Монгол Улсын нийт экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. 2019 оны байдлаар уул уурхайн салбар ДНБий 25, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувийг тус тус бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засаг уул уурхайгаас хараат гэсэн үг. Энэ байдлыг өөрчлөхийн тулд хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөг өсгөж, мал аж ахуй болон газар тариалангийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ёстой. Тиймээс Засгийн газар ирэх дөрвөн жилд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлд хэд хэдэн томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Энэхүү зорилтоо “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ” хэмээн мөрийн хөтөлбөртөө томьёолжээ.Энэ чиглэлийн бодлогыг “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аян, “Монгол мал” хөтөлбөр болон салбарын үйлдвэрлэл гэсэн үндсэн гурван хэсэгт хуваан авч үзэж болно. “Атар-4” аяны хүрээнд 941.3 тэрбум, “Монгол мал” хөтөлбөрт 997.9 тэрбум, салбар дундын үйлдвэрлэлд 399.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ нь нийт 2.3 их наяд төгрөг буюу 820.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийнэ гэсэн үг юм. Энэхүү төлөвлөсөн аян, хөтөлбөрүүдээ бүрэн хэрэгжүүлж чадвал монголчууд бид ирэх жилүүдэд дотоодынхоо хүнсний хангамжийг өөрсдөө бүрдүүлэхээс гадна илүү гарсныгаа экспортолж, ашиг олох боломжтой болно. Тэгж гэмээнэ уул уурхайгаас гадна эдийн засгийн нэг том тулгуур бий болох юм.
Юуны өмнө хүн амын хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах нь Засгийн газрын эн тэргүүний зорилт. Түүнчлэн хүнсний хангамж, хүртээмж, аюулгүй байдал, шим тэжээлийн асуудал ч үүнд багтана. Эдгээрээс хүнсний хүртээмжийг ХНХЯ, шим тэжээлийн асуудлыг ЭМЯ, хүнсний аюулгүй байдлыг МХЕГ хариуцах ёстой.Харин хүнсний хангамжийг ХХААХҮЯ хариуцдаг. Тус яамны хувьд хүнсний хангамжийн иж бүрэн тогтолцоог бүрдүүлэхийн тулд юуны түрүүнд дараах гурван хүчин зүйлийг онцолж авч үздэг байна. Үүнд, бэлтгэл үе шат, хүнсний үйлдвэрлэл, хурааж, ангилж хадгалах. Энэхүү харилцан уялдаа холбоотой үйл ажиллагааг зөв зохион байгуулж чадвал хүнсний хангамжийн баталгаат байдал дээр ХХААХҮЯ-ны үүрэг оролцоо хангагдана.
МАХАА ЭКСПОРТОЛЖ, СҮҮНИЙ ИМПОРТЫГ БУУРУУЛНА
Засгийн газар, салбарын яамнаас баримталж буй бодлогыг тоймловол, үндсэн гол нэрийн хүнсний 13 бүтээгдэхүүний 10- ыг нь дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлээд буй.Үүнээс нэгдүгээрт махны хангамжийг онцлох ёстой. Манай улс жилд 449.3 мянган тонн мах үйлдвэрлэж, хэрэглээнд нийлүүлдэг. Өнгөрсөн жилийн түвшинд авч үзвэл, 58.6 мянган тонн мах экспортолж, 134.7 сая ам.долларын ашиг олсон байна. Цаашид ирэх дөрвөн жилд махны экспортыг нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа юм. Тодруулбал, жилд 150 мянган тонн мах экспортолж, 506.8 сая ам.долларын ашиг олно гэж тооцоолсон байна. Энэ нь хонин толгойд шилжүүлбэл жилд 8.3 сая хонины мах экспортолно гэсэн үг. Хөдөө аж ахуйн нэг гол бүтээгдэхүүн сүүний хувьд манай улс дотооддоо үйлдвэрийн аргаар жилд нийт 117.4 сая литр сүү үйлдвэрлэдэг. Үүн дээр импортоор жил бүр таван мянган тонн хуурай сүү авч хэрэглэдэг байна. Иргэдийнхээ өвлийн хэрэгцээнд зориулж импортолдог энэхүү хуурай сүүг шингэн сүүнд шилжүүлбэл 47.1 сая литр сүү импортоор авч байгаа гэж хэлж болно. