“Сайхан хоолны нэр хэл. Би савхадъя” гэж хятадууд хэлдэг юм гэнэ лээ. Түүн шиг манай эрх баригчид сонгууль бүрээр бидэнд “сайхан хоолны нэр” хэлж бид савхадсаар олон жил болж байна. Орчин үеийн хэллэгээр бол цонхны цаанаас чихэр долоолгох ч гэж үүнийг нэрлэдэг. Сонгуулиас сонгуулийн хооронд амалдаг амлалт, мөрийн хөтөлбөрүүд хэрвээ хэрэгждэг байсан бол Монгол өнөөдөр танихын аргагүй улс орон байх байлаа. Наад зах нь Улаанбаатар хот маань л гэхэд метротой болчихсон, Энхтайваны өргөн чөлөөгөөр тусгай замын автобус сүнгэнэтэл давхиж байх байжээ. Багануурт оюутны хотхон сүндэрлэчихсэн. Их, дээд сургуулиуд хотын төвөөс нүүчихсэн тул авто замын түгжрэл эрс буурсан байх байлаа.
Түүнчлэн Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал дөрвөн жилийн өмнө ашиглалтад орчихсон, жуулчлалын улирал ид эхэлж буй өдийд бол дамжин өнгөрөх болон Монголыг зорин ирэх олон улсын нислэгүүд минут татамд шахуу бууж байх байжээ. Том том үйлдвэрүүд, аж үйлдвэр, технологийн паркууд эхнээсээ ашиглалтад орчихсон, эдийн засагт асар том дэм нөлөө үзүүлж байх байж.
Хий хоосон мөрөөдөл, амлалт биш мөрийн хөтөлбөр болж цаасан дээр буусан, шаваа тавьж туузаа хайчилсан, ашиглалтын өмнөх захиргаа нь хүртэл байгуулагдан ажиллаж эхэлсэн бүтээн байгуулалтууд өнөөдөр сураггүй. Төлөвлөж товлосон хугацаа нь хэдийнэ өнгөрсөн ч зарим нь бүр ганц ч хадаас хадаагүй хэвээр. Зарим бүтээн байгуулалт нь эхлэлгүй байсаар цаасан дээрээ өтөлжээ. Энэ бол улстөрчдийн хэт популист хандлагаас болж төрийн бодлогын залгамж халаа алдагдсаных. Намчирхаж, талцан нэгнийхээ хийж буй ажлыг нурааж, үгүйсгэж ирснийх. Амин хувийн жижигхэн ашиг сонирхолоос болж улс орны хэмжээний том бүтээн байгуулалтуудыг чөдөрлөж, дөнгөлснийх.
Ингээд бүтээгүй бүтээн байгуулалт буюу тууз хайчилсан мөрөөдлүүдийг эргэн сануулъя.
-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал-
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй энэхүү олон улсын нисэх буудал анхны төлөвлөгөө, графикийн дагуу бол хоёр жилийн өмнө буюу 2017 онд нээгдэх төлөвлөгөөтэй байв.
Энэхүү олон улсын нисэх буудлын тухай яриа хэлэлцээ 2000-аад оны эхнээс эхэлсэн. Тухайлбал, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА өөрийн зардлаар техник эдийн засгийн үндэслэл судалгааг 2006 оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн байдаг. Харин 2008 оны тавдугаар сарын 29-ний өдөр УИХ-аас соёрхон баталж, тухайн оны наймдугаар сарын 22-ны өдрөөс Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкнаас авах энэхүү Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болжээ. Тухайн онд Монгол Улсын Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг шийдэх ажил удааширснаас болж төслийн эхний гол ажил болох зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг шалгаруулах ажил эхлээгүй учир төслийг хэрэгжүүлэх ажил нэг жилээр хойшилж хугацаа алдсан байдаг. Түүнээс хойш арван жилд таван Засгийн газар солигдож, тэр тоолон Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудлын ажил цалгардаж байв. Уг нь 2016 онд ашиглалтад орох байсан энэхүү бүтээн байгуулалт энэ жил иж бүрэн ашиглалтад орохоор болоод буй.
-Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолбор-
Мөн л 10 гаруй жилийн өмнөөс сураг нь дуулдаж дуншиж эхэлсэн бүтээн байгуулалт. Дорноговь аймгийн Сайншанд суманд Хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар төлөвлөж байна гэдэг мэдээ 2010 онд илүү үнэмшилтэй, баримт нотолгоо, төлөвлөгөө, төсөвтэй дуулдах болсон. Хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулснаар үндэсний нийт бүтээгдэхүүн 12,4 тэрбум доллараар нэмэгдэн 396 мянган ажлын байр нэмэгдэнэ гэж тухайн үед бичиж байв. Цогцолбор байгуулагдсанаар үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдал улам баталгаажиж, ажлын байр олноор бий болон хүн амын бодит орлого нэмэгдэж, хүнд аж үйлдвэрийн салбар хөгжих үндэс болох тухай эрх баригчид олонтаа ярьсан. Сайншандад хүнд аж үйлдвэрийн цогцолбор барьснаар улс төрийн намуудаас тухайн үед сонгуулиар дэвшүүлсэн ашигт малтмалын орлогоос ард түмэндээ хүртээх зорилт биелэх боломж бүрдэнэ ч гэж ухуулж, сурталчилж байсан билээ.
