хамгийн хайртай түүхэн баатруудын нэг, агуу худалдаачин, аялагч Марко Пологийн 700 жилийн ойг тохиолдуулан Итали улсын Венеци хотын Гүнгийн ордонд 2024 оны дөрөвдүгээр сарын 6-наас есдүгээр сарын 29 хүртэл “Марко пологийн ертөнц” тусгай үзэсгэлэнг зохион байгуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...