Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хийсэн мэдээлэлдээ “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 11.800 хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнээс халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд бүгд нийслэлд бүртгэгдсэн. Үүний тав нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс, нэг нь Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн хүнээс илэрсэн байна. Баянзүрхийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүн, хоёр сахиураас халдвар илэрсэн. Харин нэг ар гэрийн хавьтал байна. Ингээд Улаанбаатарын голомтод халдварын нийт тохиолдол 279 боллоо” гэлээ.
Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Архангай аймагт халдвар нэмж илрээгүй байна. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1069 болсон бөгөөд үүнээс 584 хүн эдгэрчээ. Өнөөдөр 43 хүн эдгэрч гэртээ гарсан байна.