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж өргөжүүлснээр үйлдвэрийн аргаар боловсруулж буй сүүний хэмжээг 200 саяд хүргэчих юм бол импортоор хуурай сүү авах шаардлагагүй болно. Ийм зорилгоор Засгийн газраас сүүний урамшууллыг олгож байгаа. Энэ нь арваннэгдүгээр сарын 01-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 01 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн өвлийн хэрэгцээнд сүү нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд олгох урамшуулал юм. Өндөг бол мах, сүүний дараа орох гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн. Манай улсын өндөгний жилийн хэрэгцээ 360 сая ширхгээр тоологдоно. 2020 оны статистикаас харахад дотооддоо 178 сая ширхгийг үйлдвэрлэж, импортоор 160.8 сая ширхэг өндөг аваад байгаа аж. Импорт бараг 50 хувьтай байгаа ч цаашид өндөгний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах бүрэн боломжтой гэж салбарын яам үзэж буй юм. Ингэхийн тулд шувууны аж ахуй эрхлэгчдэд тэжээлийн үйлдвэрлэл, борлуулалт, импорт дээр нь хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай. Тухайлбал, шувууны аж ахуйнуудын гол тэжээл болох улаанбуудайнд нь урамшуулал олгочихвол маш том дэмжлэг болох юм. Энэ мэт бодлогын дэмжлэг хэрэгжүүлснээр хүн амын өндөгний хэрэгцээг дотооддоо 90 хувь хангах бололцоотой. Үүнийг 100 хувь гэж тооцоолоогүйн учир нь, манай улс Дэлхийн худалдааны гишүүн учир энэ төрлийн бүтээгдэхүүний импортыг бүрэн хааж, хориглож болдоггүй аж.
ГУРИЛЫН ЭКСПОРТОД “НОГООН ГЭРЭЛ” АСАВ
Улсын хэмжээнд жилд 225 мянган тонн гурил хэрэглэдэг. Манай тариаланчид дотоодын гурилын хэрэгцээний 97-98 хувийг хангаж байгаа. Тиймээс ирэх дөрвөн жилд гурилаа экспортлох тухай ярих боломжтой. Энэ талаар салбарын яамны бодлого ч бий. Тодруулбал, жилд хамгийн багадаа 50 мянган тонн гурил экспортлох, улмаар гурилын экспортын хэмжээг 200 мянган тонн хүргэж,үүнээс 137.1 сая долларын ашиг олох тооцоо хийгээд байгаа ажээ. Энэ бол бүрэн боломжтой судалгаа, үндэслэлтэй тоо юм. Гурил импортлох асуудлаар хөрш улс орнуудтайгаа Засгийн газрын түвшинд ярьж байгаа гэрээ, хэлцэл ч бий. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн есдүгээр сард манай улсад айлчлах үеэрээ Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Протокол гэсэн баримт бичигт гарын үсэг зурсан. Ийнхүү манай улс өмнөд хөрш рүү хөх тариа, улаанбуудайн гурилыг экспортлоход саадгүй болсон. Өөрөөр хэлбэл, гурилын экспортод “ногоон гэрэл” асаж, гурилын экспортоос мөнгө олох боломж бүрдээд байгаа юм. Харин одоо тариаланчдын хувьд нэг га талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх том зорилт тулгарч байна. Улсын дунджаар га-гаас 13 центнер үр тариа хурааж байгааг 16-17 центнер болгочих юм бол гурилаа экспортолж, ашиг олоход дөхөм болно. Тиймээс ирэх хаврын тариалалтыг арай өөр байдлаар хийхээс бүх юм эхэлнэ гэдэг нь тодорхой. Өөрөөр хэлбэл, яг тариа тарьж байгаа хүмүүст нь дэмжлэг үзүүлэх, уг дэмжлэг нь бодитой, үр дүнтэй байх ёстой.
