Мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн кюүшюү башёгийн банзүкэ гарчээ. Яг одоо барилдаж буй цорын ганц их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлнэ. Түүний араас Котозакүра, Хоошорюү С.Бямбасүрэн, Оносато нарын озэки нар эрэмбэлэгдсэн байна. Сэкивакэ цолтнуудыг Киришима Б.Лхагвасүрэн тэргүүлнэ.
Энэ башёгоос онцлох бөх бол маэгаширагийн 11-т эрэмбэлэгдсэн Тамаваши Б.Мөнх-Оргил. Тэрбээр ирэх сарын башёгийн үеэр буюу арваннэгдүгээр сарын 16-нд 40 нас хүрнэ. Тамаваши Б.Мөнх-Оргил 2004 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн бөгөөд 2008 оны нэгдүгээр сард жүрёо зиндаанд дэвшиж, мөн оныхоо есдүгээр сард дээд зиндаанд хөл тавьсан юм. Түүнээс хойш дээд зиндаанд тасралтгүй барилдаж байгаа билээ. Тэрбээр 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн сүмогийн хамгийн өндөр буюу саняаку цол хүртэж байв. Б.Мөнх-Оргил 2020, 2022 онд дээд зиндаанд түрүүлснээр /35, 37 настайдаа/ эзэн хааны цомыг гардсан хамгийн ахмад бөх болсон юм. Өмнө нь Монгол Улсын гавьяат тамирчин, Кёкүтэнхо Н.Цэвэгням 37 настайдаа анхны түрүүгээ авснаар дээд амжилт тогтоож байв. Мөн тэрбээр 2004 оноос хойш сүмод тасралтгүй барилдаж байгаагаараа сүмогийн нэг рекордыг эзэмшдэг.