Японы үндэсний спортын чиг хандлагыг бүрмөсөн өөрчилсөн хүн гэгддэг экс озэки Асахикүни буюу Ошима ояката нас барсан нь сүмогийн ертөнцөд асар том гарз боллоо хэмээн Японы хэвлэлд бичиж байна. Озэки асан Асахикуни өнгөрсөн мягмар гарагт Токио хотод чихрийн шижин өвчний хүндрэлээр 77 насандаа таалал төгсчээ. Озэки цолонд хүртэл барилдахдаа Асахикүни маш ширүүн зан араншин гаргадаг бөх байжээ. Тэрбээр 1970-аад оны дундуур ид барилдаж байхдаа дайчин, гарамгай барилдааны шагнал зэрэг хэд хэдэн тусгай шагнал хүртэж байсан гэдэг.
Асахикүни жижиг биетэй байсан тул анх сүмод шинээр элсэгчдийн наад захын стандартыг хангаж чадалгүй хэд хэдэн удаа буцаж байсан аж. Тэрбээр карьерынхаа аль ч үед 120 кг-аас дээш жинтэй байгаагүй ч озэки цолонд хүрч чадсан юм. Хоккайдогийн уугуул энэ сүмоч өөрийн үеийн домогт гурван сүмоч Китаноуми, Важима, Таканохана нарт аргагүй дийлдэж, карьер нь зогссон байна.
Харин тэрбээр зодог тайлсныхаа дараа сүмод жинхэнэ өөрчлөлт хийжээ. Тэрбээр Ошима озэки нэртэй болж дэвжээ ахалж эхэлснээр 1992 онд Монгол Улсаас зургаан залууг дэвжээндээ элсүүлсэн нь монголчууд Японы үндэсний бөхөд дуулиан тарьж ноёрхох эхлэлийг тавьсан юм. 2002 оны арваннэгдүгээр сард Асашёорюү Д.Дагвадорж Монголоос анх удаа Японы эзэн хааны цомыг гардсанаас хойш эдүгээ монгол сүмочид 102 түрүү хүртээд байгаа билээ. Тиймээс Ошима оякатагийн тухай япончууд “Бүх цаг үеийн хамгийн өндөр цол хүртсэн рикиши биш байж болох ч хатуу ширүүн, тэсвэр хатуужил нь түүнийг олон хүн биширдэг, хүндэлдэг бөх болгосон юм. Түүний рингэнд хийсэн барилдаанаас илүүтэй 1992 онд гаргасан шийдвэр нь энэ спортод нөлөөлсөнтэй хэн ч маргахгүй” гэж бичиж байна.