Коронавирусийн тархалттай холбоотойгоор дэлхийн амьд хөгжмийн тоглолтууд 2021 оны намар хүртэл зохион байгуулагдахгүй гэж мэргэжилтнүүд таамаглаад байгаа билээ. Харин коронавирусийн тархалт, хорио цээрийг үл харгалзан Данийн хоёр дахь том хот болох Орхуст амьд хөгжмийн тоглолт зохион байгуулжээ.
Сонирхолтой нь, үзэгчид автомашинаасаа гаралгүй тоглолт үзэж, тусгаарлалтын дэглэмийг зөрчөөгүй байна. Тодруулбал, Данийн уран бүтээлч Мадс Лангер 500 үзэгчтэй амьд тоглолт хийж, цоо шинэ төрлийн концертын формат санаачилсан бөгөөд “Forbes” сэтгүүлийн үзэж буйгаар ийм төрлийн тоглолт нь ойрын ирээдүйд их эрэлттэй болох гэнэ.
Тэрээр уг тоглолтыг эхлэхээс ердөө зургаан хоногийн өмнө олон нийтэд зарласан ч ердөө хэдхэн минутын дотор тасалбар зарагдаж дуусжээ. Тоглолтод зориулан тайз засаж, харин дуу хөгжмийг үзэгчдэд автомашины радиогоор дамжуулан цацсан байна. Түүнчлэн хүмүүс уран бүтээлчтэй Zoom апп ашиглан шууд холбогдох боломжтой байжээ.
“Бүх зүйл хяналтад байсан. Хүмүүс биеэ зөв зохистой авч явж, автомашинууд 30 минутын дотор л тарцгаасан” гэж цагдаагийн ажилтнууд хэлжээ. Мөн тэд хүрэлцэн ирсэн үзэгчид маш өндөр сэтгэгдэлтэй үлдсэнийг онцолсон байна.