УРГАМЛЫН ТОСНЫ ХЭРЭГЦЭЭГЭЭ ДОТООДДОО ХАНГАХ БОЛОМЖТОЙ
Дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа бүтээгдэхүүн бол төмс. Энэ жилийн ургацын урьдчилсан төлөв байдлаар 192.2 мянган тонн төмс хураан авч, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад байна. Цаашид 2024 он гэхэд жилд дотоодын хэрэгцээнээс илүү гарсан 40-50 мянган тонн төмсийг экспортолж, 8.4 сая ам.долларын ашиг олох боломжтой гэж тооцоолжээ.Өнгөрсөн хавар төмсний тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор үр тарианы компаниудын өнжиж байгаа талбайд сэлгэж төмс тарьсан байна. Төмс хөрсийг азотоор маш баяжуулж байдаг учир сэлгээнд оруулах бололцоотой байдгаараа давуу юм. Төмсийг монголчууд сайн тарьж чаддаг. Тиймээс ирэх дөрвөн жилд 40 мянган тонн төмс экспортолно гэж тооцож байгаа аж. Хураасан төмсөө шууд экспортлохоос гадна цардуул болгон боловсруулж экспортлох бүрэн боломжтой. Сэлэнгэ,Төв аймгуудад цардуулын үйлдвэр барихаар хөрөнгө оруулалтыг нь хөөцөлдөж байгаа юм билээ. Цардуулын үйлдвэрт төмсийг хаягдал, том, жижиг, муудсан гэхгүй бүгдийг нь ашигладгаараа онцлог юм байна. Ийнхүү төмсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж илүү гарсныг нь экспортод гаргаж, чамгүй орлого олно гэж харж байгаа ажээ. Хүнсний ногооны хувьд улсын хэмжээнд жилдээ 99.5 мянган тонн ургац авч, дотоодын хэрэгцээнийхээ 56 хувийг хангаж байгаа аж. Үүнээс лууван, манжингийн хэрэгцээг 100 хувь, сонгинын 64.5 хувийг хангаж байгаа. Харин байцааны хэрэгцээний 54.3 хувь, саримсны 26 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг. Байцаа, сонгино, саримс хадгалалтын горим их шаарддаг бөгөөд агуулахын багтаамж, хүрэлцээ хангалтгүйгээс нийт ургацынхаа 60 хувийг л хадгалдаг нь хамгийн том сул тал юм. Автоматжсан зоорь байхгүй тул амархан мууддаг нарийн ногооны хангамж бага байдаг. Энэ байдлыг өөрчлөхийн тулд хүнсний ногооны агуулахын төвлөрсөн сүлжээ бий болгох талаар яригдаж байгаа ажээ. Түүнчлэн манай улс таримал жимсээр дотоодын хэрэгцээнийхээ дөнгөж 1.8 хувийг л хангадаг. Цаг уурын болон бусад нөхцөл орчин эрс тэс учир жимсний аж ахуйг өргөн хүрээтэй хөгжүүлэх боломж хязгаарлагдмал. Нийт 6500 га талбайд жимс тариалдгийн 6000 га-д нь зөвхөн чацаргана тарьдаг. Бусад багахан талбайд тоор, алим, чавга тариалдаг байна. Чацаргана тариалалтаараа дэлхийд эхний нэг, хоёрдугаар байрт бичигддэг хэдий ч чацарганы тосыг л бага хэмжээгээр экспортолдог. Тэгвэл ургамлын тосны хангамжийн хувьд бараг 100 хувь импортоос хамааралтай. Гэхдээ үүнийг бүрэн өөрчлөх өөдрөг төсөөлөл, тооцоо ХХААХҮЯныханд байгаа юм билээ. Ингэж төсөөлөх үндэслэл нь манайд нэг давуу тал бий. Сэлэнгийн Баруунхараад дотоодын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай тосны үйлдвэр бий. Уг үйлдвэр жилд 100 мянган тонн рапсаар 30 мянган тонн тос үйлдвэрлээд үлдэгдэл 65- 70 хувиар нь ямар ч хаягдалгүйгээр малын тэжээл боловсруулан гаргах боломжтой юм. Эсвэл импортоор түүхий тос оруулж ирээд шахаж боловсруулан тос үйлдвэрлэх бололцоотой аж. Гагцхүү энэ үйлдвэрт тулгарч буй бэрхшээл нь эргэлтийн хөрөнгө дутагдалтай. Мөн импортын ургамлын тостой өрсөлдөхөд хүч мөхсөддөг байна. Тиймээс гаалийн татвараас чөлөөлөх гэх мэтээр бодлогоор дэмжих юм бол дотоодын хэрэгцээг бүрэн хангаад жилд 15 мянган тонн ургамлын тос экспортолж, 75 сая ам.долларын ашигтай ажиллах боломж байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Манай газар тариалангийн бүс нутгуудад тосны ургамал рапсыг нэлээд сайн тариалдаг. Гэхдээ дийлэнх иргэн, аж ахуйн нэгжийн хувьд үр нь хямд учир шар рапсыг тариалдаг байна. Үүний үр тонн нь нэг сая орчим төгрөг бол сайн чанарын хар рапсын үр нэг тонн нь 4.5-5.5 сая төгрөгийн үнэтэй байдаг. Тиймээс 4-5 дахин өндөр үнэтэй хар рапс тариалах аж ахуйн нэгж бараг байдаггүй гэнэ. Иймд тосны ургамлын тариалалтыг Засгийн газар бодлогоор дэмжих, тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан тосны ургамлын үрийг олгох юм бол ургамлын тосоо дотооддоо бүрэн хангаад зогсохгүй импортод гаргах цаг ойрхон байна.