Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын харү башё өнөөдөр эхэллээ. Энэ сарын башё коронавирусийн халдвар дэгдсэний улмаас түүхэндээ анх удаа үзэгчгүйгээр зохион байгуулагдаж байгаа юм. Харү башёгийн эхний өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби Эндог хатакикоми мэхээр давав. Их аварга Какүрюү М.Ананд маэгаширагийн тэргүүн бөх Дайэйшог окуридаши мэхээр өвдөг шороодуулав. Их аваргуудын хувьд хэн хэн нь гэмтэл бэртлийн улмаас өнгөрсөн нэгдүгээр сарын башёг дундаас нь орхисон.
Дээд зиндаанд барилдаж буй цорын ганц озэки Такакейшо өнөөдөр маэгаширагийн тэргүүн бөх Такаясүг давсан байна. Дээд зиндаанд барилдаж буй монгол сүмочдын хувьд Тамаваши Б.Мөнх-Оргил энэ сард маэгаширагийн баруун жигүүрийн долоод эрэмбэлэгдсэн бөгөөд эхний өдөр Шохозаныг давжээ. Харин маэгаширагийн баруун жигүүрийн наймд эрэмбэлэгдсэн Кирибаяма Б.Лхагвасүрэн, маэгаширагийн зүүн жигүүрийн 16-д эрэмбэлэгдсэн Азүмарү С.Тодбилэг нар өвдөг шороодсон байна.