Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор Сүүний урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу 8 үйлдвэрт 2020 оны арваннэгдүгээр сард 1,939,944 литр чанарын шаардлага хангасан сүү бэлтгэн нийлүүлсэн байна. Шаардлагатай бичиг баримт бүрдүүлсэн 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд анх удаа 969,972,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож дуусчээ.
Хөдөө аж ахуйн нэг гол бүтээгдэхүүн сүүний хувьд манай улс дотооддоо үйлдвэрийн аргаар жилд нийт 117.4 сая литр сүү үйлдвэрлэдэг. Үүн дээр импортоор жил бүр 5 мянган тонн хуурай сүү авч хэрэглэдэг байна. Иргэдийнхээ өвлийн хэрэгцээнд зориулж импортолдог энэхүү хуурай сүүг шингэн сүүнд шилжүүлбэл 47.1 сая литр сүү импортоор авч байгаа гэж хэлж болно. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж өргөжүүлснээр дотооддоо үйлдвэрийн аргаар боловсруулж буй сүүний хэмжээг 200 саяд хүргэчих юм бол импортоор хуурай сүү авах шаардлагагүй болно. Ийм зорилгоор Засгийн газраас сүүний урамшууллыг олгох шийдвэр гаргасан ажээ. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 01 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн өвлийн хэрэгцээд сүү нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд урамшуулал олгож байх юм.