УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар хянаж дуусчээ. Хуульд заасны дагуу нам, эвслүүд өнгөрсөн сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө баталснаар тус газарт хянуулахаар хүргүүлсэн юм. Үүний дагуу Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрийг хянаж дууссанаа мэдээллээ. Энэ удаагийн ээлжит сонгуульд оролцохоор 27 нам мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Тэдгээрийн долоо нь хуулийн шаардлага хангасан гэж үзжээ.
Энэ талаар Монгол Улсын үндэсний аудиторын орлогч О.Тэнгис “Үндэсний аудитын газраас сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргаж дууслаа. Дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нь сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөр ирүүлсэн. Эдгээрээс 12 нь дөрвөн эвсэл болж байгаа бол 15 нам нь дангаараа бие даан сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Эдгээр мөрийн хөтөлбөр нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.3-т заасан эд мөнгө амлахгүй, үнэгүй, хямдруулсан үйлчилгээ үзүүлэхгүй, улс орон нутгийн төсвийг бусдад хандивлахгүй, уул уурхайн салбарын орлогыг хишиг хувь болгон олгохгүй байх гэж заасан. Мөн нам, эвслийн мөрийн хөтөлбөрт заасан төслүүдийн эх үүсвэр төсвийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх гэсэн хуулийн заалтад нийцсэн эсэхийг шалгалаа. Энэхүү аудитыг хийх явцад 19 мөрийн хөтөлбөрөөс долоон намын мөрийн хөтөлбөр хуульд нийцэж байна. Бусад 12 мөрийн хөтөлбөр буюу улс төрийн 20 намд хамаарах мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй. Тиймээс буцааж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.9-д Үндэсний аудитын газраас тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг шаардлага хангаагүй гэж буцаасан тохиолдолд засуулах боломжтой байдаг. Тиймээс нам, эвслүүд тав хоногт багтаан мөрийн хөтөлбөрөө засах буюу хуульд нийцүүлэн ирүүлэх боломжтой” гэдгийг хэллээ.
Үндэсний аудитын газрын хянаснаар Зон олны нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Дэлхийн монголчуудын нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орон нам, Ард түмний олонхын засаглал нам, Ард түмний намын мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангасан гэж үзжээ.