Хүнд аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд зэс, төмрийн хүдэр, ган хайлуулах, газрын тос боловсруулах, кокс, цементын үйлдвэр, цахилгаан станц, төмөр замын терминал, орон сууцны хороолол барьж Улаанбаатар хотын авто зам, Монгол Улсын авто замын сүлжээг хөгжүүлэхээр төлөвлөж байв. Мөн цогцолборыг дагасан хөнгөн үйлдвэр, боловсрол, соёл, шинжлэх ухаан, худалдаа, үйлчилгээний төв гээд 200 гаруй төрлийн бизнес хөгжинө гэж тооцоолж байжээ. Энэ бүсэд баригдах шинэ цахилгаан станц гэхэд л төмөр замыг эрчим хүчээр иж бүрэн хангаж, төмөр замын тээврийн өртөг буурч, экспортын орлого эрс нэмэгдэн валютын нөөц ихсэх боломжтой гэж тухайн үед мэдээлж байлаа.
Хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах тухай УИХ-ын шийдвэр гарсанаар техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээ хийлгэх, төслийн эрх зүйн орчин бүрдүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг эцэслэн шийдэх, барилгын ажлыг эхлэх, түүхий эдийг экспортлож эхлэх, цогцолбор ажлаа эхлэх гэсэн үе шаттайгаар 2009- 2012 онд бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан юм.
Харамсалтай нь энэхүү хүнд үйлдвэрийн цогцолбор 2012 ондоо баригдах байтугай өнөөдөр ч сураггүй. Харин жилийн өмнө 2018 оны тавдугаар сарын 08-нд МОНЦАМЭ агентлагийн сайтад “Засгийн газраас Монголын хүнд аж үйлдвэрийн анхны парк байгуулах шийдвэрийн дагуу Дорноговь аймгийн Сайншанд суманд орон нутгаас 3512 га газрыг олгосныг цуцалж буй талаар тавдугаар сарын 07-нд болсон аймгийн ИТХ-ын хуралдааны үеэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээллээ.
Учир нь тусгай хэрэгцээнд авсан газарт өдийг хүртэл ямар нэгэн үйлдвэр бариагүй төдийгүй аж үйлдвэрийн парк байгуулах судалгаа хийсэн ч үр дүнгүй болсон аж. Тиймээс Сайншандын өмнө зүгт буй дээрх газрыг тусгай хэрэгцээнээс гаргаж Сайншандын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж иргэдэд өмчлүүлэхээр болжээ.Дээрх тусгай хэрэгцээний газарт Засгийн газраас 14 тэрбум төгрөг гаргаж геологи, ус, суурьшлын бүсийн судалгааг мэргэжлийн компаниудаар хийлгэж байсан юм” хэмээсэн мэдээ нийтлэгджээ. Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолборын тухай хайлт ийнхүү дээрх таагүй илэрцээр төгсгөл болж байна.
-Тусгай замын автобус-
Нийтийн тээврийн салбарт “Тусгай замын автобусны төсөл”-ийг Азийн Хөгжлийн банкаар дамжуулан БНХАУ-ын техникийн туслалцаатай хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд хотын босоо тэнхлэгт нийт 42.5 км зам барьж байгуулах тухай холбогдох байгууллагууд мэдэгдэж байв. Мөн 57 км зам засварлах, 10 уулзварт өргөтгөл хийхээс гадна тусгай замын 146 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд зорчуулах тухай мэдээлж байжээ. Энэхүү төсөл 2020 он хүртэл хэрэгжих төлөвлөгөөтэй энэ төслийн ажлын 2012 оноос эхлүүлсэн боловч өнөөдөр нүдэнд харагдаж гарт баригдах бүтээн байгуулалт хийгдээгүй л байгаа. Долоон жил өнгөрөхөд хүрз шороо ч асгаагүй байж үлдсэн жил гаруйн хугацаанд тусгай замын автобус явдаг болгоно гэхэд итгэхэд бэрх.
Уг нь нийслэлийн удирдлагууд Азийн хөгжлийн банктай хамтран энэ төслийг эхлүүлэхээр 2012 оноос хойш бэлтгэл ажлыг хийсэн юм билээ. Төслийн хүрээнд техник, эдийн засгийн үндэслэлээ ч боловсруулсан аж. Эхний ээлжид Нисэхээс Энхтайвны гүүр, III, IV хорооллын эцсээс Таван шар хүртэл замд энэхүү системийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн юм билээ.
