Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд анх удаа давхар автобусууд явах гэж байна. Энэ талаар тодруулбал, Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 321 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс авто тээврийн салбарт баримтлах бодлого”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ”Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ урьдчилгаа 20 хувийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 хувийг Монгол Улсын Хөгжлийн банк болон БНХАУ-ын Хөгжлийн банкны санхүүгийн 6 жилийн хугацаат зээлийн эх үүсвэрээр хоёр давхар цахилгаан автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, 4 ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, техникийн парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг хангажээ. Эхний ээлжинд туршилтаар үйлчилгээнд явуулж эхлэх юм байна.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан хүүхдийн автобус 200 ширхэгийг оруулж ирсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 1-нээс үйлчилгээнд явж эхлэх юм байна. Ийнхүү нийтийн тээврийг төрөлжүүлж түгжрэлийг бууруулах сургуулийн, аялал жуулчлал, бизнес, ажил хэргийн гээд олон төрөлт үйлчилгээнд явах автобуснууд үйлчилгээнд гарахад бэлэн болжээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс