Sunday, October 11, 2026

Явуугийн цэцэрлэгт гурван үдшийн турш яруу найргийн уншлага боллоо

Date:

Уран бүтээлийн “Цэгц аравт” нэгдлээс санаачлан дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд “Хүрээ үдэш” яруу найргийн чөлөөт уншлагыг өнгөрсөн баасан, бямба, ням гарагуудад зохион байгууллаа. Яруу найргийн уншлагад үе үеийн яруу найрагчид хүрэлцэн ирж шүлгээ уншив. Энэхүү чөлөөт уншлагад ямар нэгэн бэлтгэж төлөвлөсөн хөтөлбөр гаргаагүй бөгөөд нүсэр тайз чимэглэлгүй, цэцэрлэгт хүрээлэнгийн энгийн орчинд яруу найрагчид ямар нэгэн эрэмбэ шалгуур, ээлж дараалал, дэс дугаар харгалзалгүйгээр хэдэн ч шүлэг унших боломжийг олгосноороо онцлог байв.

Үдэш бүр 18.00-21.00 цагийн хооронд бүтэн гурван цагийн турш нээлттэй микрофон ажиллуулж давхардсан тоогоор 120 гаруй яруу найрагч шүлгээ уншсан байна. Ахмад уран бүтээлчид, Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналтан, “Болор цом”-ын эзэд шүлгээ уншсанаас гадна яруу найрагт дөнгөж хөл тавьж буй ахлах ангийн сурагчид, оюутан залуусын шүлгээ уншсан анхны тайз нь Явуугийн цэцэрлэгт хүрээлэн, “Хүрээ үдэш”-ийн нээлттэй уншлага болсон нь олзуурхууштай, бас дурсгалтай учрал тохиол байлаа.

Дуучин, гитарчин Н.Тамир, Н.Чулуунбаатар болон Монгол Улсын консерваторын залуу хөгжимчин Аззаяа, Эрхэс нар “Хүрээ үдэш”-т хөг аялгуу нэмж, Монголын урчуудын эвлэл болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, зураач М.Амархүү тод чамин хөрөг таталбар, контемпорари каллиграфчдын холбооны тэргүүн уран бичээч Э.Мягмардорж усны урсгал мэт уран бичлэгээрээ яруу найргийн уншлагад хүрэлцэн ирсэн хүмүүст гарын ур, ухааны ур, бийрийн урыг гайхуулсан юм.

Ийнхүү анх удаа хамгийн олон өдөр буюу гурван үдшийн турш үргэлжилсэн яруу найргийн уншлага олны хүлээлтэд нийцсэн урлаг, соёлын эвент болж чадлаа. Тиймээс зун, намрын улиралд амралтын өдрүүдэд Явуугийн цэцэрлэгт хүрээлэнд ийм чөлөөт уншлагыг уран зохиолын бүлгэм, дугуйлан, нэгдлүүд уламжлан зохион байгуулж байгаасай гэдэг үүднээс “Цэгц аравт” уран бүтээлийн нэгдлийнхэн шилжин явах “Хүрээ үдэш” цомыг Чингэлтэй дүүргийн удирдлагуудад гардуулан өгсөн юм. Нийслэл хотын төв, зүрх нь болсон тус дүүргийнхэн 30 жилийнхээ ойн хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн гудамж, Явуугийн цэцэрлэгт хүрээлэндээ “Хүрээ үдэш”-ийн чөлөөт уншлагыг буухиалан үргэлжүүлбээс, намар хаалтын уншлагыг нь “Цэгц аравт” нэгдлийнхэн зохион байгуулна гэдгээ тус уран бүтээлийн нэгдлийн тэргүүн, яруу найрагч О.Түвшиндэмбэрэл энэ үеэр онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...