2012 оны дөрөвдүгээр сард УИХ-ын Байнгын хороогоор энэ төслийг хэлэлцсэн ч өрийн асуудал, Засгийн газар солигдсонтой холбоотой зогсонги байдалд орсон аж. BRT буюу тусгай замын автобус хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх нэгж 2017 оны тавдугаар сард байгуулагдсан ч өнөөдрийг хүртэлх хугацаанд төслөөс хийсэн ажил нэг ч байхгүй гэдгийг хотын хариуцлагатай албан тушаалтнууд мэдэгдсэн. Түүнчлэн энэхү төслийг эхлүүлж 270 сая ам.долларын зээлийн эрх нээлгэсэн ч ажлаа эхлээгүй, зээлийн хүү төлсөөр байгаа, мөн уг төслийн ажилчид нь өнгөрсөн онд 400 мянган ам.доллар цалинд авсан мэдээлэл бий.
-Метро-
Нийслэлийн засаг даргын 2009- 2012 оны мөрийн хөтөлбөрт метроны техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зорилт туссан байв. Тиймээс ажлын алба нь 2017-2020 оны хооронд метрог ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөө гаргаж олон нийтэд мэдээлсэн юм. Хэрэв метро ашиглалтад орвол замын түгжрэл 40 хувиар буурна гэсэн судалгаа гарсан аж. Уг ажлын хүрээнд 2011 онд метроны техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан гэдэг мэдээлэл бий.
Улаанбаатар хотод хөндлөн босоо гэсэн хоёр шугам барихаар төлөвлөсөн бөгөөд хөндлөн шугам нь нийслэлийн баруун талын 22-ын товчооноос Амгалан хүрэх 28.3 км замд байх бол босоо чиглэл нь 17 дугаар сургуулийн орчмоос Ногоон нуур, МУИС, Чингисийн өргөн чөлөөгөөр дайрч Энхтайваны гүүр давж Нисэх хүрэх шугам 21.3 км замд метро тавихаар төлөвлөж байв. Метроны замыг хотын төвөөр газар доогуур 20 метрын гүнд, хотын захаар газар дээгүүр буюу гүүрэн хэлбэрээр ил байхаар төлөвлөсөн бөгөөд барилгын ажил эхэлчихвэл дөрвөөс таван жилийн дотор барьж дуусгана. Хөрөнгө санхүүгийн хувьд таван их наяд буюу 4.5 тэрбум ам.долларын тооцоо гарсан гэдэг мэдээллийг тухайн үед эрх бүхий албан тушаалтнууд ярьж байжээ.
Цаашилбал 800-1000 метрийн зайтай метроны буудал барихаар төлөвлөсөн бөгөөд нэг чиглэлд цагт 15-25 мянган зорчигч тээвэрлэнэ гэж албаны хүмүүс барин тавин ярьж, нийслэлчүүд бид бараг л метро зүүдэлж сэрдэг болоод байсан цаг бий. 2011 онд Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Лхагва-Очир метроны тухай бүр тодорхой мэдээллийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсныг зах зухаас нь сонирхуулбаас, тэрээр
“2010 онд метроны ажлын ТЭЗY боловсруулах тендер зарласан, тендерт Солонгос улсын “Soosong ingenering”, “Soul metro” гэсэн 2 компани хамтарсан маягаар 2010 оны 8-р сараас гэрээ байгуулаад 2010 оны 12-р сард багтаагаад тайлангаа урьдчилсан байдлаар өгөөд байна. ТЭЗY боловсруулж байгаа ажлын хvрээнд 5 их наяд буюу 4.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар нэг ба хоёрдугаар шугамыг байгуулах урьдчилсан тооцоо гарсан. ТЭЗY батлагдсаны дараа төслийн болон дараагийн шатны ажлууд хийгдэх юм. 2017 он гэхэд бариад ашиглалтад оруулах төлөвлөгөө судалгааны түвшиндээ гарсан” хэмээн ярьж байжээ.
-Оюутны хотхон
Засгийн газар 2010 оны зургадугаар сард ШУТИС-ийн оюутны хотхоныг нийслэлийн Налайх дүүргийн Шивэртийн хөндийд байгуулах шийдвэрийг гаргажээ. Мөн тус хотхоныг дагалдуулан Мэдээлэл технологийн хотхоныг барихаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн их, дээд сургуулийг нийслэлээс зайдуу байршуулж, хүн амын төвлөрлийг сааруулах том бодлогын эхлэл тавигдаж буй гэж тухайн үед албан мэдээндээ онцолж байв. Төрийн өмчит сургуулийн оюутны хотхон байршуулах газрын асуудлыг хот төлөвлөлттэй уялдуулан улмаар шийдвэрлэнэ. Харин хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын хувьд хоорондоо нэгдэж, 5000-10000 оюутантай болсон тохиолдолд оюутны хотхон байгуулах газрын асуудлыг шийдвэрлэж өгч байхаар болсон гэдгийг тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр сэтгүүлчдэд мэдээлж байжээ.
