Улсын онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсчээ. Мэдээллийн дараа УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин дараах мэдээллийг хийлээ.
-Эх орондоо ирье гэсэн хүсэлт гаргасан 6100 хүн байгаа. Тэдгээр иргэд маань нийт 47 оронд амьдарч байна. Тэнд нөхцөл хүнд, ажилгүй, байрнаасаа гарахгүй хөл хориотой, ялангуяа азиудыг ялгаварлан гадуурхах явдал асар хүчтэй байгаа. Манай улс нислэг хийх гэрээтэй орнууд руугаа л нислэг үйлдэнэ. Жишээ нь, АНУ Канад руу нислэг хийх боломжгүй. Зарим улс орох, гарах бүх хөдөлгөөнөө бүрэн хаасан. Дөрөвдүгээр сарын 8-нд БНСУ руу нислэг хийнэ. Тусгай үүргийн онгоц ойр ойрхон нислэг хийх боломж хязгаарлагдмал байна. Нисэх баг цөөн, нисгэгчид иргэдийн адил тусгаарлалтад ордог тул ийн хязгаарлагдмал нөхцөл байдал үүсээд байна.
УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу гадаадаас ирж буй иргэд коронавирусийн шинжилгээг аль болох хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. БНСУ-аас ирэх иргэд шинжилгээгээ хийлгэсэн байх боломжтой. Харин Японд шинжилгээ хийх боломжгүй. Өөрсдийн оношлуурыг аваачаад онгоцонд орох үед нь оношилъё гэхэд татгалзаж оношлуурыг хилээрээ оруулахгүй гэсэн. Тэгвэл оношлуур өгөөч, бид худалдаж аваад иргэдээ оношлоод онгоцондоо оруулъя гэсэн санал тавьсанд татгалзсан. Япон дахь ЭСЯ дээрээ оношлох боломжгүй гэсэн. Тиймээс Токиогоос ирж байгаа 266 зорчигч оношилгоо хийлгээгүй ирж байгаа. Тэдэн дотор 56 хүн АНУ-аас дамжин ирж байгаа, мөн Европоос ирж байгаа хүн ч олон байгаа. Дамжин ирж байгаа хүмүүсийг ХӨСҮТ-д байрлуулж шинжилнэ. Цаашид гурав хоногийн дараа бусад иргэдээ оношилгоонд оруулна, нэг удаа биш хэд хэдэн удаа оношилно. Тэгж байж 21 хоногийн дараа гэрт нь гаргах эсэхийг шийднэ. Тусгаарлагдсан иргэдийг аль болох цөөнөөр нь байлгахыг хичээсэн ч гурав, дөрвөөр нэг өрөөнд орсон хүмүүс бий. Гэр бүлээрээ хамт ирсэн, эсвэл асран хамгаалагч шаардлагатай хүмүүс хамтдаа орж байгаа.