Түүнээс хойш оюутны хотхон барина гэдэг яриа улстөрчдийн амнаас салахаа байсан юм. Налайхын Шивээтийн хөндийд хотхоныг барина гэж байсан ч судалгаа, шинжилгээний явцад дахин гурван газарт барьж болохыг тогтоож Шивээтийн хөндий, Багануурын Хүрэмтийн хөндий, Хөшигтийн хөндий, Хоолтын хөндий гэсэн дөрвөн газарт судалгаа шинжилгээ хийж байжээ.
Энэхүү оюутны хотхон барьж байгуулахад 16-18 их наяд шаардлагатай гэдэг мөнгөн дүн гарсан удаатай. Шинээр баригдах хотхон нь Эрдэнэт, Дархан хотыг нийлүүлснээс ч олон хүн суурьших төлөвтэй бөгөөд ойролцоогоор 150 мянган оюутан тэнд сурч, амьдрахаас гадна худалдаа, үйчилгээний ажилтнууд, эрдэмтэн, багш нар гээд нэмбэл чамгүй тоо гарна гэж тооцож байжээ. Ашиглалтын өмнөх захиргаа нь байгуулагдан ажиллаад эхэлчихсэн, судалгааны ажилд хэдэн зуун сая төгрөг зарцуулчихсан, тиймээс үе үеийн боловсролын сайд нар олон нийтэд ярьдаг Оюутны хотхон гэдэг бэлэн сэдэв ийнхүү бий болсон билээ.
Оюутны нэгдсэн хотхон барьж байгуулаад их дээд сургуулиудыг хотоос гаргачих юм бол авто замын түгжрэлээс эхлээд олон хүндрэл давхар шийдэгдэх учир олон нийт үүнд ихээхэн анхаарал хандуулж байв. Харин Оюутны хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ц.Энхболд 2011 оны арваннэгдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид ерөнхий төлөвлөгөөний тайланг аль долдугаар сард Хотын хөгжлийн бодлогын зөвлөлд өгсөн, одоо хүртэл хариу алга. Дээрээс нь их юм мэддэг дарга нар нь хийсэн тайланг тэр нь болохгүй байна зас, энэ нь болохгүй байна хас гээд үүрэгдээд байдаг. Яг үнэнийг хэлэхэд энэ төрийн албаны хүнд суртал, судалгааны ажлыг удаашруулж байгаа. Дээрээс нь манай байгууллагыг чичлэх дарга нар олон. Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд гээд. Гэтэл төрийн ажил хүнд сурталтай байгааг тэд ойлгодоггүй” ярьж байжээ. Эндээс харахад энэ бүтээн байгуулалтын ажил ямар шалтаг, шалтгаанаар гацаанд орсон нь тодорхой.
Уг нь их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааныхан 2013 оноос эхний хоёр сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ мэдэгдэж байсан ч ажил хэрэг болоогүй. Хэрвээ энэхүү оюутны хотхоны бүтээн байгуулалт эхэлсэн бол гадаадаас ч хөрөнгө оруулалт орж ирэх боломжууд нээлттэй байсан гэдэг. Тухайлбал БНХАУ уг хотхонд хөрөнгө оруулалт хийх талаар урьдчилсан байдлаар ярьж, мөн зарим нэг сургуулийг Энэтхэг, оюутны хотхоны номын санг барьж байгуулахад БНСУ-ын тал хөрөнгө оруулъя гэдгээ Засгийн газарт мэдэгдэж байжээ.
Манай улстөрчид хүнд суртал, хувийн ашиг сонирхол энэ тэрхэнээ хойш тавиад УИХ, Засгийн газар дээрээ энэхүү бүтээн байгуулалтын ажлыг даацтайхан ярилцаад шийдвэрээ гаргаад явуулчихсан бол өдийд Багануур, Налайх дүүргийн аль нэгт Оюутны нэгдсэн хотхон байгуулагдчихсан байх байв.
Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг шиг эрх баригчид, улстөрчид хийгээгүй бүтээн байгуулалтаа хэт дөвийлгөн сурталчилж, олон нийтээс нэмэх оноо цуглуулах атлаа амьдрал дээр эсрэгээр нь ажиллаж, бүтээн байгуулах биш бүтээхгүй байх шалтгаан нь өөрсдөө болсон жишээ энэ мэт цааш үргэлжилнэ
Сэтгүүлч Г.Сонинбаяр
Эх сурвалж: www.eagle.mn